Нар ээсэн дэлхийгээсээ хайраар хучуулаад буцлаа

2021-09-28 1610 0
Shares

Аав ээжийн хайртай хүү эрийн цээнд хүрч, хүний сайхан охинтой ханилж, амьдралын төлөө зүтгэж аз жаргалтай өдөр хоногууд үргэлжилж байлаа. Гэвч хүний хувь тавилан, заяа төөрөг хэзээ хэрхэн өөрчлөгдөхийг таах аргагүй. Нэг л өдөр маш ховор тохиолддог өвчнөөр өвдсөнөө мэдэж, эрүүл болохын тулд ах дүүс, анд нөхөд гэр бүлээрээ хайртай хүүгээ эдгээхийн төлөө бүхнээ зориулжээ. Энэ түүх 10 жилийн өмнө эхэлсэн байна. Тэрбээр Фейсбүүк цахим орчинд өөрт тохиолдоод байгаа үнэн түүхийг, ээжийнхээ тухай, хайртай ханыхаа тухай мэдээлэл бичээд багагүй хугацаа өнгөрч та бидэнд хайрлах хүч, тэмцэх чадал, ухаарах сэхээрэл өгсөн Ж.Мөнхбаяр нарт орвоогоос буцаж, нөхөж баршгүй гарз тохиожээ.


Тэр амьдралд хайртай нэгэн байлаа. Түүнд хайрлах, амьдрах утга учир цөм байсан юм. Тэрээр 2007 онд анх өвдөж эхэлсэн. Тэр жилийнхээ зун нь Монголоороо яваад эмчилж чадахгүй болоод Бээжин рүү материалаа явуулсан чинь хагалгаа хийж, өвдөлтийг хэдэн жилээр намдааж болно гэсэн хариу ирсэн. Тэгээд гэр бүл, ах дүүсээрээ мөнгө босгож, гэр орноо зараад 30 гаруй сая төгрөгөөр Бээжинд хагалгаанд ороод 2011 он хүртэл өвдөлт гайгүй байсан ч 2011 оноос хойш 6 жил тасралтгүй өдөр бүр морфин, нурафатик төрлийн мэдрэлийн гаралтай өвдөлт намдаадаг эмийг багаас нь эхлээд дээд цэгт нь хүртэл хэрэглээд явж байна. Тэгээд одоо Монголд байгаа өвчин намдаах төрлийн эмнүүдийн оргилд хүрээд элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийн дэм, хайрын шимээр энэ цаг мөчийг хүртэл аюулт өвчинтэй амь өрсөн тэмцэлдсээр хоёр хоногийн өмнө нар ээсэн дэлхийгээсээ хайраар хучуулаад буцлаа.


Ж.Мөнхбаяр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн л унаган хүүхэд. 68 дугаар сургуульд сурч байсан. Ээж аавтайгаа, гэр бүлтэйгээ хамт үлдсэн түүний амьдралд хатуу хөтүү зүйлс олон тохиолсон байдаг. 2004 онд авто ослоор эгч нь өнгөрөөд, 2006 онд аав нь зүрхний шигдээсээр бурхан болоод, өөрөө 2007 оны сүүлээр өвдчихсөн.
Амьд ахуйдаа ”Ээж маань их сэтгэлийн тэнхээтэй. Энэ бүх зүйлийг тэсэж гарч байгаа. Би өвдөхөөрөө ээжийгээ хараад л юу юугүй л асгаруулчихдаг. Хэцүү ш дээ. Тэр үед орон гэрээ юу ч үгүй золиослоод ах дүүсээрээ туслаад эмчилгээнд анх явж байсан. Одоо 32-ын тойрог орчимд амьдардаг. Одоо Австри руу явах гэж байна гээд хашаа байшингаа зарья гэж яг үнэндээ зүрхлэхгүй байна. Дахиж настай ээжийгээ гудамжинд гаргамаагүй байна” хэмээн ярьж байсан удаатай.


ЕБС-лиа төгсөөд янз бүрийн л ажил хийж явж байгаад эхнэртэйгээ танилцжээ. Энэ тухайгаа тэрээр”Танхил өсөөгүй, зоргоороо дэлгүүр хэсдэг ч байгаагүй. Бүгд л амьдралын төлөө хичээж ээж аавдаа яаж туслах вэ, энэ амьдралаа сайн сайхан болгох вэ гэж талийгаач эгчтэйгээ, хоёр ахтайгаа тэмцэж ирсэн. Тэгээд л аав маань тэтгэвэрт гарахдаа улсаас авдаг тэтгэмжээ аваад, тэр мөнгөнөөсөө бидэнд эксел машин авч өгсөн. Тэр экселээр нь би таксинд явдаг байлаа. Эхнэртэйгээ танилцаад удалгүй өвдсөн” хэмээн бас ярьж байсан байх юм.


Ж.Мөнхбаярын амьдрал тэр чигтээ тэмцэл байлаа. Тэсэхийн аргагүй өвдөлт, сэтгэлийн дарамтыг даван туулж Англи хэл хүртэл хувиараа сурч судалж байлаа. Өөрөө компьютер босгоно. Нэг нэг ширхгээр нь найз нөхдөөсөө хүнээс эд ангийг нь аваад л босгочихно. Тэр хайртай ээжтэй, хайртай эхнэртэй, хайртай ах нар, дотны анд нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ энэ орчлон дээр амьдарсаар байхыг хүсэж байсан юм. Тэгэхийн тулд хэсэгхэн зуур өвдөлт намжих 4-5 цагийг ямар их аз жаргалтай өнгөрүүлдэгийг, ямар их шантрахгүй тэмцдэгийг, бууж өгөхгүй байгаагаа залуучуудад харуулах гэж хичээж байсан амьдралд хайртай нэгэн байлаа. Ийм хүний дээдийг бурхан түрүүлээд авчихдаг нь харамсалтай. Амгалан нойрс доо, амьдрал ч бас чамд хайртай байсан.

Shares

Холбоотой мэдээ