Баянхонгор: Малчдад хүрэх хүчит тэжээлийн эхний цувааг хүргэв

2021-01-11 325 0
Монгол улсын Засгийн газраас Баянхонгор аймгийн малчдад хүргэх хүчит тэжээлийн эхний цуваа 2021 оны 01-р сарын 11-ний өдөр аймгийн төвд орж ирлээ. Нийт 200 тонн тэжээл эхний ээлжинд иржээ.
Баянхонгор аймагт нийт 3,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий хүчит тэжээлийг энэ оны 04-р сарын 01-ний дотор ирүүлэхээр Засгийн газар, ХХААХҮЯ-аас төлөвлөсөн бөгөөд ирсэн тэжээл бүрийг Баянхонгор аймгийн Өлзийт, Богд, Жинст, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Баянбулаг, Хүрээмарал, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор гэсэн нийт 20 сумын 12,937 малчин өрхөд  хүргэхээр ажиллаж байгаа аж.
Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрд 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хөрөнгийг Дэлхийн банкнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс гаргахаар болсон юм. Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумын болон отроор яваа малчин өрхөд хүчит тэжээлийг хүргэх юм.

Холбоотой мэдээ