ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН КОМПАНИЙН ЗАХИРЛУУД ХЭРЭГЛЭЭНИЙ ЯЛГАА ИЙМ Л БАЙНА?

2021-09-04 841 0
Shares

Байдал ямар ч илүү дутуу зүйлгүйгээр ийм л байгаа. Хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрнө. Нэг л жишээ хэлье. Төрийн өмчит компанийн захирлын төмөр хүлэг G-Class /үнэ:₮512 сая/, Массажны сандалд 50 сая, Йога хичээлийн төлбөр жилийн 30 сая төгрөг гэнэ.

Харин хувийн компанийн захирлын хэрэглээ нь банкны зээл сар бүр төлнө, ажилчдын цалингаа цаг тухайд нь тавих гэж машинаа ломбарданд тавина. Улсад татвар төлнө. Ажлын Портер машинаа жолоодож элс, хайргаа зөөж жолоочын зардлаа хэмнэнэ.

Улсын мөнгө гэдэг нь угтаа ард түмний татвараас бүрдсэн л мөнгө. Гэтэл яам, агентлагийн дарга нар ажлаа авсан өдрөө тавилгаа солино, шинэ Ланд-300 шууд захиална. Сандалынхаа оронд массаж хийдэг сандал захиал гэж нарийн бичигтээ лүндэн буулгана.

Ийм байдалтай үрэлгэн байхад улс орны эдийн засаг яаж хөгжих вэ. Шинэ ерөнхий сайд маань Төрийн энэ данхайсан бүтцийг цөөлж “ухаалаг, смарт төр рүү зүтгэнэ” хэмээн зарласан. Харж л байя. Өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Улсын мөнгөөр туйлсан дарга нартай хатуу тэмцэж, машин унааг нь жижигрүүлж, тансаг хэрэглээг нь танаад эхэлбэл ард түмэн баярлах л байх.

Холбоотой мэдээ: 

ТАНАСАН ҮЕИЙН ТӨСВИЙН ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ БАЙСААР БАЙХ УУ?

Шинэ төрлийн коронавирус Монгол Улсад улам нэмэгдэх шинжтэй. Өдрөөс өдөрт халдварын тохиолдол нэмэгдэж эхэллээ. Улс даяар өмнө нь хэд хэдэн удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэж иргэд, аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хямралд орж, ажлын байрны цомхотгол их хэмжээгээр хийж эхэлсэн билээ.

Засгийн газраас зүгээс хэд хэдэн арга хэмжээ авснаас хамгийн сүүлд төрийн байгууллагын тансаг хэрэглээг энэ ондоо тэвчиж эдийн засгийн хэмнэлт гаргах шийдвэрийг танилцуулаад байгаа билээ. Тодруулбал,

Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх

Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх

Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх

Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх

Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх

Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх

Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгосон.

Гэвч төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн хэтийдсэн зардал, тендерүүд тасрахгүй хэвээр байна. Ийм хэдэн жишээг энд өгүүлье.

Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын Тамгын газар “Приус 30” маркийн автомашин худалдан авах тендер энэ сарын 5-нд зарлажээ. 7 хоногийн хугацаатай нээх тендерийн нийт төсөвт өртөг нь 15 сая төгрөг гэсэн байна. Сум багийн үйл ажиллагаанд энэ төсөв тийм ч бага төсөв биш юм.
“Тавантолгой түлш” компани 48.995.100 төгрөгийн үнэ бүхий бичгийн цаас худалдан авах тендерийг энэ сарын 5-нд зарлажээ. Тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 15 хүртэл гэсэн байна.


“Зүүнбаян төмөр зам”-д тавилга эд хогшил худалдан авах тендерийг мөн л энэ сарын 5-нд зарлажээ. Нийт төсөвт өртөг нь 74.852.000 төгрөг гэжээ. ЗГХЭГ төрийн бодлогын баримт бичгүүдийг хэвлүүлэх үйлчилгээ нэрээр энэ сарын 5-нд тус тендерийг зарласан байна. Нийт төсөвт өртөг нь 145.000.000 төгрөг гэх мэтээр эдийн засгийн танах горимд шилжсэн үед анхаарал татах тендерүүд ар араасаа зарлагдсаар байна.


Хэнтий аймгийн Дадал сумын ЗДТГ эд хогшил худалдаж авах тендер зарлажээ. Нийт төсөвт өртөг нь 30.000.000 юм байна. Тус тендерт Эрдэнэт хивс 133 метр, хөшиг, хүлээлгийн тухлаг сандал, ширээ, бичлэг хадгалах төхөөрөмж, шилэн хаалт зэрэг багтжээ.

Shares

Холбоотой мэдээ