ХОНГОР НУТАГ 20000 ТӨЛ МАЛАА СУУРИН ГАЗАРТ ТЭЖЭЭЖ ОНД ОРУУЛНА

2020-12-31 126 0

Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан малчдынхаа эрсдэлийг хуваалцаж, онд ороход хүндрэлтэй байгаа нялх малыг бүх нийтээрээ тэжээх уриалгыг гаргаж энэ хүрээндээ төрийн байгууллагын удирдлагуудтай энэ сарын 30-ны өдрийн бага үдийн хэрд уулзалт хийж ярилцсан юм.
Нүүдэлчин ардын ахуй соёл, ёс заншлын өвийг тээгчид бол яахын аргагүй монгол малчид билээ. Тэгвэл тус аймгийн удирдлагууд малчин түмний аж амьдрал, санхүүгийн нөөцийг хамгаалах, төл малаа онд мэнд оруулах дээрх санаачилгыг төрийн байгууллагын удирдлагууд 100 хувь дэмжсэнээр Баянхонгор аймаг 20000 төл малыг төв суурин газартаа тэжээхээр болов.
Ингэхдээ аймгийн төвд 10000 төл малыг төрийн байгууллага, бизнесийн байгууллагууд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан тэжээх бол бусад сум суурин газруудад 10000 төл тэжээхээр төлөвлөгөө боловсруулаад байна. Төл малыг тэжээх аргачлалын талаар аймгийн ХХААГ, МЭА, Мал үржлийн тасгаас шаардлагатай арга зүйгээр байгууллагуудыг ханган ажиллах аж.
Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 1400 төл мал орж ирээд байна. Цагдаагийн газар, Нисэх, XV цэцэрлэг, “Их Богд зам” ХХК, “Хаш гоёо” ХХК, ХХААГ, МЭА, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, ХХҮГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний газар зэрэг байгууллагуудын хүсэлтээр дээрх төл малуудыг хуваарилан өгсөн байна.
Төрийн байгууллага, ААН-үүд төл малыг тэжээснээрээ туслах аж ахуйгаа хөгжүүлж, ирэх хавраас байгууллага хамт олондоо ашгийг нь хүртээх зэргээр эерэг үр дүнгүүд давхар бий болох юм.
Байгууллага, ААН-үүд малчнаас нэг төл малыг 25000- 30000 төгрөгөөр үнэлэн авах ажээ. Төл малыг хүлээн авсан байгууллагууд гэрт болон хэвтэр бууцтай дулаан орчинд тухайн тэжээх юм.
Манай аймгийн төрийн байгууллагынхны хувьд ногоон тэжээлийг хямад төсөр аргаар тариалах туршлагыг хуримтлуулж сурсан. Энэхүү ногоон тэжээл, тэжээллэг чанараараа өндөр учир төл мал тэжээх хамгийн боломжтой тэжээл болоод байгаа юм. Иймээс ногоон тэжээлийн тариалалтыг ч эрчимжүүлэх ажээ.
Төл мал тэжээж онд оруулах ажлыг аймгийн засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд манай иргэд өөрсдөө сайн дураараа тус уриалгад нэгдэн төл мал тэжээж болох юм. Хонгор нутгийн ажилласаг түмэн энэхүү уриалгад нэгдэхийг хүсвэл 8911-9918, 9554-5588, 8944-7788 дугаарын утсаар мэдээлэл авч болохнээ.
Эрдэнэт сүргийнхээ нялх төлийг тэжээж онд мэнд оруулах гэгээн сайхан үйлсэд Баянхонгорчууд ийнхүү хоёр оны зааг дээр нэгдлээ.
Эрсдэл болгоныг эвийн хүч дор нэгдэн, эрвийх дэрвийхээрээ ажиллаж байж эрдэнэт мал сүргээ онд мэнд оруулцгаая.

Холбоотой мэдээ