
Баянхонгорын хөдөөх бяцхан суурингийн шаврай хөвгүүн байхдаа хаврын хаварт буруу зөвгүй ноолоход номхон орлой зээрдээрээ аргал хомоол түүх ажилтай байв. Амаар нь холбож уясан шуудайтай хомоолоо мориндоо тохох гэж чулуун дээр гарч үйлээ үзэж байж арайхийн ганзагалаад сумын төв рүү алхуулж явахдаа
“Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж л хариулна даа”
гэж өөрийн мэдэлгүй аялахад хавирга нэвт жиндүүлсэн хаврын шуурга уядах шиг санагддаг сан. Тэрхэн үедээ энэ дууг би ардын дуу гэж бодож явлаа. Хожим найргийн амтанд орсон үедээ л нутгийн маань найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн зохиосон шүлэг болохыг мэдэж авав.
“Өвсний толгой цайраад байна
Өвөл болохын шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Эжийгээ санасны шинж үү дээ”.
Зовлон, жаргал туулсан ч уудам тэнүүн сэтгэлийн тэнхээгээр уяхан замбуутивийг аргаддаг эгэл ардын хүүгээс ийм дуу төрөлгүй ч яахав дээ гэж дуу алдмаар сайхан дуу шүү. Монголын утга зохиолын ертөнцөд 1960-аад оноос нэрээ дуурсгаж, үгийн их дархчуултай бийр бэхс, оюун билгийн зиндаа нийлж явсан түүнийг анхны номоо хэвлүүлэхэд “Хүрэн морь” найраглал, “Маамуу нааш ир” дуугаараа ардын найрагчийн алдрыг хүртсэн Ч.Лхамсүрэн багш нь “Манай яруу найргийн хуудсанд манай нутгаас настайгаас миний, залуугаас энэ хүүгийн нэр бичигдэх болсонд би баяртай байна” гэж урам хайрлаж байжээ. “Их Тээлийн даваа”, “Үдийн нар өндөр” туужууд, “Танил хорвоо” яруу найргийн түүврээрээ төрийн шагнал гардан, өнгөрөгч зууны утга зохиолын хорхойтнуудыг байлдан дагуулсан бичгийн хүмүүн П.Пүрэвсүрэн гуайтай уулзахаар хотын баруун этгээд дэх Орбитын Цэргийн хотхоныг зүглэлээ. Ойролцоох дэлгүүрээс цайны сүү, зохиолчдын “дотоод шаталтын хөдөлгүүр”-ийг нь хөглөдөг “Ерөөл” сархад цүнхлэхээ ч мартсангүй. Хаалга тогшвол гэргий Навчаа нь онгойлгож өгөв. Өвгөн бичээч маань намар нэгэнтээ очиход байсан янзаараа дээр үеийн цагаан толгойтой төмөр пүрштэй орон дээр хагас хэвтрийн байдалд байж байна. Орныхоо хөл, толгой хоёрын хооронд ногоон дурдан бүсээр татуурга хийсэн нь хааяа өндийж амсхийхэд нь тусалдаг эд бололтой. Хадаг дэлгэн золгоход нүдэнд нь нулимс цийлэгнэж, “үгүй нөгөө малгай маань хаачив, за яахав, ёс бодоод энийг тавьчихъя” гээд дэрнийхээ хажуу дахь саарал ноосон цамцыг тэргүүн дээрээ хүндтэйхэн залж, бавайтал ургасан буурал сахлаараа хацар гижигдэн үнсэв. Бие тэнхээгий нь асуувал, Навчаа эгч хажуугаас “Хүн хэвтэрт их удахаар хэвтрийн хатгаа гээч юм тусдаг юм байна. Шинэ сар гаргаад хувийн нэг эмнэлэгт хэвтүүлэх санаатай” гэж байна. Хувийн эмнэлэг гэхээр “Ачтан” эмнэлэг санаанд орж “Ц.Мухар зохиолч захирал нь юм билээ ш дээ” гэвэл “Бид хоёр ч мундаг найз л даа. Миний одоо хэвтэх эмнэлэг над шиг олон жил хэвтэрт байсан хүнийг бариа заслаар босгосон буянтай газар гэнэ. Миний энэ хавирганууд чинь нэлэнхүйдээ өвчин. Хавирганы завсар мэдрэлийн гурав дахь систем байдаг юм гэсэн” гэв.
Навчаа эгчийг цай цүй болж байх хооронд нүд нь харагдахгүй сэгсийсэн үстэй, пөөнөгөр бяцхан хар хав нь хуцаж боргоод юм яриулахгүй шинжтэй. Пүүжээ ахыг загнах аядахаар дуугүй болчихоод л удалгүй хуцах юм. Панго хэмээх энэ хавыг яруу найрагч Д.Цоодол анд нь хоёр хөгшинд хань бараа болгохоор бэлэглэжээ. “101 гөлөг”-ийн аав ийм нэртэй юм гэнэ лээ гэж нөгөө муу хаваа өхөөрдөх юм. Панго хуцсаныхаа шанд бор савхин хошуувч зүүлгэж эрхээ хасуулав. Энэ үеэр цэнхэр дэлгэцээр МЗЭ-ийн удирдлагууд ахмадуудаа хүлээж авч байгаа нь гарахад Пүүжээ ах жаахан мушилзасхийж “Манай Чойжилсүрэн үү дээ. Би ч уг нь Зохиолчдын хороонд данстай л хүн дээ. Наана чинь золгоод байгаа олон авгайг танихгүй юм. Бидний үед Э.Оюун гуай, С.Удвал гуай, Ш.Дулмаа, С.Оюун гээд эмэгтэй уран бүтээлчид цөөхөн байлаа” гэж байна. Цагаан сараас хойш манай уран зохиолынхноос өвгөнтэй хараахан ирж золгоогүй бололтой. “Ерөөл”-өө гаргаж барихад “Үдээс хойш манай хорооны эмч ирж даралт үзнэ. Зуу татчихвал даралт буурчих байх” гээд хэрдээ цэнэх маягтай. Пүүжээ ахыг зохиолчид яагаад ч юм “Банхар” гэж авгайлдаг. Энэ нь бараг төрийн шагналын цолоос нь ч түгээмэл хэрэглэгдэнэ гээч. Миний санахад хэн хүнийг хуурч мэхлэх хар санаагүй болохоор нь ийм гуншин өгөө болов уу даа, мань хүнд. Пүүжээ ах орныхоо өмнөх явган ширээн дээрх “Улаан шонхор” янжуураас ойр ойрхон асааж шившинэ. Хэвтэрт орлоо гээд бичгийн хүний цэмцгэр зангаа тавьсангүй. Үнсий нь саванд жигтэйхэн нямбай унагаж, дэрэн доороосоо сам гарган өтгөн буурал халимагаа толийтол самнах юм. Тэгээд л сэтгэл цэлмэтэл сайхан инээж “Бие махбод маань өөрт захирагдахгүй ч бурхан харин миний оюун ухааныг цэлмэг байлгаж байгаад л баярлах юм. Одоо тэр эмнэлэгт хэвтээд босчих байх. Яг над шиг ийм өвчтэй хүн очоод л боссон гэж байгаа юм” гэснээ “Ах нь шинэ ном, мэдээлэл хоёрыг ч харин алгасахгүй үзэж харчих санаатай шүү. Сэтгүүлчийн ажлыг 36 жил хийсэн байна. ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар сэтгүүлчийн мэргэжлийг тогоочийн дараа орох хамгийн богино наслалттай, эрсдэл ихтэй мэргэжилд тооцсон байдаг юм шүү.
“Залуучуудын үнэн” сонинд оюутны ширээнээс л очиж байлаа. “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаараа алдаршсан яруу найрагч Жан.Шагдар эрхлэгч нь байлаа. Би чинь мэргэжлийн сэтгүүлч биш. УБИС-ийн газар зүйн багшийн ангид орлоо. Ёстой нэг онгирох юм нь дөрвөн жил онц сурсан ч төгсөөд ганц цаг ч багшилж үзэлгүй хэвлэлээр явчихсан юм. Тэр үед “Залуучуудын үнэн” чинь 120 мянган захиалагчтай байлаа шүү дээ. Манай сонин говийн Т.Бор, Л.Аюуш, Бадам нарын мартагдсан гавьяатнуудыг тодруулж улсын баатар цолыг нь нэхэн олгуулж байлаа” гэж хуучлав. Нэг ч албан байгууллагаас халагдаж үзээгүй гэх зохиолч маань Монгол телевизийн анхны 17 редакторын нэг агаад “1967-1973 он хүртэл ажилласан. Телевизийнхэн одоо намайг мэддэггүй юм шиг байгаа юм” гэж тэрүүхэндээ тунирхав. Монголын радиогийн ХАА-н редакци, Монголын зохиолчдын эвлэл гээд түүний ажил амьдралын алтан дурсамжийг хадгалсан олон байгууллага байна. Дагестаны яруу найрагч Расуль Гамзатовоос “Азийн цагаан дагина” хүндэтгэлийг хүлээж байсан С.Удвал ахайтан Пүүжээ ахыг Зохиолчдын хороонд авах гэж Радио, телевизийн улсын хорооныхонтой олон жил булаацалджээ. 1989 оны наадмаар төрийн шагналыг чацарганын шинэ сорт бүтээсэн, тарваганы арьсан хүрэм зохион бүтээсэн, “Мандухай цэцэн хатан” кино бүтээлцсэн уран бүтээлчид гээд нийт 26 хүн авч байжээ. Навчаа эгч тэр өдөр нь сонины редактор, ямар ч завгүй тул очиж чадаагүй аж. “Шагнал гардах үеийн зургийг хожим харахад миний муу өвгөн л ганцаараа цэцэггүй, тээр хойно зогсч байхыг хараад уйлчих гээд байж билээ” гэж Навчаа эгч хоолойгоо цахиртуулан ханийнхаа үсийг илбэхэд сэтгэлд нэг л дотно дулаан оргиж байв. Панго хав надад дассан ч юм уу, хошуувчиндаа номхорсон ч юм уу өрөвдөлтэй гаслан хошуугаараа хивс рүү гудчихад “эвий миний муу нохой” гэж хоёр хөгшин уулга алдацгаав.
Хүү, охин хоёр нь ажил төрөлгүй болохоор эдний аж төрөл жаахан тиймхэн л бололтой юм. Толгой хоргодох орон гэргүй зовж явахад нь Хонгор нутгийнхан нь энэ нэг өрөө байрыг авч өгчээ. Гавьяат Со, “Ачлал трейд” компанийн гүйцэтгэх захирал М.Билэгт, Монголоос БНАСАУ-д суугаа Элчин сайд Хүрэлбаатар нар нутгаас төрсөн авьяас билэгтнээ ачлах сэтгэлийн дээдийг зориулсанд тэд баярлаж сууна. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, төрийн шагналт Ц.Доржготов нар “танайх ч газрын мухарт юм” гэцгээсээр ирэхэд нь өвгөн бичээчийн нар гардгаа нуусангүй. “Мөнхийн үсэг” хэвлэлийн компанийн захирал асан Г.Батмөнх, гэргий Доржсүрэн, охин Б.Батцэцэг нар нь Пүүжээ ахыг зүүн нүдний болорын мэс засал хийлгэхэд байнга л тусалж байжээ. Биднийг ийн ярьсаар суутал өдөр нэлээд өвгөрч, гэрийн эзэн “Тэр эмч одоо ирэхээсээ өнгөрсөн. Нөгөөхөө түрүүний задалдаг байж” хэмээн харамсав. Тэрийг задлахад юунд оройтох билээ дээ. Лонхны бөглөө онгойход сэтгэлийн яриа өрнөх нь хууль. “Р.Чойномын найз гэх хүмүүс олширч. Би өнгөрсөн арваад жилд энэ тухай ганц ч үг дуугараагүй. Оршуулган дээр нь Ш.Сүрэнжав, би, хэдэн зураач очиж байлаа. Хажуу-Улааны шоронд ял эдэлж байхад нь Хар айргийн жоншны уурхайн дарга манай ангийн найз байсан юм. Тэр хүнд би захиж, хөөрхийг бүтэн сар дэргэдээ авч, ханын самбар энэ тэр хийлгэж, ясыг нь хэд хоног ч болтугай амраасан бололтой юм билээ. Ер нь Чойномын захидал, найраг шүлгүүдэд миний нэр дурдагдаагүй тохиолдол бараг байдаггүй юм шүү” гэж хүд хүд хийтэл хөхрөх нь анд нөхрийнхөө халуун сэтгэлийг алдар гавьяанаас ч илүүд үздгийн илрэл биз. “Би ер нь төрийн шагналт гэсэн гуншиндаа тийм ч дуртай биш, зүгээр л зохиолч хүн шүү дээ. Зохиол бичих хүсэл маань л намайг энэ шагналд хүргэснээс би төрийн шагнал авна гэж зохиолоо бичээгүй” гээд найргийн онгод хөглөх “догшин сүлд”-ээ залав. “Хайр дуулсан заяа” өгүүллэг, шүлэг, дурдатгалын номоо “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газарт гэрээгээр бэлдэж өгчээ. Сар шинийн бэлтгэлд нь нэмэр болсон нь лавтай.
“Орон байр, гудамж талбай нь хүртэл
Олон хууль, дүрэм журамд баригдсан
Утаа тортогт газраасаа оргодол шиг гарч
Унаган нутагтаа очихоороо л би жаргадаг
Айлын найранд дүүрэн дугараа гардан
Ардынхаа дууны аянд уярч нялхрахад
Аяндаа гарсан нулимсаа бусдаас нуулгүй
Ачлалт түмнийхээ дунд эрх чөлөөг мэдэрдэг
Орчлонд ганцхан нутагтаа нэг очиж
Олдсон заяандаа баясан уул усаа харж,
Тэнүүн талынхаа энгээр би хөлөө жийж
Тэнгэрийн одод ширтэн эрх чөлөөг эдэлдэг”
гэж халамцуухан найрагч маань аргилдуухан хоолойгоор шүлгээ уншихад, дөрвөн хананы дундаас ч бодогдсоор байдаг төрөлх нутаг Баацагаан нь, булхан умбаж өссөн Бөөнцагаан нуур, хонио хариулж явсан цувраа Гурван Аргалант, Хэрсэнгийн уудам шаргал тал нь нүдний өмнө тодрох шиг болов. Шуудайтай хомоол ч даахгүй жулдрайхан багадаа сонссон аялгуун жигүүр сэтгэлийн гүнд дэвэхэд найрагч өтлөвч найраг нь өтөлдөггүй байна гэсэн нээлт хийв, би. Эднийд удаахан тухалж, бяцхан хаваа эрхлүүлэх найрагчаас олон сайхан хууч сонсмоор байсан ч цаг зав хомсхон байсандаа хүлцэл өчмүү. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн 70 насны ой энэ хулгана жилд тохиож буй. “Энэ жилийн сар шинийн нэгэнд төрсөн өдөр маань гэж би зуун жилүүдийн лит хараад тогтоогоод байгаа юм” гэж Пүүжээ ах ярьж байсан. Хүний сэтгэлд уусах яруу сайхан зохиолтой, хүнлэг даруу эл зохиолч урт насалж, удаан жаргана аа гэсэн гэгээн бодолтой тэднийхээс гарахад “удахгүй ирнэ биз дээ” гэсэн мөрөөс харцнаас нь уншигдаж байх шиг санагдлаа.
Л.Батцэнгэл
0 cэтгэгдэлтэй