Ж.Лхагвадэмчиг: X Богдыг тодруулснаар бид гадаад орчинд шашны зөөлөн хүчний бодлого явуулах боломжтой

2021-08-27 321 0
Shares

Аравдугаар Богдыг тодруулах эсэх дээр олон нийтийн сүлжээгээр үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл, хэрэгтэй, хэрэггүй гэсэн байр суууриуд хөврөх болсон. Тэгвэл энэ талаар МУИС Антропологи-археологийн тэнхимийн багш Ж.Лхагвадэмчиг ньюс агентлагт дэлгэрэнгүй тайлбар өгчэээ. Яагаад аравдугаар Богдыг тодруулах нь чухал вэ, ямар ач холбогдолтой вэ гэдэгт тэрбээр байр суууриа илэрхийлсэн байна.

Ж.Лхагвадэмчиг :Миний харахад гадаад болон дотоод хоёр ач холбогдол байна. Гадаад бодлогын тухайд ярихад манай зарим судлаачид бага улс том улсын бодлого явуулж чадахгүй, Монгол Улс соёлын зөөлөн хүчний бодлого явуулж чадахгүй гэсэн байр суурьтай байдаг. Миний хувьд бол Монгол Улс соёлын зөөлөн хүчний бодлого явуулах боломжтой бөгөөд соёлын нэгээхэн хэсэг болсон шашнаар дамжуулан шашны зөөлөн хүчний бодлого явуулах юм.

Уг шашны зөөлөн хүчний бодлого буюу өөрийн улсын эерэг дүр төрхийг олон улсад бий болгох, үүгээр дамжуулан өөрт татах, нөлөөлөх, олон улсын тавцанд өөрийн дуу хоолойгоо илүүтэй хүргэх, харилцаа холбооны суваг бий болгоход Х Богд Жавзундамба хутагтын нэр нөлөө, хүчийг хэрэглэж болно гэж харж байна.

Ази тивд буддын шашны зөөлөн хүчний бодлогыг идэвхтэй хүчтэй явуулж буй улсад гарцаагүй манай өмнөд хөрш Хятад болон бидний оюун санааны хөрш болох Энэтхэг улс орно. Исламын шашны хувьд жишээ нь Турк улс байна. Азийн буддын шашин түүн дотроо Их Хөлгөн, Очирт хөлгөний нэгэн төв болж болох боломж Монгол Улсад бий. Мэдээж хөнжлийн хэрээр хөлөө жийдгийн адил бодит нөхцөл байдал, боломж бололцоон дээрээ тулгуурлан ямар хэмжээнд явуулах талаар тухайн нөхцөлд таарсан бодлого, үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй.

Дотоодын ач холбогдлын тухайд ярихад нэгд, Монгол Улсын хууль, баримт бичгүүд түүн дотор “Үндсэн хууль”, “Төр сүм хийдийн харилцааны тухай” хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улс дахь буддын шашны байр суурь, үүрэг, ач холбогдлын талаар тодорхой заасан.

Хоёрт, 2020 оны “Хүн ам, орон сууцны тооллого”-ын дүнгээр нийт шашин шүтэгч Монгол Улсын иргэдийн 86.2 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн статистикийн тоо байна. Тэр хэмжээгээр буддын шашны нөлөө нийгэмд байна гэсэн үг. Хэрэв иргэдийн олонх нь ислам эсвэл христийн шашин шүтдэг бол дотоодын нийгэм, улс төр, соёлын бодлогын түвшинд тухайн шашны талаар анхаарах нь зүйн хэрэг.

Буддын шашны өөрийн институцийн хувьд авч үзэх юм бол Богд Жавзундамба хутагтын институцийг одоогийн нөхцөл байдалд тохируулан сэргээн тогтоох нь монголын буддын шашинд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна. 1990 оноос хойш энэ чиглэл рүү алгуурхан явж ирсэн харагддаг. Энэ нь 2011 онд Монголын буддын шашны нийт сүм хийдүүд IX Богд Жавзундамба хутагтыг Монгол Улсын буддын шашны тэргүүнээр өргөмжлөн улмаар Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж соёрхон баталсан үйл явдал тодорхой харуулж буй.

Буддын шашин өөрийн тогтсон институцтэй болсноор буддын шашин нийгэм болон сүм хийд, лам хувраг, сүсэгтнүүдийн өмнө хүлээсэн үүргээ илүүтэй биелүүлж чадна. Дээрх үндсэн шалтгаануудын үүднээс Х Богд Жавзундамба хутагт тодрох нь Монгол Улс болон Монголын буддын шашинд ач холбогдолтой гэж үзэж байна. Гэхдээ анхаарах зүйл бол саалиа бэлдэхээр саваа бэлдэх нь их чухал болов уу.

Эх сурвалж: news.mn

Shares

Холбоотой мэдээ