Рибрэндинг хийж буй Мобикомын лого 2017 онд байгуулагдсан “Audiomodern”-ын лого юу?

2021-09-10 237 0
Shares

Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор хэмээх тодорхойлолттой Мобиком корпораци 25 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж, рибрэндинг гэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уг арга хэмжээтэй холбоотойгоор тус корпорацийн Ерөнхийлөгч Тацуяа Хамада байгууллын цахим хуудсаар дамжуулан мэдээллийг хуваалцжээ.

Тэрбээр “Бид 25 жилийн ойн эдгээр өдрүүддээ рибрэндинг хийж, шинэ философи, шинэ лого, шинэ өнгө төрхтэйгөөр дижитал эриний аяллаа цааш үргэлжлүүлэх гэж байна. Өнөөдрийн хувьд манай лого, гадаад төрх өөрчлөгдөж буй боловч бид компанийн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсээ шинээр тодорхойлохоос эхлээд салбаруудаа шинэчлэх, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, үйлчилгээгээ хурдасгах, шинэ технологи, арга барил турших зэргээр өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй хийсээр байгаа билээ.

Мобикомын рибрэндинг нь манай компанийн үе үеийн ажилтнууд төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхний хувьд ч сэтгэл хөдлөм өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэж байна” хэмээн бичжээ. ЭНДЭЭС ХАРАХ Үнэхээр логог нь хараад сэтгэл хөдлөх шиг болов. Учир нь Мобикомын шинэ лого Audiomodern хэмээх программ хангамж, апп хөгжүүлэлт, хөгжийн зах зээлд ажилладаг компанийн логотой тун ч адилхан байгаа юм.

Оюуны өмчийн асуудал сүүлийн жилүүдэд маш хүчтэй яригдах болсон. Манай улсад энэ талын хууль эрх зүй байх боловч хэрэгжилт туйлын хангалттгүй байдаг. Тиймээс томоохон ААН, алдар цуутай хүмүүсийг энэ тал дээр үлгэр дуурайл болохыг уриалсаар ирсэн билээ. Хачирхалтай нь монголын хамгийн анхны үүрэн холбооны оператор компанийн рибрэндинг хийхдээ танилцуулсан логог нь бусдын 2017 оноос хойш ашиглаж буй логоноос ялгарах зүйлгүй байгаа нь анхаарал татсан хэрэг.

Audiomodern компани нь 2017 онд байгуулагдсан технологийн компани бөгөөд хөгжим үйлдвэрлэгчдэд зориулсан шинэлэг програм хангамжийг хөгжүүлдэг байна. Apple Inc, Native Instruments, AVID, Splice гэх мэт салбартаа тэргүүлэгч компаниудад зориулагдсан Чорджам, Риффер, Плейбэйт болон дуу чимээ, дизайны онцгой төслүүд дээр ажилладаг хэмээн өөрийн танилцуулгадаа бичжээ. ЭНДЭЭС ХАРАХ

Гэтэл Рибрэндинг гэдэг нь хэрэглэгч, хөрөнгө оруулагч, өрсөлдөгчид болон бусад оролцогч талуудын оюун ухаанд шинэ, өвөрмөц онцлог шинж чанарыг бий болгох зорилгоор брэнддээ зориулж шинэ нэр, нэр томъёо, лого, загвар, ойлголт эсвэл тэдгээрийн хослолыг бий болгох маркетингийн стратеги хэмээн тодорхойлсон байна. Гэтэл Мобикомын энэхүү логог шинэ гэж үзэх, цаашлаад оюуны өмчийн зөрчилгүй эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Мобикомчууд өнөөдөр 20:20 минутаас оюуны өмчийг дээдлэнэ гэсэн уриатай Монгол HD телевизээр “ШИНЭ МОБИКОМ – БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА” арга хэмжээг шууд дамжуулах юм байна. Тиймээс энэхүү логоны давхцал хийгээд оюуны өмчийн тал дээр тайлбараа хийх нь зүйд нийцэх болов уу. Тэгж байж шилдэг ААН Монгол Улсын бизнесийн зах зээлд оюуны өмчийг дээдлэх, өөрсдийн брэндийг хөгжүүлэх зэрэгт үлгэрлэл үзүүлж, бизнесийн хөгжилд манлайллаа харуулах буй за.

Shares

Холбоотой мэдээ