Хүчний байгууллагын ХУРАНДАА цолыг наадамд түрүүлсэн бөхдөө өгөөд л байхуу?

2021-09-28 632 2
Shares

Цэрэг, цагдаагийн алба хаагчдын насаараа ажиллаад аваагүй цолыг зүүсэн БӨХЧҮҮД, УРЛАГ СПОРТЫНХОН. Хэдхэн хоногийн өмнө Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр “цэргийн цолыг шагналын журмаар гардуулах, хугацаанаас өмнө олгох, урлаг, спортын амжилт гаргасан иргэдэд олгох зэрэг зөрчил дутагдал” гарч буй талаар мэдээлсэн.

ГОЛЫН ХӨВӨӨН ДЭЭР ӨГСӨН ЦОЛ

Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, ЦЕГ-ын “Хүч” спорт хороонд цөөнгүй тамирчин, урлаг соёлынхон харьяалагддаг. Тэд олон улсын тэмцээн, уралдаан, тэр ч бүү хэл Улсын баяр наадамд амжилт үзүүлбэл уг спорт хороодод харьяалагддаг гэсэн утгаар цол олгох нь бий. Гэвч алба хаагчид үүнд ихээхэн дургүй байдаг аж. Учир нь цэрэг, цагдаагийн алба хаагчид 25-30 жил тус салбарт зүтгэсний эцэст цол авдаг. Гэтэл зарим иргэн улсын наадам, урлаг соёлын арга хэмжээнд гаргасан амжилтаараа нэг өдрийн дотор уг цолыг авна гэдэг шударга бус хэрэг юм.

Жишээ дурдъя. Цагдаагийн цол олгох журамд “Цагдаагийн алба хаагчид цагдаагийн цол олгоход дор дурдсан хугацааг баримтална гэжээ. Үүнд:

цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн ахлагч 5 жил

цагдаагийн ахлагчаас цагдаагийн ахлах ахлагч 5 жил

цагдаагийн дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч 3 жил

цагдаагийн ахлах дэслэгчээс цагдаагийн ахмад 3 жил

цагдаагийн ахмадаас цагдаагийн хошууч 4 жил

цагдаагийн хошуучаас цагдаагийн дэд хурандаа 5 жил

цагдаагийн хурандаагаас цагдаагийн хурандаа 6 жил. Өөрөөр хэлбэл, цагдаагийн цол авахын тулд доод тал нь гурван жил уг салбарт алба хаасан байх шаардлагатай.

Мөн “Цэргийн цол олгох журам”-д “Цэргийн цол нь цэргийн албан хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл, түүнийг цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв мөн” гэжээ. Гэвч хэзээ ч цэргийн сургуульд сурч байгаагүй, мөн цэргийн алба хааж байгаагүй “эрхмүүд” зарим нэгний насаараа зүтгэн байж авсан цолыг хүртэж, мөн тэдэнтэй ижил эрх мэдэл эдэлж байгаа нь уг журмууд зөрчигдөж буйн жишээ юм. Үүнийг салбарынхан дотроо  “голын хөвөөн дээр өгсөн цол” гэж нэрлэдэг ажээ. Учир нь спортын тэмцээнд түрүүлсэн тамирчдын амжилтыг улс төрчид хамт тэмдэглэж, голын хөвөөн дээр “найрлахдаа” цол амлаж, өгөх тохиолдол их байдаг учраас ийн нэрлэжээ.

ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД, УРЛАГ, СПОРТЫНХОН

Тэгвэл дээр дурдсанчлан урлаг, спортын амжилт гаргаж, цэрэг цагдаагийн цол хүртсэн эрхмүүдээс дурдъя.

Улсын аварга О.Балжинням Цэргийн хурандаа цолтой /Алдарт спорт хороонд харьяалагддаг/

Улсын аварга Б.Бат-Эрдэнэ Цагдаагийн хурандаа цолтой /Хүч спорт хороонд харьяалагддаг байсан/

Улсын аварга Г.Өсөхбаяр Цэргийн хурандаа цолтой /Алдарт спорт хороонд харьяалагддаг/

Улсын арслан Д.Ганхуяг-Цэргийн дэд хурандаа цолтой /Алдарт спорт хороонд харьяалагддаг/

Улсын арслан Б.Ганбат-Зэвсэгт хүчний дэд хурандаа цолтой

Улсын аварга Г.Эрхэмбаяр-Онцгой байдлын дэд хурандаа /Аврагч спорт хороо/

Дуурийн дуучин Г.Ариунбаатар-Цагдаагийн ахлах дэслэгч цолтой /Түүнийг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзлэхэд уг цолыг олгож байв/
Мөн 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд найм давж, гарьд болсон Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол, 2015 оны наадамд түрүүлсэн Э.Оюунболдод мөн цагдаагийн ахмад цол, 2017 оны наадамд түрүүлсэн улсын арслан Ц.Содномдоржид улсын баярын дараа ШШГЕГ-аас дэд хурандаа цол,

2016 онд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмээд дэд хурандаа цол, дасгалжуулагч Х.Эрдэнэ-Одод мөн хурандаа цол олгож байжээ.

Мэдээж дэлхийн аварга, олимпын наадмаас медаль хүртэнэ гэдэг бахдам амжилт. Тиймээс зохих хэмжээнд шагнах нь зүйн хэрэг. Гэвч улсын албанд насаараа зүтгэсэн алба хаагчтай адил цол олгож, адил эрх ямба эдлүүлээд байж боломгүй. Цэргийн цол цэргийн хүндээ үнэ цэнэтэй, чухал байх ёстой. Батлан хамгаалахын яам “Цэргийн цол олгох журам”-ыг шинээр боловсруулж буй нь сайшаалтай. Журам батлагдсанаар эрх нь олгогдоогүй албан тушаалтнууд цол олгодог байдлыг халах аж. Цаашид Батлан хамгаалах яамны уг санаачилгыг Хууль зүйн сайд ч салбартаа хэрэгжүүлж, “голын хөвөөн дээр цол олгодог” явдлыг зогсоовол цөөнгүй алба хаагчдын магнай тэнийх биз ээ.

 

Shares
  • Бидний насаараа зүтгэж,гэмт хэрэгтэнүүдтэй амь дүйн тэмцэж яваад авсан цолыг зүгээр л их иддэг хоолны сав том гүзээнүүд авдаг болсон нь үнэн шүүдээ

  • Наад жагсаалт чинь маш их дутуу бн цагаанбаатар, заан баярсайхан, аварга батсуурь, заан бумбаяр, начин давааням гээд зөвхөн ШШГЕГ-аас цол авсан нөхдүүд гэхэд л маш олон байгаа

Холбоотой мэдээ