Д.Болд: 15 жилийнхээ ойгоор мөрөөдлөө биелүүлж, Монголынхоо уран бүтээлчдэд “440Hz Records” студиэрээ бэлэг барьж байгаадаа баяртай байна

2021-09-10 235 0
Shares

Өнөөдөр “B” продакшны “төрсөн өдөр”. Монгол Улсад анх удаа мэргэжлийн дуу бичлэгийн продакшны үйл ажиллагааг эхлүүлсэн дуучин Д.Болд ойн өдрөө Монголын урлагийн салбарт түүхийн шинэ хуудас нээж, “440Hz Records” болон өргөжиж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж, Төрийн соёрхолт Д.Болдтой шинэ студийнх нь талаар ярилцлаа.

Монголын хөгжмийн урлагийг гадаад зах зээлд сурталчлах, дуучдаа гаднын салбар рекордсуудад санал болгож, од болох мөрөөдлийг нь биелүүлэх боломжтой болж байна

 Юуны өмнө танд “В” продакшны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. Продакшнаа анх үүсгэн байгуулж байхдаа 15 жилийн дараах энэ өдрийг хэрхэн төсөөлж байв?

Есдүгээр сарын 9-н буюу өнөөдөр “В” продакшны 15 жилийн ой тохиож байна. 2006 онд анх байгуулагдаж байхдаа артист дуучид ороод хөгжмөө бичүүлчихдэг, видеогоо хийлгэдэг, фото зураг авхуулаад дизайнаа гаргуулдаг, бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авчихдаг, продюсертойгоо уулзчихдаг цогц хөгжмийн студи байгуулах үүднээс “В продакшн 440 герц”-ээ нээж байв. Анх удаа гаднын мэргэжилтнүүд ажиллуулж, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд уран бүтээл арвин, сайн бүтээлүүд олон төрлөө. Харин өнөөдөр 2015 оноос хойш эхлүүлсэн том ажлынхаа ард гарч, олон улсын стандартад нийцсэн дуу бичлэгийн А зэрэглэлийн студи, анхны рекордсын бизнесийн хөгжмийн байгууллагаа албан ёсоор нээж байгаадаа баяртай байна.

2006 онд продакшнаа нээж байхдаа Монголдоо олон улсын стандартад нийцсэн, дэлхийн хамгийн топ дизайнеруудаар акустик тохиргоонуудаа хийлгэсэн, олон улсын сүлжээнд орж ажилладаг студи нээнэ гэж мөрөөддөг байсан. 15 жилийнхээ ойгоор мөрөөдлөө биелүүлж, Монголынхоо нийт дуучид, урлагийнхан, кино салбарынхандаа “440Hz Records” студиэрээ бэлэг барьж, үүд хаалгаа нээж байгаадаа баяртай байна.

-Олон улсын стандартад нийцсэн, дэлхийн А зэрэглэлийн студи гэж та онцоллоо. Стандартын талаар илүү тодруулахгүй юу?

-2015 онд Wes Lachot гээд АНУ-ын студийн интерьер, акустикийн дизайн хийдэг компанитай анх гэрээ байгуулж, маш урт хугацааны судалгаа, тооцооны үндсэн дээр студиэ байгуулаад байна. Wes Lachot-ийн мэргэжилтнүүд Америкаас олон удаа ирж, рекордсын орчин, дуу чимээг судалж, дотор нь ажилласан. А зэрэглэлийн студи байгуулахад уран бүтээлчдийн эрүүл мэндэд харшлахгүй материал ашиглах, амьсгалын замд нөлөөгүй, дуу бичлэг хийж байх үед ямар ч чимээ гаргахгүйгээр агааржуулалтын системийг шийдэх гэх мэт маш нарийн ажлууд байдаг. Үүнээс гадна Монголд ихэвчлэн байдаггүй материал, технологи, стандартууд шаардагдсан. Тэр болгоныг бид Монголынхоо хөрсөн дээр буулгаж, олон улсын ISO 3382:2009 стандартаар баталгаажуулан ажиллах гэж байгаадаа баяртай байна. Монголд анх удаа дуу бичлэгийн цогц, хөгжмийн бизнесийн байгууллага ISO стандартыг өнөөдөр гардан авч байна.

-Олон улсын рекордсын сүлжээнд нэгдэж байна гэж Та хэлсэн. Энэ талаараа илүү тодруулж ярихгүй юу. Ямар давуу тал ач холбогдолтой вэ?

– “B” продакшн гэдэг байгууллага Монголдоо шинэ залуу уран бүтээлчдийг төрүүлээд явж байсан бол өнөөдөр олон улстай хамтарч ажиллах хэмжээний салбар рекордс, бизнесийн байгууллага болж байна.

Бид Английн хөгжмийн тоног төхөөрөмжийн SSL, QUESTED брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Дэлхийн топ дизайнер Америк улсын Wes Lachot зураг төсөл акустик тохиргоог хариуцаж, студийн дизайн дээр хамтран ажилласнаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр олон улсын захиалга, жишээ нь олон улсын кино, тоглоомуудын хөгжмийн захиалга авах, харилцан хамтран ажиллах бололцоо нээлттэй болж байгаагаараа давуу талтай.

Монголын хөгжмийн урлагийг гадаад зах зээлд сурталчлах, монгол дуучдаа гаднын салбар рекордсуудад санал болгож, од болох мөрөөдлийг нь биелүүлэх боломжтой болж байна.

-Сүүлийн үед Та залуу уран бүтээлчдийг идэвхтэй дэмжин ажиллаж байгаа. Залуу уран бүтээлчдийг урлагийн салбарт хөл тавихад нь ямар зарчмыг баримтлан ажилладаг вэ?

-Бүх юм стандартынхаа дагуу өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна шүү дээ. Оюуны өмчийн гэрээнээс эхлээд артист, продакшны хоорондын бизнесийн гэрээ, дуу өмчлөх болоод худалдаалах гэрээ гэх мэтчилэн бүх үйл ажиллагаа олон улсын стандартаар явахгүй бол энэ бизнес өөрөө зөв явж чадахгүй. Тэр ч утгаараа Монголдоо бид ямар ч байсан түүчээ болж, рекордсоо нээж байгаа. Гэхдээ дараа дараагийн зөндөө олон асуудал бий. Жишээ нь оюуны өмчийн байгууллагатай олон талт харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлж, дуу бичлэгийн эрхийг хамгаалах ажлуудыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэхээс өөр аргагүй.

Би “В” продакшны захирал ч дуучин гэдэг өнцгөөсөө харвал оюуны өмчийн тал дээр дуучин хүн өөрөө орлого олох систем нь илүү сайн бүрдэж эхэлж байна гэж болно. Шүлэг зохиогч, ая зохиогч ч тэр оюуны өмчийн гэрээний дагуу бизнес харилцаанд бүрэн шилжиж байна гэсэн үг.

-Манай улсын урлагийн зах зээл жижигхэн. Та энэ бизнес моделийг хөгжүүлээд явж байхад ямар хүндрэл бэрхшээл учирч байна вэ. Мөн энэ төрлийн томоохон төслийг хэрэгжүүлээд явахад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан бэ?

-Монголын урлагийн зах зээл үнэхээр жижиг. Тиймдээ ч Монголын нүүр царай болоод дэлхийд гарах хэмжээний зүйлийг хийж чадаагүй байсан. Энэ боломжийг манай улс дахь тогтолцоо нь өөрөө бүрдүүлээгүй.

Харин өөрсдийн хүч хөдөлмөрөөр өндөр амжилт гаргаж байгаа уран бүтээлчдийн нэг тод жишээ нь “The Hu” хамтлаг. Америкийн рекордст албан ёсоор харьяалагдаж, Монгол Улсаа гаднын орнуудад сурталчилж явна. Манай улсад уран бүтээлчдийг гаднын зах зээлд гаргаж, улсаа сурталчлах бодлогын арга хэмжээ байдаггүй. Зүгээр хий хоосон яриа л өрнөдөг. Наад зах нь рекордс буюу урлагтай холбоотой ажил хийх гэж байгаа хүмүүст зориулсан зээл байдаггүй. Энэ төрлийн дэмжлэг үзүүлэх санхүүгийн тогтолцоо, үнэлэмж, судалгаа ч байхгүй байх жишээний.

Уг нь дуу бичлэг гэдэг өөрөө үйлдвэрлэл. Гаднын зах зээлд Монголыг сурталчлах хамгийн том боломж нь урлаг. Тэр том эргэлтийн хөрөнгийг дэмжих тодорхой хэмжээний бодлогыг улс гаргах нь зөв байх. Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар бодлого гаргаж байгаа нь хонгилын үзүүрт гэрэл асааж буй.

Энэ бүх өөрчлөлтийн эхлэл нь байх үүднээс рекордсын бизнесийн байгууллага анх удаа нээгдэж байгааг дахин онцолмоор байна.


Дуучид спонсор хайж явдаг үе эцэс болох ёстой. Гавьяатынхаа тэмдгийг зүүж очоод 5,000 ам.доллар гуйж сууж таарахгүй. Цаг үе өөрчлөгдсөн. Монголд рекордс нь дуучдынхаа бүтээлийг худалдаж аваад, ашиг хэрхэн олохоо шийддэг байх хэрэгтэй. Дуучид зөвхөн бүтээлээ рекордст зараад, дараа дараагийнхаа бүтээлийн чанарт л анхаарлаа хандуулах ёстой. Ашиг, хөрөнгө оруулагч, клипний мөнгө, тоглолтын билетийн дизайн зэрэг бүх зүйлд ганцаараа санаа тавин гүйх шаардлагагүй.

Энэ бүх замыг 26 жилийн турш туулаад явсан хүний хувьд шинэ үеийнхнийг ийм замаар явуулж, цаг алдуулахыг хүсээгүй. Олон улсын стандартын дагуу бизнес цааш хөгжих ёстой.

Нөгөө талаар, хүмүүс хөнгөн бодлоор, хариуцлагагүйгээр дуучин болж болохгүй. Эрэгтэй хүн байлаа гэхэд хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс авхуулаад гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Тэгэхээр энтертайнмэнт бизнест үр ашгаа өгөх хэмжээний бол тэр хүн дуучнаараа явах хэрэгтэй. Тэгэхгүй, сайн математикч болох гэж байсан хүн дуу дуулаад, хайран цаг хугацаагаа үрж болохгүй. Энэ утгаараа манай рекордс залуучуудын хүсэл мөрөөдлийг зөв тийш чиглүүлэх юм.

Ер нь аливаа зүйл бизнесийн харилцаан дээр буюу гэрээ хэлцэл, бичиг цаасан дээр явагдаж байж цаашид үүсэх эрсдэл, маргаанаас сэргийлнэ. Түүнээс гадна Болдын гаргасан цомог үр хүүхдүүдэд маань үлдэж, үр өгөөжийг нь хүртэх хэмжээний үнэ цэнтэй байх ёстой гэж боддог.


Шинэ рекордсынхоо бүтэц, хамт олны ур чадварын хувьд хэрхэн тодорхойлох вэ?

”В” продакшн, “440Hz records” маань үндсэндээ таван студитэй. Кинонд дуу оруулах, киноны хөгжим, дуучдын дуу бичлэг, оркестр, сонгодог хөгжим гэх мэт урлагийн бүхий л төрлийн дуу бичлэгийн ажлууд хийгдэх бүрэн бололцоотой. Социализмын үед кино үйлдвэрийн хөгжмийн заалыг оросууд Монгол Улсад хийж өгч байсан бол тэр хэмжээний, олон улсын стандартад нийцсэн студийг энэ удаа хувийн хэвшил анхлан нээж байгаа юм. Мөн хөгжмийн найруулга хийх гурван өрөө студи, хөгжмийн сургалтын өрөө, бүжгийн заал, оффис зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Зөвхөн би биш, манай чадварлаг олон продюсер тус бүрд нь хариуцаад ажиллана.

Та, танай продакшн хамтарч ажиллах уран бүтээлчдэдээ ямар шалгуур тавьдаг вэ?

Манай продакшнд шалгуулах хүсэлтэй залуучууд маш их ирдэг. Рекордсоо албан ёсоор нээж байгаа учраас сонгон шалгаруулалт ч хийгдэнэ. Гэхдээ хамгийн гол нь тэр залуучуудыг зөв чиглүүлэх ёстой. Үнэхээр дуучнаараа яваад, жишээ нь над шиг 26 жил, өөр зүйл хийхгүйгээр, зөвхөн уран бүтээлээ туурвиад, эхнэр хүүхдээ тэжээж чадах уу гэдгээ л хамгийн түрүүнд ойлгох ёстой. Түүнчлэн улсдаа хэрэгтэй, олон улсын хэмжээний уран бүтээл хийж чадах хэмжээний нөөц боломжтой байж гэмээнэ сая дуучны мэргэжлийг сонгох хэрэгтэй. Яагаад гэвэл маш их цаг хугацааг зарцуулж байж амжилтад хүрдэг салбар. Залуучууд маань сонирхолдоо хөтлөгдөөд, хий дэмий цаг хугацаагаа үрэх вий гэхээс би хувьдаа эмээдэг. Иймээс л бидний хувьд залуусыг зөв чиглүүлэх нь чухал гэж хэлээд байгаа юм.

Гаднын зах зээлд танигдаж, од болохын тулд тухайн хэлээр нь бүтээгдэхүүнээ хүргэж байж амжилт олно. Манайд тийм нөөц боломж хэр байгаа вэ?

”The Hu” хамтлагаар би маш их бахархаж байгаа. Тэднийг хэн ч дэмжээгүй. Улс ч дэмжээгүй, гадаадын зах зээлд гарахад нэг ч төгрөг өгөөгүй. Тэд цэвэр авьяас, хөдөлмөрөөрөө цойлж гарч ирж чадсан, Америкийн рекордсын албан ёсны гэрээт артистууд. Монголын урлагийг дэлхийд гаргах гэж байгаа бол улс бодлогоо гаргах хэрэгтэй. Түүнээс гадна дэлхийн зах зээлд гаргах брэндтэй байх ёстой. Солонгосын K-Pop урсгалаа дэмжиж буй жишгийг харж болно. Улс дэлхийн зах зээлд юу зарах вэ, түүнийгээ юугаар сурталчлуулах вэ гэдгээ л тодорхой болгох хэрэгтэй.

Анхны уран бүтээлчидтэйгээ хэр холбоотой байдаг вэ. Шинэ студийнх нь анхны артистууд хэн байх вэ? Шинэ уран бүтээл нь юу байх вэ?

2006 онд B Production “VOLUME 1” цомгоо гаргаж байсан бол 15 жилийн ойгоо тохиолдуулан “VOLUME 2” цомгоо цуврал болгон хүргэхэд бэлэн болоод байна. Анх 2006 оноос залуу уран бүтээлчдээ дэмжиж эхэлж байв. Учир нь би өөрөө бүх зовлонг нь мэддэг байсан болохоор үнэхээр л авьяастай уран бүтээлч бол тодорхой цаг хугацаанд хурдан үр ашгаа өгч танигдах нь чухал гэж бодсон. Тухайн үед Эгшиглэн, Маралжингоо, Агиймаа, “Шоо хамтлаг, “3 охин” гэх зэрэг уран бүтээлчидтэй хамтран бид “VOLUME-1” төслөө эхлүүлж, тэр үеийн хит дуунуудыг багтаасан цомгоо гаргасан юм.

Тэгвэл одоо 15 жилийнхээ ойгоор “VOLUME 2” цомгоо гаргах гэж байна. Тус цомогт маань VOICE шоуны ялагч Ядам, оролцогч Анужин, Эмүүжин, Бүжээ, Алунгоо, Nene, Billy Bay, Chris, Ariu, Anujin, Идэрмаа, NS хамтлагаас гадна миний өөрийн болон Камертон хамтлагийн шинэ гаргасан уран бүтээлүүд багтсан. Залуу уран бүтээлчдийг дэмжих бодлого маань үргэлжилсээр байх болно.

“440Hz Records” -ийн анхны артистууд:

ikon.mn

Shares

Холбоотой мэдээ