Д.Баярцэнгэл: Хүн чармайвал цус харвалт эдгэрдэг өвчин

2021-09-03 457 0
Shares

Орчуулагч, нийтлэлч  Д.Баярцэнгэл “Цус харвасны дараах нөхөн сэргээх эмчилгээний гарын авлага” гэдэг ном гаргаад байна. Тэрээр энэхүү номоо өөрийн биеэр туулсан амьдралын туршлага дээр тулгуурлан бичжээ. Энэ ном нь олон хүний анхаарлыг татаж байгаа бөгөөд жирийн хүмүүст зориулсан цус харвах өвчний тухай цорын ганц ном болоод байгаа аж. Түүнээс номынх нь талаар, цус харвалтын талаар тодрууллаа.

-Та яагаад ийм ном бичих болов?

-Би эмч биш, инженер, нийтлэлч хүн болохоор хүмүүс ингэж асуудаг юм. Би 2012 онд цус харвасан юм. Тэр үед эмч нар өвчтөнийг эмнэлгээс гарахад нөхөн сэргээх эмчилгээний талаар хэлж өгдөггүй байсан. Одоо ч гэсэн хэвээрээ юм шиг байна лээ. Тиймээс би эмнэлгээс гараад цус харвалтын тухай ном хайсан, олоогүй. Арай гэж анагаахын хэллэгээр, эмчид зориулж бичсэн ганц ном олсон. Жирийн хүмүүст зориулсан монгол ном огт байдаггүй юм билээ. Тэр ч байтугай интернэт хөгжсөн өнөө үед цус харвасан хүнд зориулсан ганц ч сайт байхгүй байсан. Би өнгөрсөн хугацаанд цус харвасан хүмүүст зориулсан ном гарах болов уу гэж нэлээн хүлээлээ. Ганц нэг эмчид хэлж үзлээ. Байдаггүй. Тэгээд мэргэжлийн эмч бичдэггүй юм бол өвчтөн өвчтөнүүддээ хандаж ном бичъе гэж шийдсэн юм.

-Тэгээд номоо яаж бичив. Хэдий хугацаа зарцуулав?

-Жил гаруй бичсэн. Цус харвах өвчний тухай сайтар уншиж судаллаа. Эмч нар, харвасан өвчтөн, ар гэрийнхэнтэй уулзаж ярилцлаа. Олон өвчтөний цус харвасан тухайгаа, яаж эдгэсэн тухайгаа бичсэн номуудыг уншлаа. Цус харвасан олон хүний ярилцлага үзэв. Тэгж байж бичсэн юм. Хамгийн гол нь цус харвасан хүн нөхөн сэргээхийг дасгалыг оройтолгүй, цаг хугацаанд хийгээсэй гэж энэ номыг бичсэн юм аа.

Ном нь цус харвалтын тухай ойлголт өгөхөөс гадна харвасан хүнийг яаж асрах тухай өгүүлнэ. Өвчтөн, түүний ар гэрийнхэнд хандсан бүлэг бий. Хэрхэн суух, босох, явах тухай болон яаж гараа ажилд оруулах, хэлгүй болсон хүн хэрхэн хэлд орох, ой тогтоолтыг яаж сэргээх тухай өөрийн туршлага дээр тулгуурлан бичсэн. Эцэст нь нөхөн сэргээх нэг бүлэг дасгал орууллаа. Цус харвалт, түүний үр дагавар, олон янзын эмчилгээний арга барилыг нэг номонд багтааж чадахгүй нь мэдээж боловч зайлшгүй шаардлагатай гэж үзсэн мэдээллийг цэгцтэй, товч, тоймлон өгүүлэхийг зорьсон юм. Тиймээс энэ номноос олон асуултын хариулт олдоно.

-Харвасан хүн нөхөн сэргээх эмчилгээг хэзээ эхэлж яаж хийх вэ?

-Цус харвасан хүнд цаг хугацаа их чухал. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн. Нөхөн сэргээх дасгалыг эрт эхэлж тууштай хийвэл эрт сайжирна. Оройтох тусам эдгэрэх хугацаа төдий чинээ урт болох юм. Ер нь хүмүүсийн цус харвах өвчний тухай ойлголт тун бага учраас бусад өвчний адил хэдэн сарын дараа гайгүй болчихно гэж найддаг. Би ч гэсэн харвасныхаа дараа 2-3 сар болоод ажилдаа орно доо гэж боддог байлаа. 9 жил болоход гүйцэд эдгээгүй л явна. Цус харвалт удаан хугацаанд эдгэдэг өвчин гэдгийг санаж байх хэрэгтэй.

Нөхөн сэргээх эмчилгээг харвалтын хурц үе өнгөрсөн даруйд эхлэнэ. Энэ нь харвалтын дараах эхний өдрүүдэд эхлэнэ гэсэн үг. Манайд эмч нар анхаарал тавьдаггүй, өвчтөнийг сахиж байгаа хүн нь мэддэггүй учраас эрт эхэлж чаддаггүй. Тэр ч байтугай харвасан аавыгаа үүрч явсаар байгаад хэвтрийн хүн болгочихсон түүх бий.  Өвчтөн хамгийн эхлээд жижиг зүйлээс эхэлж, толгойгоо эргүүлэх, гар хөлөө хөдөлгөх, суух гэж оролдох зэргээр хөдлөх хэрэгтэй. Эмчтэй зөвлөж байгаад нөхөн сэргээх хөтөлбөрийг эрт эхэлж, гэртээ, аль эсвэл сувилалд үргэлжлүүлэн хийнэ. Дасгал нь эдгэрэх зам руу хөтөлдөг.

Нөхөн сэргээх үйл явцын эхний алхам юу байх ёстой вэ?

-Юуны өмнө зөв хэвтүүлэх буюу байрлалаар эмчлэхээс эхлэх хэрэгтэй. Энэ нь хөдөлгөөн хийх чадварыг сэргээж, булчингийн гэмтэл, агшилтаас урьдчилан сэргийлж, өвдөлтийг бууруулдаг. Бидний үед байрлалаар эмчлэх гэж мэддэггүй байлаа. Миний үеийн харвасан хүмүүсийн хөл, гар татанхай болсон нь байрлалаар эмчлэхэд анхаараагүй, мөчний уян хатан байдлыг хайхрахгүй орхисоны үр дүн гэж үздэг. Одоо өөр болсон биз.

Зөв хэвтүүлэх үндсэн зарчим бол биеийн хоёр талд байрладаг гол гол цэгүүдийг (мөр, дал, аарцаг) аль болох тэгш хэмтэй байлгана. Голдуу хажуу талаар нь хэвтүүлнэ. Сул болсон гар, хөлийг орхиж болохгүй. Сул болсон мөчөө, ялангуяа гараа аль болох ашиглах зуршлыг хөгжүүлэх нь чухал юм.

Эмчилгээний дасгал хийх үү?

-Хөдөлгөөний ур чадварыг сэргээж, хуучин хэвдээ орохын тулд эмчилгээний дасгалыг заавал хийх шаардлагатай. Тогтмол дасгал хийсний үр дүнд гар, шуу, хөлний агшсан булчингууд сунаж, суларсан булчин чангарч, хөдөлгөөний далайц нэмэгдэж, суух, босох тэнцвэр сайжирна. Тэнцвэрийг сэргээхийн тулд тэнцвэрийн дасгал, хөдөлгөөний эмгэгийн үед нөхөн сэргээх дасгал хийнэ. Эдгээр дасгалыг эмчээр заалгах хэрэгтэй бөгөөд хийж сурсны дараа гэртээ гарсны дараа үргэлжлүүлнэ. Хамгийн гол нь тогтмол хийх хэрэгтэй. Дор хаяж долоо хоногт 5-6 удаа, өдөрт 30-40 минут.

Хамгийн гол нь асрах хүн хатуу чанга байж, өвчтөнийг өдөр болгон дасгал хийлгээсэй гэж хүсэх байна. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ, дүү нь ахыгаа өрөвдөн хайрлаж дасгал хийлгэхгүй байж болно л доо. Тэгээд бүх насаараа асаргааны хүнийг авч явах хэрэг үү? Өвчтөн та ч гэсэн боломж байтал өрөвдөлтэй, арчилгаа шаардсан амьтан болж, нийгмээс тусгаарлагдан гэрийн мухар сахих хэрэг байна уу? Бодох л зүйл.

-Харвасан хүнд хөдөлгөөний идэвхийг яаж сонгох вэ?

-Хөдөлгөөн хязгаарлалтаас үл хамааран хөдлөх хэрэгтэй. Хүн бүхэнд цус харвалт өөр өөрөөр явагдана. Хэрэв хөл, гарны үйл ажиллагаа алдагдаагүй бол аль болох хурдан босоод хөдөлж эхлэх хэрэгтэй. Эмчилгээний дасгал хий, шатаар өгсөж урууд, гудамжаар алх, цэцэрлэгт зугаал, ач зээтэйгээ тогло. Танд таалагддаг аливаа хөдөлгөөнийг хий. Зүгээр л өдөр бүр хөдлөх үүрэг өөртөө тавь. Хэрэв мөч сул, гэхдээ ажилладаг бол та алхаж болно, алхаж чадахгүй бол гүйлтийн зам дээр алхах дасгал хийж болно, усан санд сэлж, гимнастик хийж, йогоор хичээллэж, бүжиглэх хэрэгтэй. Өвчтөн хэвтрийн бол, эсвэл тэргэнцэр дээр сууж байсан ч гэсэн тэр хөдөлж чаддаг бол хүч чадлын дасгал, сунгалтын дасгал хийж болно. Хөдөлгөөн, хөдөлгөөн, бас дахин хөдөлгөөн хийж байж эдгэнэ.

-Харвасан зарим хүмүүс яриа нь байхгүй болсон байдаг. Засч болох уу?

-Тархины зүүн талын бөмбөрцөгт харвасан хүнд ярианы төв дайрагдсан байх нь бий. Би ч тэгсэн. Гэхдээ дхахиж хэлд орсон. Хэл, уруул, эрүүний булчин, нүүрний булчинд зориулсан дасгал миний номонд орсон байгаа. Намайг цус харвасны дараа хэл ярианы засалч эмч олдодгүй байлаа. Одоо тийм эмч нар бий болсон байна. Хэл ярианы эмчтэй зөвлөн ажиллах нь яриаг сэргээхэд тустай. Гэхдээ гол зүйл бол ойр дотны хүмүүстэйгээ өдөр тутам харилцах явдал юм. Хамт олны дунд орвол бүр амархан сэргэнэ.

Ярианы эмгэг нь 2 төрлийн байдаг. Афази (өвчтөн үгийг ойлгохгүй буюу санаа бодлоо илэрхийлэхэд хэцүү байдаг) ба дизартриа (ойлгож байгаа боловч үгийн дуудлага алдагдсан, бувтнаж ойлгомжгүй хэлбэрээр ярьдаг). Энэ үед дараах дүрэм баримтлана:

-“тийм” эсвэл “үгүй” гэж хариулах боломжтой асуултыг өвчтөнөөс асуух,

-удаан, ойлгомжтой ярих,

-өвчтөнд хариулах цаг өгөх,

-түүний өмнөөс битгий ярь. Ярихыг нь хүлээх,

-тэвчээртэй, тууштай байх. Тогтмол дасгал хийснээр цаг хугацаа өнгөрөх тусам сайжирна.

-Өвчтөний ар гэрийнхэнд хандан та юу хэлмээр байна?

-Харвасан хүнд нийгэм, гэр бүлийн өмнө хүлээсэн үүргээ (ажил хийх, гэр бүлээ тэжээх г.м) биелүүлэх чадваргүй болсноос, наад захын ярих, алхах, бие засах, усанд орох мэтийн чадвараа алдсаны улмаас гүн цочролд орж, ямар ч найдваргүй, цөхрөнгөө барсан мэт санагдах үе байна. Энэ үедээ ямар ч шалтгаангүйгээр сэтгэлийн гэнэтийн өөрчлөлтөнд автагдах, тухайлбал уурлах, түрэмгий зан гаргах, инээх, уйлах гэх мэтчилэн олон янзаар аашлана. Энэ үеийг даван туулах хэрэгтэй байдаг. Энд гэр бүлийн оролцоо нэн чухал. Өвчтөн болон түүний гэр бүл хоёулаа энэ бүхэн нь цус харвалтын үр дагавар бөгөөд заавал даван туулах хэрэгтэй болно гэдгийг санах хэрэгтэй.

Эдгэрэх хамгийн гол хүчин зүйл өвчтөний итгэл юм. Эдгэрэх итгэл байхгүй бол ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүй. Энэ итгэлийг ар гэрийнхэн л бий болгоно. Таны үзүүлэх анхны тусламж бол дотнын хүндээ сэтгэлзүйн цочролын хамгийн хэцүү үеийг даван туулахад тусалж, гутранги байдлыг өөрчилж, итгэлийг сэргээх явдал юм. Эдгэрэх хүсэл эрмэлзлэл байхгүй бол нөхөн сэргэлт олон жил үргэлжилнэ.

Цус харвалтын дараа хүн хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой юу? Харвасан хүн голдуу тахир дутуу болдог гэлцэх юм?

-Бололгүй яах вэ. Харваад хэвийн амьдралдаа эргэн орсон хүмүүс зөндөө бий. Хүнд харваад эдгэрсэн хүн гэвэл 2006 онд цус харваж, хоёр жил орчим хэвтрийн дэглэмд байсан мөртлөө өөрийгөө ялан дийлж чадсан Монголын паралимпийн тамирчин, “Elite gym”-ын фитнессийн дасгалжуулагч багш Ц.Баярдаваа, мөн цус харвасны дараа харвасан хүмүүст туслах зорилгоор “Таны инээмсэглэл” төвийг байгуулсан Э.Болорчулуун нар байна.

Ер нь тархины аль хэсэгт харвасан, тархины гэмтсэн хэсгийн хэмжээнээс болон цаг тухайд нь эмнэлгийн тусламжийг үзүүлсэн эсэхээс эдгэрэлт хамаардаг байна. Шургуу, тэвчээртэй байж, эмч болон хамаатан садныхаа тусламжтайгаар алдсан бүх зүйлээ сэргээж болно.

-Өнөөдөр цус харвалт үнэхээр залуужиж байна уу?

-Монголд статистик тоо байхгүйн улмаас хэлж мэдэхгүй. Тэгэхдээ харвалт залуужаад байгаа нь нүдэн дээр ил байна. Залуу хүмүүс байтугай хүүхэд ч харвадаг боллоо. XX зуунд цус харвалтыг хөгшин хүний өвчин гэдэг байсан бол одоо дунд насныханы өвчин болж хувирчээ. 30-40 насны хүмүүсийн хувьд байнгын стресс, тогтмол бус хооллолт, таргалалт, эрүүл бус амьдралын хэв маяг гэх мэт эрсдлийн хүчин зүйл нөлөөлж байна.

Нүүрний тэгш хэм өөрчлөгдөх нь цус харвасаны шинж тэмдэг юм. Инээмсэглэх үед нүүр муруй байна. Мөн хэл ээдэрч, согтуугаар ярьж байгаа юм шиг, ярихад хүнд болох нь харвалтын нэг шинж. Толгой эргэх, биеийн нэг тал сулрах, тэнцвэр алдах зэрэг нь анхны шинж тэмдгүүд юм. Хамгийн гол нь хэрэв эдгээр шинж тэмдгийн дор хаяж нэг нь байвал хүлээх хэрэггүй, яаралтай түргэн тусламж дуудаарай.

-Цус харвахгүйн тулд яах ёстой вэ?

-Эрүүл амьдралын хэв маягийг баримтлах, ажил, амралтаа зөв зохицуулах нь чухал. Эрсдэлт хүчин зүйлсийг арилгах-тамхи татах, суурин амьдралын хэв маяг, стресс гэх мэт. Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах ёстой.

Shares

Холбоотой мэдээ