Э.Энхбат: “Чандмань Баянхонгор” ХК орчин үеийн, бүтээлч байгууллага болж чадсан

2021-01-07 819 2

Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд барилга байгууламж олноор барьж, аймаг хүрээгээ тэлж, өдрөөс өдөрт өнгө төрхөө өөрчилсөөр буй. Энэ хэрээр барилгуудын цэвэр усны хангамж, хэрэглээний цэвэр ус, хэрэглэсэн ус зайлуулах байгууламжийн хэрэгцээ хүрээгээ тэлж байна.

Ерөөс амьд оршихуйн язгуур үндэс нь ус агаад ард иргэдээ цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангах чухал үүргийг орон нутагтаа “Чандмань Баянхонгор” ХК хариуцан ажиллаж байна. Нэн чухал эл үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Оффисын шинэ барилга, спорт заал, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн барилга гээд олон олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлдэг “Бүтээгч хамт олон”-ыг  сүүлийн дөрвөн жил удирдсан аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбаттай  ярилцлаа. 

-Энэ онд “Чандмань Баянхонгор” ХК-ийн 55 жилийн ой тохиож байна. Энэхүү байгууллагын сүүлийн дөрвөн жилийн ажил тантай салшгүй холбоотой.

-55 жилийн түүхтэй компанид 2016 оны долдугаар сард гүйцэтгэх захирлаар томилогдон, дөрвөн жил ажиллалаа. Баянхонгор сумын ард иргэдийг цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангах, бохир усыг татан зайлуулах, дулаан хангамжийн хүлээсэн үүргээ манай компани нэр төртэй биелүүлэн ажиллаж байна. Анх ажил авахад 1964 онд ашиглалтад орсон хуучин чулуун барилгатай, өрөөнүүдийн тааз нурсан зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байсан. Хамт олон маань ярилцсаны үндсэн дээр зураг төсвөө хийлгээд, барилгаа шинэчлэх ажилдаа ханцуй шамлан орсон. Иргэдэд хүрэх үйлчилгээ, түүнд ажиллах хүмүүсийн орчин нөхцөл сайн байж, ажлын шим илүү байхыг тооцоолж энэхүү ажлаа эхлүүлсэн хэрэг. Бид нарын гол уриа бол “Чадахгүй гэвэл чадахгүй, Чадна гэвэл чад” гэсэн Хенри Фордын хэлсэн үг байсан. Тэрнийхээ дагуу хүчээ нэгтгэж, санхүүгийн боломжуудыг эрж хайж, ашигласныхаа хүчинд оффисынхоо барилгыг орчин үеийн стандартаар барьж тохижуулсан. Барилгаа шинэчлээд зогсохгүй бүх тавилга, компьютер зэргийг бүрэн шинэчилж, дотоод хангамжийн нэгдсэн системтэй болсны зэрэгцээ санхүүгийн программаа шинэчилж, борлуулалтын албыг үүсгэн байгуулсан.

Тухайн үед төрийн байгууллагынхан ашиглаагүй талбайдаа цэцэрлэг барих хөдөлгөөн орон даяар өрнөж байлаа. Хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн газар нь Гадаад харилцааны яам байсан. Үүнийг орон нутагт хэрэгжүүлж, байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулсан анхны байгууллага “Чандмань Баянхонгор” ХК болсон юм. Цэцэрлэгээ бид улсын төсвөөс санхүүждэг улсын цэцэрлэг болгож, хөгжүүлж чадсан.

Одоогийн байдлаар цэцэрлэгт 160 орчим хүүхэд, 20 гаруй багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Суралцаж буй хүүхдийн 30 орчим хувь нь манай компанийн ажилчдын хүүхдүүд. Ажилчдын хувьд ажилдаа ирэхдээ л хүүхдээ цэцэрлэгт нь оруулчихна, тарахдаа дэргэдээсээ авчихна. Ажил тарах болоогүй байлаа ч хүүхдүүд аав ээжийнхээ ажил дээр байж байсан ч болдог. Би багадаа аав ээжийнхээ ажил дээр очих их дуртай байсан юм. Ажилдаа шамдсан ах эгч нарыг харах, цайны газраар нь үйлчлүүлэх зэрэг нь хүүхэд насны хувьд гэгээн сайхан дурсамж болон үлдсэн байдаг юм. Хүүхдүүдэд ч энэ зөв үлгэр, ажил мэргэжлийн амтанд дурлах, дэг журамд суралцах зэрэг давуу талуудыг өгдөг гэж боддог.

Тиймээс ажилчдаас гадна тэдний ар гэр, үр хүүхэд, ахмад буурлуудад өгөөжтэй, үр дүнтэй ажлыг зохион байгуулах юмсан гэж бодож ажилладаг. Жил болгон ахмадуудаа хүлээн авч, хөгжөөнт тэмцээн уралдаан, бэлэг дурсгал, бүжиг гээд сайхан дурсамж үлдээх үйл ажиллагааг хэвшил болгосон.

-Компанийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу? Мөн аймгийн хэчнээн айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангаж, бохир усыг татаж зайлуулдаг вэ?

-Манай компани орон сууцны 3000 орчим айл өрхөд цэвэр ус, гэр хорооллын айл өрхүүдэд 50 орчим худгаар ундны усны хангамж хийдэг, 250 орчим албан байгууллагад цэвэр усаар хангах, бохир усны ариутгах татуургын үйлчилгээг хүргэдэг. Мөн зах орчмын 150 орчим ААН, бизнес эрхлэгчдэд дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг. Манайх инженер техникийн ажилчид, шуурхай алба, операторын алба, дулаан хангамжийн алба, захиргаа аж ахуй зэрэгт нийтдээ 80 орчим ажилтантай.

-Техник технологийн шинэчлэл, боловсон хүчний хангалт хэр вэ танай салбарт?

-Мэргэжлийн боловсон хүчний хангалт бол дутмаг шүү. Гэсэн хэдий ч ойролцоо мэргэжил бүхий, тухайн ажилд чинхүү дуртай нэгнийг авч сургаж, Барилгын хөгжлийн төв, Нийтийн аж ахуйн холбоо гээд сургалтын байгууллагуудад сургалтад хамруулан, мэргэжил эзэмшүүлж, дадлагажуулж, ажилд мэргэшүүлж авдаг. Техник технологийн хувьд үйл ажиллагаагаа автоматжуулаад явж байна. Тухайлбал, зуухны дулаан хангамжийн үйл ажиллагаанд инвертер ашиглаж цахилгааны эрчим хүчний зардлыг хэмнэх ажлыг зохион байгуулж байна. Мөн усан хангамжийн нэгдсэн системийг автоматжуулалт хийхээр сүүлийн нэг жил судалгааны ажлыг хийж, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

-“Чандмань Баянхонгор” ХК-ийг Бүтээгч хамт олон гэж хардаг. Оффисын шинэ барилга, спорт заал, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн барилга зэрэг бүтээн байгуулалтыг богино хугацаанд босгосон нууц юу вэ?

-Ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлага. Боломжгүй, чадахгүй, мөнгөгүй гээд суусан бол хэзээ ч бүтэхгүй л дээ. Санхүүгийн нөөц бололцоог олон талаас нь зэрэг ашиглаж, богино хугацаанд үр дүнд хүрдэг явдал. Концессын гэрээгээр барилга байгууламжийн асуудлыг шийдэж өгсөн нь томоохон түлхэц болсон. Мөн Спорт заалаа цэвэр 100 хувь өөрсдийн нөөц боломжоороо босгосон. Хуучин Соёлын төвийг нурааж, байгууллагаараа ажиллаж, чадахаа өөрсдөө, чадахгүйгээ хүн хөлсөлж хоёр жил ноцолдож байж ард нь гарсан. Өнөөдөр “Чандмань Баянхонгор” ХК-ийн спорт заал бол хамгийн анхны сагсан бөмбөгийн стандарт талбай бүхий заал болсон. Баянхонгор аймгийн хүүхэд залуучуудын тоглох дуртай газар болоод байна. Баруун бүсийн Нийтийн аж ахуйн байгууллагуудын спортын уралдаан тэмцээнийг тус зааландаа анх зохион байгуулсан. Үнэхээр олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалт болсон шүү.

-Дээрх бүтээн байгуулалтуудад байгууллагын нөөц хөрөнгөөс гэж тодорхой хувийг оруулсан байдаг, нийгмийн хариуцлагын хүрээнд гээд байнга “хөдөлж” байдаг. Тэгэхээр танай байгууллагын санхүүгийн чадамж хэр хэмжээнд байна вэ?

-Анх 2016 онд ажил авахад 900 сая орчим төгрөгийн борлуулалтын орлоготой компани байсан. Үүнийх нь 70-80 хувь нь цалиндаа, үлдсэн нь үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл засвар, бензин тос, нүүрсний зардалд таардаг байсан. Харин 2020 онд ажил өгөхөд манай байгууллагын орлого 2 тэрбум төгрөгт хүрсэн байсан. 2 дахин нэмэгдсэн. Орон нутаг хөгжихийн хэрээр барилга байгууламжууд нэмэгдсэн, орлого болгож чадаагүй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ орлогыг тооцоололдоо авч чадсан, санхүүгийн тооцоолол маань шинэчлэгдэж бүртгэлжүүлэлт сайжирсан зэрэг нь борлуулалтын орлого өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон. Орон нутгийн төсвөөс нэмэлт санхүүжилт авдаггүй, өөрийн орлогоор өөрийн үйл ажиллагааг 100 хувь санхүүжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар гэдэг статусаар үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм.

-Гэр хорооллын худгуудад ухаалаг систем нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд хүрсэн чухал ажил болсон. Аймгийн хэмжээнд хэчнээн ухаалаг худаг ажиллаж байна вэ?

-Бид технологийн эрин зуунд амьдарч байна. Түүнийгээ дагаад боломжит бүхэн хүний оролцоо багасах, технологижсон байдалд шилжиж байна. Эхлээд бид 5, 10, 15 гээд боломж нөхцөлөө нэмээд худгуудыг ухаалаг болгосон. Хэрэглээ энгийн болох тусам хэрэглэгчдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэж байгаа юм. Хэдийд ч очсон картаа уншуулаад усаа авчихна гэдэг бол хэрэглэгчдэд ихээхэн таатай зүйл болсон. Өвлийн цагт орчны хяналтад заавал хүн ажиллуулдаг. Савны гадуур асгарсан ус халиа үүсгэж, мөстөж хөлдсөн байдгийг байнга эргэж тойрч, хараа хяналтыг сайжруулж, цэвэрлэн ариутгаж ажилладаг.

-Хэрэглэгчид хэрэглээгээ гар утаснаасаа хянаж, төлбөр тооцоогоо хийж, холбогдох мэдээллийг авч болох Гар утасны аппликейшнийг нэвтрүүлсэн. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэж хийсэн ажил болов уу. Харин нийтээр хэрэглэх түвшин хэр байгаа бол?

-Гар утасны аппликейшн бол төлбөр тооцоогоо гар утсаар хийх боломжийг бүрдүүлсэн орон нутагтаа анхдагч үйлчилгээ. Манай дараа “Баянхонгор Эрчим хүч” ХК нэвтрүүлсэн байдаг. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор албан ёсны нээлт хийгээгүй байна. Аппликейшн нэвтэрснээр хүмүүст хүрэх хүртээмж нэмэгдсэн. Хэдийгээр нийтэд албан ёсоор танилцуулаагүй ч олон нийтийн сүлжээ, ам дамжсан байдлаар түгсээр чамлахааргүй хэмжээнд ашигладаг болсон байна. Би хувьдаа гэхэд тухайн аппликейшнаар хэрэглээний төлбөрөө хийж, холбогдох мэдээллийг авч байна. Чирэгдэлгүй, ил тод, хялбар.

-Усны зүй зохистой хэрэглээнд хэрэглэгчдийн хандлага ямар түвшинд байна вэ? Танай байгууллагаас усны үнэ цэнийг дээшлүүлэх талаар ямар нөлөөллийн ажлыг хийж ирэв?

-Усны зүй зохистой хэрэглээнд нөлөөллийн ажлыг тогтмол хийж ирлээ. Жил болгоны 3 дугаар сарын 22-нд болдог Дэлхийн усны өдрөөр усны зөв хэрэглээний талаар таниулга сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийж ирсэн.

Усны үнэ цэнийн түвшин нийтийн дунд тааруу шүү. Бидний хэрэглэж ууж буй ус 1 литр нь 1 төгрөгийн ханштай. Гэтэл дэлгүүрээс 500 гр усыг 500-1500 төгрөгөөр тоохгүй аваад уучихдаг байж байрныхаа крантнаас хэрэглэсэн усандаа хэдхэн сав усны мөнгө төлж байж нэлээд асуудал ярих гээд байдаг. Хандлага нь их өөр л дөө. Тэгэхээр хэрэглээний усны үнэ нэмэгдэх ёстой, тэр хэрээр үнэ цэн өснө гэж харж байгаа. Үнэгүй юм шиг орхичихоод үнэ цэнийн талаар яриад ойлгохгүй. Усгүй амьдрал төсөөлөгдөшгүй шүү дээ. Алт уух биш, аливаа бүтээн байгуулалтыг уух биш. Ус л амьдралын эхлэл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Үнийг нь нэмж, хэрэглээг зүй зохистой болгох тал дээр чөлөө завгүй ажиллах ёстой.

-Саарал усыг ашиглах тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Саарал усыг ашиглаад авто угаалга, цэцэрлэгжүүлэлт, усалгаа зэрэг технологиуд хэрэгжих ёстой. Манай аймгийн цэвэрлэх байгууламж бол социализмын үеийнхээрээ. Лаг нь тунаад, хог нь шүүгдээд, ариутгалын бодис нь ороод дөрвөн картанд байгалийн аргаар цэвэршээд цаашлах процесстой. Монгол Улсын Засгийн газраас бүх аймгийн цэвэрлэх байгууламжийг орчин үеийн болгох төсөл хэрэгжүүлж байгаа. Хамгийн сүүлд манай аймагт хэрэгжих юм. Яагаад гэхээр 2012 онд Мон23 төслөөр манай цэвэрлэх байгууламжийг 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр сэргээн засварлаад зарцуулчихсан учраас ахиад шинэчилнэ гэхээр тохиромжгүй болчихоод эрэмбээрээ сүүлд тавигдсан хэрэг. 2021-2022 онд цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ.

Манай аймагт химийн түүхий эд ашигладаг үйлдвэр байхгүй учраас ахуйн цэвэр усаа цэвэрлээд зайлуулж байгаа юм. Химийнхтэй болчихоор манайх заавал орчин үеийн цэвэрлэх байгууламж ажиллаж байж бусад түүхий эд, ноос ноолуур, арьс шир угаах үйлдвэр ажиллах боломж бүрдэнэ. Тэр үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд техникийн нөхцөлд тавьдаг шаардлагыг нь манай цэвэрлэх байгууламж хангахгүй байгаа учраас баригдахгүй байгаа тал байна. Азийн хөгжлийн сан болон Польшийн Засгийн газрын хөрөнгө оруулалттайгаар Барилга хот байгуулалтын яаман дээр жагсаалтын сүүлд эрэмбэлэгдээд байж байна.

-Танай компанийн нийгэм дэх сайн жишиг гэвэл юуг түрүүлж нэрлэх бол? Энэхүү асуултаар “Чандмань Баянхонгор” ХК-тай холбоотой яриагаа өндөрлөе.

-Байгууллагаараа нэг чигт харж чадсан. Өмнө нь энэ байгууллагад ороод ирэхэд тийм ч “эрэлттэй” газар байгаагүй. Одоо бол нийгмийн үнэлэмж эрс дээшилсэн. Орчин нөхцөл, ажиллаж байгаа хүн хүч, техник хэрэгсэл, чин зүтгэл гээд жинхэнэ хамт олон бүрдчихсэн гэж бардам хэлнэ. Энэ ч байдлаараа манлайлал, үлгэр жишээ болж байгаа болов уу гэж бодож байна.

Б.Мөнхзул

  • үнэхээр өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн орчин үеийн цоо шинэ байгуулага болж чадсан энийг удирдан зохион байгуулсан ийм сайхан хамт олныг бий болгож нэгэн зүгт залж чадсан Энхбат гэдэг хүнд баярлалаа 

  • Үнэн бүтээн байгуулалт их хийсэн Энхбат дарга удирдах чадвар сайн энэ ажлын хамт гар бие оролцож ажил сандаа баярлаж явдаг

Холбоотой мэдээ