“Үерийн Далан Бариулснаас Бурхан Бүтээлгэвэл аймаг нь усанд Автахгүй” гэдэг засаг дарга Архангайд байна

2021-09-10 422 0
Shares

Архангай аймгийн Засаг дарга асан Д.Золжаргал үерийн аюулаас сэргийлж бурхан бүтээлгэжээ. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаст бичсэн байна. Уг нь 21-р зуунд орон нутгийн хөгжлийн түүчээ болох хувиар ч, залуу хүний хувиар ч тэр уг нь үер, усны асуудалд ингэж хандах учиргүй сэн. Далан хаалт барих, усжуулалтын систем байгуулах зэрэг аятай шийдвэр санаачлах нь хавьгүй дээр. Зүйд нийцнэ.


Гэвч бурхан бүтээлгэж, шүншиглэн аравнайлж, Тамирын голын хөвөөнд байршуулсан тухайгаа зарлаж сууна. Ингэх үес гол үерлэсэн ч бурхан хүрэлгүй татардаг юм гэнэ. Энэ мухар сүсэгтэй Засаг даргыг яалтай ч билээ. Угтаа бол залуу хүн арай асуудлыг өөрөөр харж илүү ажил хэрэгч, шинжлэх ухаанч хандах ёстой. Шашины зан үйл, төрийн ажил хоёрыг ялгахаа байтлаа мунхарсан ЗАСАГ ДАРГЫГ яах вэ ЕРӨНХИЙ САЙД АА…

Мэдээ мэдээлэл: 

Архангай аймагт аадар борооноор 5000 орчим мал урсчээ

Архангай аймагт долдугаар сарын 12-нд их хэмжээний бороо орсноос хэд хэдэн суманд малчдын гэр, хашаа, мал урсаж, хорогдсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Даваа гарагт Архангай аймагт хүчтэй усархаг бороо орж, Цэнхэр сумын нутагт 32 мм тунадас бууснаас малчин айлын гэр, бог мал үерт урссан. Малчин Б-ын таван ханатай гэр, гурван тугал, дөрвөн хонь үерт урсаж, Ихтамир сумын нутагт 89 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан. Малчин О-ын таван ханатай гэр, малчин О-ын 50 хонь, 70 ямаа, Ц-ын 10 хонь, зургаан ямаа, А-ийн 11 хонь, зургаан ямаа, Б-ийн 15 хонь, 15 ямаа, Б-ийн найман үхэр, 24 хонь, 31 ямаа, С-ын 20 хонь, 23 ямаа, М-ын 19 хонь, 23 ямаа, Г-ын хоёр хонь, дөрвөн ямаа, нийт нэг гэр, 181 хонь, 192 ямаа, найман үхэр үерт өртөж урссан байна.


Өлзийт сумын нутагт 42 мм тунадас бууж борооны өмнө салхи 20 м/с хүрсний улмаас малчин айлын гэр, байшин нурсан. Малчин Ч-ийн таван ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй зуны байшин, П-ийн дөрвөн ханатай гэр, 8х6 метрийн хэмжээтэй зуны байшин, М-ийн таван ханатай гэр, Д, Ч нарын малын хашаа тус тус нурсан, 11 бог мал хорогджээ. Мөн Батцэнгэл сумын нутагт 68 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан байна. Ингэснээр Архангай аймгийн 10 суманд үер бууж 10 орчим айлын гэр нурж, албан бус тоогоор 5000 орчим мал үерт урсжээ.


Дээрх мэдээллийг тухайн сумдын Засаг даргын Тамгын газраас өчигдөр /2021.7.15/ Архангай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлэх, гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжоо чангаруулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.

Shares

Холбоотой мэдээ