“Таван толгой түлш” ХХК-ийн ажилчдын цалинг 20 хувиар хассаныг эсэргүүцсэн жагсаал боллоо

2021-10-01 352 0
Shares

Нийслэлийн хэмжээнд 2021-2022 онд 171 мянган өрх, мянга гаруй аж ахуйн нэгж 600 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо хийжээ. Тус үйлдвэр баруун, зүүн бүсийн үйлдвэртээ нийт 600 мянган тн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн, 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана гэж үйлдвэрийн зүгээс хэлээд байна.

Өнгөрсөн долоо хоногоос тус үйлдвэр нийслэлийн 40 байршилд сайжруулсан түлшийг худалдаалж эхлээд байгаа бол энэ долоо хоногоос шат дараатайгаар 100 цэгт борлуулалт хийх тухай мэдээлээд буй. Тэгвэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг өвлийг өнтэй давах түлшээр хангах чиг үүрэг бүхий тус “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчид ажил хаялт зарлаад хоёр хоножээ.

Учрыг нь тодруулбал, компанийн зүгээс ажилчиддаа урьдчилж мэдэгдэлгүйгээр цалинг 20 хувь бууруулах шийдвэрийг гаргаж, цалингаа тавьсантай холбоотой гэнэ. Тиймээс цар тахлын үед ар гэрээ цалингаараа авч явдаг ажиилчид ийнхүү хоёр өдөр, шөнө тасралтгүй эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулжээ.

Компанийн зүгээс үүссэн нөхцөл байдлыг намжаах үүднээс ажилчидтайгаа тохиролцоонд хүрсэн гэх бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү жагсаал ямартай ч зогссон гэнэ. Гэхдээ цалингаа нэмэгдүүлэхгүй бол нөхцөл байдал цаашид үргэлжлэх магадлалтай гэнэ. “Таван толгой түлш” компани 2000 гаруй ажилчидтай. Иргэдэд түлшний үнийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа бол ажилчдынхаа цалинг 20 хувиар танаж байгаа нь тийм ч таатай шийдвэр биш тул ийнхүү ажилчид эсэргүүцлээ илэрхийлжээ.

Shares

Холбоотой мэдээ