Хожимдсон шийдвэрүүд: Тэтгэлэг ба өглөөний гудамжууд

2021-08-31 252 0
Shares

Манайхан асуудлыг урьдаас харж, төлөвлөж хийдэггүй нь олон зүйл дээр харагддаг. Шийдвэр гаргах түвшинд хэлэлцэж буй асуудал, гаргаж буй шийдвэрүүд нийгмийн сэтгэл зүйг дагаж араас нь гардаг болоод удаж байна. Уг нь бол хөгжлийн бодлоготой, түүнийгээ дагасан төлөвлөлттэй бол урьдаас бодож, тооцоолж шийдвэрүүд гарах ёстой. Гэвч тийм зүйл байдаггүй нь харамсалтай. Харамсах шалтгаан нь үр дагавараар нь хангалттай ил болдог. Хамгийн сүүлийн хоёрхон жишээг та бүхэнтэй хуваалцая.

504 хүүхдэд олгох Ерөнхийлөгчийн тэтгэлэг

Энэ жилийн ЭЕШ-д оролцсон шалгуулагчид түүхэнд байгаагүй хамгийн муу оноо авч, улс орон даяар эмгэнэн гашуудахаа хүрсэн юм. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд 82 шалгалтын байранд 40420 шалгуулагчийг хамруулан зохион байгуулж дууслаа. Харамсалтай нь шалгуулагчид үнэхээр шалгалтынхаа шаардлагыг хангаагүй, тун ханаглтгүй дүн сонссон бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд дүйцүүлэх хувилбарыг боловсруулж, алсдаа монголын ирээдүйд асар их хор хөнөөл дагуулж мэдэхээр үйл явц болж өнгөрсөн. Нөхцөл байдлыг хаа хаанаа ойлгож байгаа. Цар тахал ба онлайн хичээл гэдэг сурагчдад ямар нөлөө үзүүлснийг дээрх дүн мэдээ харуулна. Хэрэв манай Ерөнхийлөгч болоод эрх баригчид тэтгэлэг хөтөлбөрөө жилийн өмнөөс зарлачихсан бол хүүхдүүд хичээх байсан нь мэдээж юм. Гэтэл шалгалтын дүн гарч, улсаараа шал арчихдаа тулсны дараа Ерөнхийлөгч нэрэмжит тэтгэлэг зарлалаа. Энэ үеийнхэн азгүй юм. Ирэх жилээс хичээнэ гэж найдахаас.

Ерөнхийлөгчийн тэтгэлэгийн тухайд тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгоно.

Мөн Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг авах юм.

Нэрэмжит тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан тогтоох бөгөөд тэтгэлгээр суралцаж төгссөн иргэн орон нутагтаа ажиллана. Ажлын байраар хангах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах талаар судалж, зохион байгуулахыг зарлигт тусгажээ.

Ерөнхийлөгчийн тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, жил бүрийн гуравдугаар улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлнэ гэжээ.

Өвөлтэй уралдаж нээгдэх Өглөөний гудамжууд

Саяхан хуучнаар гутлын 22 гэж нэрлэгдэх төрийн ордны баруун хэсгийг өглөөний гудамж болгон нээж Хотын дарга нь хүртэл очоод зургаа авахуулаад олон хүний нүдийг хужирлах болжээ. Намартай зэрэгцэж нээгдсэн ч гэсэн бас яах вэ, хэдэн өдөр залуус өглөө эрт очоод суух газартай боллоо. Гэтэл тун удахгүй өвөл болж, түнэр харанхай, хар утаатайгаа залгах гэж байхад есдүгээр сардаа багтааж Баянзүрх дүүрэг гурван төрлийн өглөөний гудамжтай болохоор төлөвлөжээ.

Энэ талаар тус дүүргийн ИООНХХ-ээс “Та бидний хэлж заншсанаар гурван өндрөөс Арслантай гүүр хүртэл гурван төрлийн өглөөний гудамжийг есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Гурван өндрийн талбайд “Бизнесийн гудамж”, Бөхийн өргөөний урд талбайд “Залуучуудын гудамж”, цаашлаад арслантай гүүр хүртэл “Ахмадын гудамж” гэж гурван төрөл байх юм.
Гурван гудамжны хувьд бүгд өөрсдийн гэсэн өнгө аяс, онцлогыг шингээсэн, дан ганц зун цагт ажиллаад байхгүй. Хавар, Намар, Өвлийн улиралд ажилладаг байхаар зохицуулалт хийгдэнэ.

“Өглөөний гудамж” хийж буй нь Монголчуудыг Эртэч болгож, иргэдийг өглөө эртлэн ажил төрлөө амжуулж, бүтээлч байлгах зорилготой. Үүнд аж ахуй нэгжүүдийн дэмжлэг маш чухал. Тиймээс аж ахуйн нэгжүүд бүгд дэмжихийг хүсэж байна” хэмээн мэдээллээ. Яах вэ, ирэх жилээс энэ гудамжууд нь анхны төлөвлөснөөрөө ажилладаг бол бас болж л байна. Гэхдээ яагаад дандаа араас нь улирал, тохироогоо тооцохгүйгэээр улиг болсон популизмдаа үр ашиггүй мөнгө зардаг юм бол. Учрыг нь бол зөвхөн дарга нар л мэдэх байх даа.

Shares

Холбоотой мэдээ