ОХУ-ын шатахууны экспортоо хумиагүй байхад Монголд шатахууны хомсдол үүсч, үнэ нэмж байгаа нь ҮГССЭН ЛУЙВАР гэж үзээд үйл ажиллагааг нь шууд зогсоо!!!

2021-09-15 246 0
Shares

Өнгөрсөн долдугаар сард АИ-92 шатахууны үнэ хоёр удаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 болсон. Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, бидний хэлж заншсан “халтуурчид” буюу хувийн таксины үнэ нэг километр тутамд 1500 төгрөг болж нэмэгдсэн нь иргэдэд маш их дарамт болж, сэтгэл зүй болон эдийн засгийн хямралаас гарч чадаагүй яваа. Яг энэ үед гэнэт шатахуун түгээх станцууд АИ-92 бензин “Дууссан” гэх шалтгаан хэлж өгөхгүй байхад жолооч нар дахин үнэ нэмэгдэх нь хэмээн хардаж, ам уралдуулан ярьж байв.

Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь ОХУ-ын “Роснефть” компани үйлдвэртээ жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдэг. Тус засварын улмаас есдүгээр сард манайд нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулсан. Үүнтэй холбоотойгоор зөрүүг нь БНХАУ-ын “Чайна Ойл”, “Петро Чайна” зэрэг компаниудаас авахаар Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Шатахуун олдохгүй байгаатай холбоотойгоор өчигдөр АМГТГ-ын мэргэжилтэнгүүд тайлбар, мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,

АИ-92 шатахуун 19 хоног, Дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Шатахууны хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөцийн хомсдол бий. Гэхдээ холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахуун сэлгэх, зөөх байдлаар зохицуулалт хийсэн.

Мөн үнэ нэмэгдэх нөхцөл үүсээгүй. Өчигдрийн байдлаар нийт 71 шатахуун түгээх станцаас мэдээлэл авахад хотын захад байрлах 13 шатахуун түгээх станц худалдаа хийхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд АИ-92 бензиний 21 хоногийн нөөц байгаа. Тиймээс аль болох хязгаарлалт тогтоохгүйгээр нөөцийн хэмжээнд байгаа бололцоогоор нь нийлүүлэн ажиллахыг зорино. Мөн иргэдийн дунд “Шатахууны үнэ нэмэгдэнэ” гэх цуу яриа бий. Энэ нь үндэслэлгүй ташаа мэдээлэл.

Энэ долоо хоногийн сүүлч, дараа долоо хоногоос шатахууныг хэвийн борлуулна” гэж хэлсэн юм.

Мэдээ мэдээлэл: 

ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглохгүй байхаар шийдвэрлэлээ

ОХУ-аас экспортолж буй бензинд хориг тогтоохгүй байхаар эрх баригчид шийдвэрлэсэн тухай РБК холдинг болон ТАСС агентлаг мэдээлж байна. Шадар сайд Александр Новакийн зохион байгуулсан зөвлөгөөний үеэр экспортод хориг тавихгүй, үүний оронд бирж дээр борлуулж буй шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлэхийг нефтийн салбарынханд санал болгожээ. Өмнө нь Эрчим хүчний яамнаас бензиний экспортыг зогсоох тухай саналыг оруулж байсан юм.

Шадар сайд ба газрын тосны салбарынхны хамтарсан зөвлөгөөний үеэр Орос улсаас гадаадын орнуудад бензин экспортлохыг хориглох тухай шийдвэр гаргаагүй гэдгийг Оросын Шатахуун үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Евгений Аркуша РБК холдингт мэдээлсэн байна. Түүний хэлснээр, “бензиний экспортод хориг тавихыг дэмжээгүй, харин бирж дээр гаргаж буй бензиний нийлүүлэлтээ хоногт 5 мянган тонноос доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх саналыг нефть боловсруулагчдад тавьсан бөгөөд тэд ийм алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” ажээ.

Е.Аркушагийн ярьснаар бол, бирж дээр үнийг тогтворжуулах талаар одоохондоо хатуу арга хэмжээ авахгүй бололтой. Зөвлөгөөний явцад эрх баригчдын зүгээс нөөцөөсөө гаргах замаар биржийн нийлүүлэлтийг өсгөхийг компаниудад санал болгожээ. Нийлүүлэлтийг тогтмол, жигд байлгах нь үнэ буурахад нөлөөлнө гэж тэрбээр үзэж байна. Үүний сацуу үнийг царцаах талаар нефтийн салбарынхантай гэрээ хэлэлцээр хийх тухайд ямар ч шийдвэр гаргаагүй гэдгийг Е.Аркуша нэмж хэллээ.

Долоодугаар сарын 22-ны өдөр Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгдэхдээ, хэрвээ бензиний биржийн үнэ өмнө нь байгаагүй өндөр түвшинд тогтох аваас дараагийн долоо хоногт шатахууны экспортыг зогсооно гэж мэдэгдэж байсан юм. Ийнхүү 30-ны өдөр тэрбээр, Эрчим хүчний яамны зүгээс “бензиний экспортыг хориглох арга хэмжээг түргэвчилсэн байдлаар хэрэгжүүлэх үүргийг өгөх тухай” саналыг Засгийн газарт оруулсан гэж хэлжээ.

Мөн дөрөвдүгээр сард Эрчим хүчний яамны зүгээс “шатахууны дотоодын зах зээлийг тогтворжуулах, үнийн өсөлт бий болгохгүй байх” үүднээс бензиний экспортыг 3 сарын хугацаагаар зогсоох тухай саналыг дэвшүүлж байсан юм. Харин Шадар сайд А.Новак экспортыг зогсоох нь онцгой хүнд нөхцөл байдлын үед авах “эцсийн арга хэмжээ” гэдгийг хэлж байв.

Ташрамд дурдахад, биржийн үнэ нь ШТС-уудын үнэд шууд нөлөөлдөггүй. Гэхдээ Орос улсад демпферийн журам үйлчилдэг бөгөөд уг журмын дагуу Оросын дотоодын үнэ ба экспортын үнэд зөрүү гарсан тохиолдолд шатахуун үйлдвэрлэгчдийн алдагдлын тодорхой хэсгийг төсвөөс нөхдөг байна. Ингэснээр дотоодын үнийг өсгөхгүй байх боломж бий болдог. Харин бензиний дотоодын үнэ нь экспортын үнээс давсан тохиолдолд нефтийн компаниуд ашгийнхаа тодорхой хэсгийг төсөвт оруулдаг ажээ.

Shares

Холбоотой мэдээ