2021: Дэлхийн эдийн засаг, улс төрд юу болох вэ?

2020-12-26 138 0

Британийн долоо хоног тутмын The Economist сэтгүүл ээлжит, ирэх оны үйл явдлуудыг зөгнөсөн нууцлаг нүүртэйгээр хэвлэгджээ. Гэхдээ энэ нь энгийн нэг зөгнөл гэхээсээ илүүтэй эдийн засаг, нийгэм, улс төрийн дэлхий дахинд өрнөж буй үйл явдлуудыг нэгтгэн дүгнэж, учирч болох эрсдэлүүдийг өндөр магадлалтайгаар тооцоолдог гэхэд илүү үнэнд дөхнө.

2021 оныг зөгнөсөн нүүрэн дээрээ “өрөөсөн гарт дээрэмчин” гэх автомат тоглооыг дүрсэлжээ. Үүнийг The Economist тайлбарлахдаа “21-ийн тоо бол амжилт, эрсдэл, аз жаргалыг мэдрэх, шоо хаях боломжтой холбоотой. Энэ бол шооны бүх нүхний нийлбэр, Америкт казинод орох босго нас, хөзрийн тоглоомын нэр. Энэ бүхэн нь нэн тодорхойгүй оны хувьд тохиромжгүй санагдана. Гэхдээ гол шагнал бол цар тахлыг хяналтдаа авах боломж. Түүний зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлын олон эрсдэл бий” хэмээжээ.

Гурав дахь мянган эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн шинжээч Юрий Белоус энэ нүүрийг Комсомольская правда сонинд дараах байдлаар тайлсан байна.

“Сүүлийн үед улс төр болон нийгмийн амьдрал дахь явцууд золиос эсвэл шагнал нь та бидний хувь тавилан болдог тоглоомуудыг ихээхэн санагдуулах болсон. Автомат тоглоомны гар нь бөмбөрцгийг илэрхийлж байна. АНУ дахиад л жолооны ард. Тэд “өрөөсөн гарт дээрэмчин”-ий “дэмжих сангуудыг оруулаарай” гэсэн бичигтэй нүхэнд зоос шидэж, казиногийн бөмбөрийг эргүүлнэ. Автомат тоглоомын дэлгэцийн тал хэсгийг сүүдэр хаажээ. Энэ сүүдэр Байдены нүүрний тал хэсгээр мөн эдийн засгийн өсөлтийн графикийг дайрсан байна. Байдены ялалт дуулиан шуугиан дагуулсан бөгөөд эдийн засгийн өсөлт тогвортой, жигд байх нь юу л бол” хэмээжээ.

Зүү тариур- вакцины төлөөх тулаан

Тоглоомын хүрд дээр байх тариурын зураг нь вакциныг илэрхийлжээ. Коронавирусийн эсрэг вакцин их хэмжээгээр хүртээмжтэй болмогц улс орнууд хооронд болон дотоодод нь хэн, ямар вакцин авах талаарх ширүүхэн тэмцэл өрнөхийг зөгнөсөн гэж шинжээч тайлжээ.

График-эдийн засгийн тэнцвэргүй байдал

Үүгээр цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн өсөлт жигд бус байх бөгөөд коронавирусийн дотоодын шинэ тархалт болон хөл хорионоос хамаарч харилцан адилгүй байна гэж зөгнөжээ. Олон салбар хохирч, аялал жуулчлал эрс хумигдан, хэлбэрээ өөрчилж, дотоодын жуулчлал нэмэгдэх гэнэ. Агаарын тээвэр болон зочид буудлын сүлжээнүүд арай ядан хөл дээрээ зогсож, гадаад оюутнууд сурдаг их дээд сургуулиуд ч хүнд цохилттой учрах аж.

Долларын тэмдэг- дэлхийн валютын ханшийн бууралт

Дэлхийн төв банкууд болон засгийн газрууд эдийн засагтаа олон их наяд доллар оруулж байгаа нь алттай харьцах валютын ханш үнэгүйдэх нөхцөл бүрдэх гэнэ. Түүнчлэн, машин, байр, хүнс, ахуйн барааны үнэ өснө гэжээ.

ТикТок- Хятадтай хийх худалдааны дайн

Трампын үед эхэлсэн Хятадтай хийх худалдааны дайныг Байден зогсоохгүй гэж сэтгүүл зөгнөсөн хэмээн шинжээч тайлжээ. Үүнийг сүүлийн жилүүдэд АНУ-д ихээхэнх асуудалтай тулгарсан Хятадын олон нийтийн сүлжээ болох ТикТок-ийн дүрсээр илэрхийлсэн байна. Байден энэ дайныг улам дэврээх бөгөөд ардчилсан намынхан 2022 онд конгрессийн дээд танхимд, 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд тэд Трампыг гол талбар дээр нь ялах ёстой гэнэ. Тэд Трамп Хятадтай ямар ч үр дүнгүй дайтаж байсан, харин Байден Бээжинд шийдвэрлэх цохилт өглөө гэж мэдэгдэх аж.

Цаашлаад энэ зөгнөлд цар тахал хөгжлийг нь хурдасгасан тоон технологийн хөгжил, дэлхий даяар олон нийтийн сүлжээнд тавих хяналтын төлөөх тэмцэл улам хурцдах зэргийг багтаасан байна. Харин цар тахлын тухайд бид хэзээ үүнээс гарах нь тодорхойгүй. The Economist сэтгүүл 2021 оныг нэн тодорхойгүй байдлын он гэж нэрлэсэн нь ч санаандгүй хэрэг биш. Мөн сэтгүүлийн нүүрэн дээр коронавирусийн дүрсийг зүүн дээд болон баруун доод буланд гээд хоёронтоо дүрсэлсэн байна.

Г.Бямбасүрэн

Холбоотой мэдээ