Д.Мөнхсайхан: Гол нэрийн барааны үнэд хяналт тавихыг хичээж байна

2021-02-02 307 0
Shares

Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс аймгийн хэмжээнд гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан. Уламжлалт сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор цаг үеийн шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаас тодрууллаа.

-Орон нутгийн зам хаах шийдвэр гарч, хөдөлгөөнийг хязгаарлалаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Улсын Онцгой комиссоос коронавирусний халдварыг тархаахгүй үүднээс энэ жилийн цагаан сарыг тэмдэглэхгүй байхаар тогтоол гаргасан хэдий ч Баянхонгор суманд хөл хөдөлгөөн маш их нэмэгдсэн байсан. Энэхүү байдлаас шалтгаалж халдвар хамгааллын дэглэм алдагдах магадлалтай учраас бид хөдөө орон нутгийн иргэдээ худалдан авалтаа хийгээд буцах боломжоор хангаж, хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг эртнээс мэдэгдэх зохицуулалт хийсэн. Хөл хөдөлгөөнийг сийрэгжүүлэхийн тулд худалдан авалт хийх хугацааг олгож, замыг хааж байгаа гэсэн үг.

-Энэхүү хязгаарлалтыг тэг зогсолт гэж ойлгох хүмүүс байна?

-Сумаас нэвтэрч орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Тэг зогсолт хийгээгүй. Өвчин, гачигдлын улмаас, өвс тэжээлээ худалдан авах, түүхий эд борлуулах зэрэг шаардлагатай тохиолдолд зөвшөөрлөө аваад зорчиж болно.

-Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлын тухайд?

-Улаанбаатар хотоос иргэдээ татахад УОК-ын шийдвэрийн хүрээнд ажиллана. Нэгдүгээр дүгээр сарын 27-ны өдөр автобусаар, 30-ны өдөр онгоцоор татах гэж байсан иргэдийн тухайд УОК-ын шийдвэрээр хойшлогдсон. Аймаг УОК-т хүсэлтээ тавиад байгаа. Шийдвэр хэзээ гарна, бид иргэдээ татан авахад бэлэн байна. Тиймээс ч мөн үеэр хөдөлгөөнийг сийрэг байх бодлого барьж байгаа юм.

-Өөр аймаг, сумдаас орон нутагтаа ирэх хүсэлт хэр ирж байгаа бол?

-Өмнөговь аймагт ажиллаж байгаа жолооч нар нэлээд хандаж байна. Адилхан ногоон бүс учраас иргэдээ татан авна. Харин аймагт ирээд эхний ээлжинд заавал буудлын тусгаарлалтад оруулж, PCR шинжилгээ өгүүлнэ. Хоёр хоног буюу 48 цагийн дотор хариу нь гарах юм. Мэдээж, сөрөг гарвал гэрийн тусгаарлалтад гаргана. Аймгийнхаа 90 мянган хүний эрүүл мэндийн асуудал учраас тэндээс ирэх иргэд үүнийг ойлгож, буудлын тусгаарлалтын нөхцлийг зөвшөөрвөл нээлттэй.

-Хүн ам олноор төвлөрдөг газруудын үйл ажиллагааг түр зогсоох талаар яригдсан?

-Томоохон худалдааны төв, захуудын хувьд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад харилцан хариуцлагатай байвал ажиллана. Эмх замбараагүй байдал үүсэх, Улаанбаатар хотоос иргэдээ татан авчирвал тодорхой хэмжээнд хязгаарлахаас аргагүй.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар гомдол нэмэгдэж байна?

-Үнийн хөөрөгдлийн тухайд бид гол нэрийн бараан дээр хяналт тавихыг хичээж байна. Өнөөдөр комисс гаргаж зах, худалдааны төвүүдэд ажиллана. Гэвч зах зээл эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Аймгийн зүгээс барааны үнэд шууд нөлөөлж шийдвэр гаргах боломжгүй учир бид аль болох нийлүүлэлтийг өсгөж, хомсдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллаж байгаа. Мөн үнийн тогтвортой байдлыг хадгалж ажиллаач гэх шаардлагыг худалдаа эрхлэгчдэдээ тавьж байна.

-Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн аймгаас хандивын аяныг өрнүүлсэн. Аян хэрхэн үргэлжилж байгаа вэ?

-Бид ард иргэдээс ирж байгаа хандивыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар ил тод зарлаж байгаа. Хэн ямар тусламж өгөв гэдэг нь ил, зарцуулалтыг ч мөн тайлагнана. Одоогийн байдлаар судалгааны үндсэн дээр АОК-оос 3000 өрхөд хүнсний тусламж хүргэж, тодорхой тооны иргэдэд нүүрс, эд материалын тусламж олгоод байгаа. Мөн аймгийн Онцгой комисст 300 мянга орчим амны хаалт хандиваар цугларсны 200 мянган ширхэгийг (Баянхонгор сумын нэг өрхөд 20 ширхэг оногдоно) энэ сарын 12-ноос өмнө тарааж өгөхөөр шийдсэн. Бид хандив тусламжийг хэрэгцээтэй газар, хүмүүст өгөхөд л анхаарна. Тайлангаа ил тод мэдээлнэ.

-Өвс тэжээлийн тусламж малчдад хэрхэн хүрэх вэ?

-Өвс тэжээлийн тусламжийн хувьд улсаас олгож буй 300 мянган төгрөгийн хүчит тэжээлийг өрхөд хүргэхээр ажиллаж байна. Манай аймаг нийт 3100 орчим тонн тэжээлийг сумдад байршуулах ёстой. Гэхдээ цаг хугацааны хувьд хүлээлт үүсгэж буй нь Дэлхийн банк, ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй зохицуулалтаас ихээхэн хамаарч байгаа. Бүрдүүлэх материал, судалгаа гээд шаардлага өндөр. Бид зөөвөрлөж, сумдадаа хүргэхэд шуурхайлж, одоогоор эхний ээлжинд говийн сумдад байршуулаад байна. Тээврийн зардалд аймгаас багагүй зардал гарч байгаа. Өнөөдрөөс түгээж эхэлнэ.

Б.Мөнхзул

Shares

Холбоотой мэдээ