Шарын шашныг дэлгэрүүлэх үү, шинжлэх ухаанаа хөгжүүлэх үү?

2021-01-15 202 0

УИХ-ын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр Бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэжээ.

Монголд шарын шашныг хөгжүүлэх үндсийг Түмэдийн Алтан хан (1507-1582) тавьсан бөгөөд тэрбээр 1576 онд Түвэдийн шашны тэргүүн Содномжамц (1543- 1588)-ыг хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад ноёдыг дагуулан шарын шашинд орж, Содномжамц хутагтыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж, “Далай лам” гэдэг цолыг түүнд өргөжээ. Үүний хариуд Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрчээ.

Түүний дараа Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар гол төлөөлөгч болон тодорч, лам нарын номт хувцас, уншлага, хурал номын дэг ёс, ая эгшиг бүхнийг Монгол орны эрс тэс цаг уур, газар зүйн байршил, монгол хүний зан заншил, ахуй нөхцлийн онцлогтой уялдуулан “монголын” гэх өвөрмөц хэв шинжтэй бурхны шашныг үндэслэн хөгжүүлсэн байна.

XX зууны эхэн гэхэд Халх дөрвөн аймгийн 80 гаруй хошууны нийт 750 орчим сүм хийдэд 115 мянга орчим лам шавилан сууж, тэдгээр сүм хийд нь аажмаар суурин амьдралтай төвүүд болон хувирч гар үйлдвэрлэл, арилжаа, худалдаа үйлчилгээний газрууд болон хөгжжээ. Өндөр гэгээн Занабазараас эхлээд VIII Богд Жабзундамба хутагтын үе хүртэл шарын шашин цэцэглэн хөгжихийн хамт гүн ухаан, зурхай, эмнэлэг, урлаг, хэл шинжлэл, хэвлэл, ёс суртахуун нэвтэрч ард түмнийг гэгээрүүлэхэд ихээхэн тус нэмэр болжээ.

1924 онд VIII Богд гэгээнийг таалал төгсөхөд Ардын Засгийн газраас “…дахин газар дэлхийд эргэн ирэхгүй, үүрд нирваан дүрийг олсон” хэмээн зарлажээ.

1937 онд их хэлмэгдүүлэлт эхэлж 17 мянга гаруй ламыг баривчлан гурван анги болгон хувааж ял шийтгэл оногдуулжээ. Дээд анги буюу хэргэм зэрэг, мяндаг цолтой лам нарыг буудан хороож, дунд анги буюу идэр насны лам нарыг 10 хүртэл жилээр шоронд хорьж тарчилган зовоожээ. Доод анги буюу 20 хүртэл насны залуу лам нарыг энгийн ард болгож, ард түмний шүтэн биширч байсан бурхан шүтээн, оюуны үнэт зүйлс, ном судрыг устган 800 гаруй сүм хийдийг эвдлэн нураажээ.

2265 сүмийн барилгыг эмнэлэг, сургууль, гар үйлдвэр, засаг захиргааны байр, олон нийтийн байгууллагад шилжүүлж, 30.9 кг алт, 5916 кг мөнгө, 1.6 кг сувд, 233847 монгол төгрөг, 388000 төгрөгтэй тэнцэх бусад эд хогшил, бог бод нийлсэн 27742 толгой малыг хурааж улсын мэдэлд авчээ.

БНМАУ-д шашин шүтэх явдал хаалттай байсан бөгөөд Сайд нарын Зөвлөлийн хурлын шийдвэрээр 1944 онд Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааг сэргээж, хурал ном хурахыг зөвшөөрсөн боловч МАХН-ын хатуу хяналтын дор үйл ажиллагаа явуулж байв.

Харин 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар буддын шашин дахин мандан дэлгэрэх, сүсэгтэн олон бурхан шашнаа чөлөөтэй шүтэх боломж бүрдсэн юм. Өдгөө монголчууд өөрсдөө тэртээ 1990 оноос хойш шарын шашныг түгээн дэлгэрүүлж, хутагт хувилгаадаа төрүүлээд төрийн дам оролцоо нөлөөгөөр хангалттай хөгжүүлээд явж байгаа гэхэд болно. Гэтэл бүхэл бүтэн Шинжлэх ухааны академи гэх байгууллагатай, төрөөс асар их санхүүжилттэй атлаа шинжлэх ухаан нь шороотой хутгалдсан хэвээр байгаагаа л эргэж харвал тун зохилтой.
Энэ зууны ШУТ-ийн салбарын хөгжлийн ерөнхий хандлагыг харвал:

Нэгд, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах замаар амьдралын чанарыг сайжруулах, ядуурлыг бууруулах,

Хоёрт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл бизнестэй холбогдож бүтээгдэхүүний үнэ өртөгт шинжлэх ухааныг илүү их шингээх,

Гуравд, шинжлэх ухааныг жирийн хүмүүст ойртуулах, хүн төрөлхтөний нийтлэг соёлын нэг хэлбэршил болгон улс үндэстнээрээ шинжлэх ухаанжих зэрэг багц асуудалд чиглэгдэж байна.

Манай орны хувьд шинэ зуунд шинжлэх ухаан техонлогийг хөгжүүлэхдээ дэлхийн шинжлэх ухааны дээрх хандлагуудаас гадна өөрийн орны өвөрмөц онцлог, шинжлэх ухаан хөгжиж ирсэн уламжлал шинэчлэлийг нилээд харгалзах нь зүйтэй юм.

Учир нь улс орон бүхэн өөрийн онцлогт тохирсон ШУТ-ийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээр тодорхойлж хэрэгжүүлж байна. Жишээлбэл Япон, БНСУ, нанотехнологи, биотехнологи, харилцаа холбооны технологи, материаллаг технологи, БНХАУ мэдээлэл, харилцаа холбооны технологи, дэвшилтэт үйлдвэрлэлийн технологи, биотехнологид түлхүү анхаарах болов.

Манай оронд ШУТ, түүний дотор инновацыг хөгжүүлэхэд харилцаа холбоо, тээврийн дэд бүтэц сул, засаглал муу, тогтворгүй, инновацийн бодлого санаачлага өндөр технологид чиглэгдэх хандлагатай эхэлж байгаа зэрэг нь шинжлэх ухааны үндсэн тоглогч нарын үйл ажиллагааны уялдаа холбоо оновчтой зохион байгуулагдаагүй байгаатай холбоотой байна.

Холбоотой мэдээ