ТААТАЙ МЭДЭЭ: ​АНУ Монголд цар тахлаа даван туулахад нь 10.5 тэрбум төгрөг өгхөөр боллоо. ГОЛ НЬ ЗӨВ ЗАРЦУУЛ, ҮР ДҮН ЧУХАЛ

2021-09-14 377 0
Shares

АНУ-ын Засгийн газар даваа гаригт цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.7 сая ам.доллар буюу 10.5 тэрбум төгрөгийн яаралтай нэмэлт тусламж үзүүлэхээ зарлалаа.

Тусламжийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу “USAID”-аар дамжуулан олгох бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, хангамж, эмнэлгийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, шинжилгээний иж бүрдэл, хүчилтөрөгчийн эмчилгээ болон хувийн хамгаалах хэрэгсэлд зориулах юм. Түүнчлэн, “USAID”-ын зүгээс эмнэлгийн ослын менежмент, лабораторийн хүчин чадлыг сайжруулах, хээрийн эмнэлгүүд байгуулах, хүүхэд, гэр бүлд сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан телевизийн контент боловсруулах, “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын ач холбогдол, тархалтаас урьдчилан сэргийлэх алхмуудыг сурталчлах зэрэг ажлуудыг хийх аж.

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны орлогч дарга Грегори Мэй энэ талаар “Цар тахлыг зогсоох цорын ганц арга бол дэлхий нийтээрээ улс орнууд хамтран ажиллах явдал юм. Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монголын ард иргэдэд цар тахлыг даван туулахад туслах үүрэг хүлээсэн хэвээр байна” гэжээ.

АНУ-ын зүгээс үүнээс өмнө нь манай улсад 4 сая ам.доллар буюу 11.4 тэрбум төгрөгийн ковидын тусламж үзүүлээд байв. Энэхүү яаралтай өгч буй мөнгөн тусламжыг маш үр дүнтэй, зөв зарцуулах нь Засгийн газрын үүрэг юм. Тусламж, дэмжлэг аваад л байдаг байдал улам дордоод байвал ёстой ард түмэн чинь, эмнэлгийн байгууллага чинь туйлдчихаад байгаа шүү. Тэвчээрт бас хязгаар бий гэдэг дээ. Үүнийг л ямагт санагтун Оюун-Эрдэнэ сайд аа…

Мэдээ мэдээлэл: 

​БНХАУ цар тахлын улмаас Ганцмод боомтыг дахин дөрөв хоног хаалаа

БНХАУ-ын Гаалийн байгууллага Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж даваа гаригт Ганцмод боомтын үйл ажиллагааг дөрвөн өдрийн хугацаатай дахин хаасан талаар “SXCoal” мэдээллээ.

Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр ачааны машины жолооч нарын шинжилгээний үр дүнгээс хамаарч Хятадын тал өнөөдөр нүүрсний тээврийг хэвийн үргэлжлүүлэх эсэх талаар шийдвэр гаргах аж.

Ганцмод боомт дээр өнөөдрийн байдлаар Монголын түүхий коксжих нүүрсний ханш тонн тутамд 3100-3150 юаньд хүрээд байна. Харамсалтай нь, тээврийн хүндрэлээс болж экспорт тасалдсан хэвээр байгаа юм. Төсвийн тодотголоор энэ онд 28 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Гэвч 2021 оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын гүйцэтгэл 35.8 хувь буюу ердөө 10.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл оны эцэст нүүрсний экспортын биет хэмжээ 28 сая тоннд хүрэх ямар ч боломжгүй юм.

Нэг сайн мэдээ байгаа нь манай улсын нийт нүүрсний экспортын 95 хувийг гаргадаг Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтууд дээр “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Тавантолгой” ХК гэх нүүрсний гол компаниудын хөрөнгөөр чингэлэг терминал байгуулах ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг энэ сард дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд чингэлэг терминал ашиглалтад орсноор нүүрсний экспортыг жилд 10 сая тонноор нэмэгдүүлэхээр тооцсон.

Түүнчлэн, ковидын хатуу хяналтын үед жолооч нар хил давалгүй чингэлэг терминалд нүүрсээ буулгадаг болсноор хилийн нэвтрэх хөдөлгөөнд эерэг нөлөө болох юм.

 

Shares

Холбоотой мэдээ