Л.Оюун-Эрдэнийн том амбиц

2021-09-01 137 0
Shares

Хөхөө өвлийн хүйтэнд нялх биетэй эхийг хөл нүцгэн тээвэрлэлээ гээд хүндхэн цаг үед У.Хүрэлсүх тахимаа цэвэрхэн өгчихөөд Ерөнхийлөгчийн сэнтийд суух их ажилдаа ханцуй шамлан орсон билээ. Яг энэ үе Л.Оюун-Эрдэнийн карерийнхаа оргил үед хүрэх алтан боломж боломж болж хувирсан.

Монгол Улсын хамгийн залуу Ерөнхий сайдаар нэрлэгдэх болсон Л.Оюун-Эрдэнийн энэхүү хувь төөрөг олон хүнд таалагдаагүй. Гадна талдаа бол М.Энхболдыг нохой мордсон, У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй, Андлалын хөшөөний автор гэсэн таагүй имижтэй харагдаж байсан бол дотор талдаа барын бамбарыг бага дээр нь дарах архаг улстөрчдийн хорхойтой араанд зуулгаастай явж өнөөг хүрсэн.

Тиймдээ ч энэ намрын улс төрийн гол бай Л.Оюун-Эрдэнэ гэж маш олон хүн таамаглаж, хоёрдугаар ээлжийнхэн ч хоолондоо орохоор сэрүүн зүүдэлж өнөөг хүрчээ. Харин мань Ерөнхий сайд тийм ч амар хүн биш бололтой. Түүнд том амбиц байна. Тийм хэмжээний стратеги, нүүдэл хийх чадвар байна.

Л.Оюун-Эрдэнэ энэ удаад дайсны дайсан бол миний найз гэх тактикыг барин ажиллаж байгаа бололтой. Токиогийн олимпод экс Ерөнхийлөгчөөр ахлуулсан жудо, хүндийн өргөлтийн тамирчид Монголын нэрийг дэлхийд гаргаад эхлэв. Үүнтэй зэрэгцэн Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо гэгчийг байгуулангуутаа баяр хүргэх нэрээр Х.Баттулга руу утасдаад, тэр даруйдаа хэвлэлийн албаараа дамжуулан зөвлөхөөр ажиллахаар боллоо гэсэн бор шувуу нисгүүлчихэж байгаа юм.

Энэ мэдээ өвсөнд тавьсан түймэр шиг тэр даруйдаа олон нийтэд түгэж, түмний яриа болох нь тэр. Тэр битгий хэл МАН-ын удирдлагууд ч энэ талаар мэдээлэлгүй байсны зэрэгцээ гайхахдаа дуу алдаж, энд тэнд бухимдлаа илэрхийлээд амжсан. Хамгийн гол нь энэхүү содон мэдээг экс Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө мэдээгүй нь баттай явдал.

Энэхүү гэнэтийн нүүдэл нь Л.Оюун-Эрдэнэ одоо ардын намын ах нартайгаа тэрсэлж чаддаг гэдгээ харуулахын зэрэгцээ гүйцэтгэх засаглалийн эрх мэдлийг гартаа оруулсан хүний хувиар том дуугарч байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Шууд утгаараа бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраар оролдох хэрэггүй гэсэн том сануулгыг ойрын хүмүүстээ өгч байгаа явдал гэж уншигдаж байна.

Харин өөрөө ч мэдэхгүй эсрэг намынхаа Засгийн тэргүүнд зөвлөхөөр болчихсон Х.Баттулгын хувьд У.Хүрэлсүхэд ходруулж байсан түүх давтагдаж, нэг ухсан нүхэнд хоёрнтой уначихлаа. Гэвч тэр үүнийг хэрхэн эргүүлж, яаж ашиглахаа тун сайн мэдэж буй. Учир нь түүнтэй олон жил шадарлаж буй Херо Баатар бол одоогийн Ерөнхий сайдын төрсөн ах. Ингээд харахаар Л.Оюун-Эрдэнийн ард Баатар, Баатарын ард Баттулга ч байгаа мэт санагдах боловч эцсийн бүлэгтээ Л.Оюун-Эрдэнэ Баатар, Баттулга биш багаасаа хайрлаж, түшсэн намынхаа ах нартай барьц булаацалдахаар шийдсэн нь илт юм.

Л.Оюун-Эрдэнэ гэх энэ залуу одоо Монгол Улсын хамгийн залуу Ерөнхийлөгч, 100 жилийн түүхтэй гэгдэх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч. Түүнд том амбиц байна. Тэр нь улс төрд бичэгдээгүй оройд байгаа нь ёроолдоо ордог дүрмээр явчихгүй бол зургаан жилийн дараа бүр ч илэрхий болох биз.

Shares

Холбоотой мэдээ