ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2021-01-12 139 0

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ой энэ оны нэгдүгээр сарын 13-нд тохиож байгаа юм. Энэ өдөр манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах Шинэ үндсэн хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр ажээ.

Шинэ үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас нийт 21 депутат оролцож байснаас өдгөө найман депутат амьд сэрүүн, энх тунх аж амьдарч байна.
Энэхүү түүхэн өдрийн 29 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан депутат Анандын Рэгзэн, Цэндийн Очирбал нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа депутат Дамдинжавын Маравт аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэх аж.
Аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан хэлэхдээ манай Монгол улсын шинэ Үндсэн хууль бол ард иргэдийнхээ дундаас гарч ирсэн дэлхийд цорын ганц хууль хэмээн гадаадын мэргэжилтэн, үндсэн хууль судлаачид үзсэн байдаг тухай онцлон дурдсан нь монгол улсын шинэ үндсэн хууль ард иргэдээс сонгогдсон депутатуудын санал бодол өргөнөөр тусгагдсан болохыг улам тодосгов.

Энэ үеэр Галуут сумын ахмад настан, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, тухайн үеийн АИХ-ын депутат Анандын Рэгзэн Ардчилсан шинэ үндсэн хуулиа хэрэгжүүлж эрх зүйт төр ёсоо улам төгөлдөржүүлэн бэхжүүлж яваарай хэмээн уриалсан бол Ц.Очирбал депутат 29 жилийн хугацаа бол бага хугацаа биш энэ хугацаанд нийгэм эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. 1992 оны шинэ Үндсэн хуулийг Монгол улсын гавьяат хуульч, Бираагийн Чимэд агсан эх барьж авч байлаа. Манай ардчилсан шинэ үндсэн хууль тухайн үеийн нийгмийнхээ тогтолцоос урган гарч ирсэн тухайн нийгмийн бүх давхрагаас сонгогдсон депутатууд санал бодлоо нухацтай, чөлөөтэй илэрхийлсэн хууль учраас бат бөх, үндэс суурь сайтай хууль болсныг ч онцлоод авсан юм.

1992 онд Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр БНМАУ-ын АИХ-ын 430 депутат, Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэж баталсан нь Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийгдэх шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн бусад салбар хуулиудаар хүний эрхийг илүүтэй баталгаажуулж өгөх боломж нээгдсэн байдаг.
Тэгвэл энэхүү үндсэн хуулийг илүү сайжруулж эрх зүйт иргэн төрийн харилцааг илүү бэхжүүлэх үүднээс шинэ Үндсэн хуулиндаа Монгол Улсын Их Хурал 2019 оны 11дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталж улмаар 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлээд байгаа юм.

Ж.Цэцэгбадам

Холбоотой мэдээ