ЭЦГИЙН АДИЛ ӨМӨГ ТҮШИГ ЭРДЭНЭЦОГТ САЙХАН НУТАГ

2020-11-30 75 0

Нарны илч аясаар суларч, намрын сүүл сар шувтарч, өвлийн эхэн улирал айлчлан байхуйд хот суурин газраар анхны цас хаялсан нь аравдугаар сарын эхэн юм. Хөхүүрийн ам цааш эргэж хүйтний ам наашилсан энэ улиралд харин хөдөө нутаг, орон сумаараа бол цас унаагүй, сэрүүн салхи зөөлөн үлээсэн таатай намар болж байна. Ийм сайхан улиралд дэлхийд нэн ховор, ганцхан миний Монголд л цөөн тоогоор нутагшсан мазаалай, хавтгай, хулан, тахь, хар сүүлт зээр, монгол бөхөнгийн нутгаар аялах, газар үзэж, нүд тайлах завшаан тохиов.Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын зүг аялах, уран бүтээлийн онгод хийморио сэргээх ховорхон боломж, тохиолт урилгыг Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Д.Содномсамдан ахаас хүлээн авсан минь энэ.

Их найрагч Д.Пүрэвдоржийн шүлэглэсэн “Сэгс цагаан богд” найраглал шиг яруу найрагчдын шүлэг зохиолоор, сэтгүүлчдийн сурвалжлага, тэмдэглэл, найрууллаар, зураачдын уран зургаар, гэрэл зурагчдын агшин алдамгүй гайхамшигт гэрэл зургаар дамжуулан дээрх нэн ховордсон амьтад, тэдгээрийн нутагшиж буй уул нуруу, их говийг олон нийтэд сурталчлан таниулах, хайрлан хамгаалах, бахархан омогших сэдлийг төрүүлэх зорилго бүхий уг аялалд хошуу залгаа хоёр аймгийн уран бүтээлчдийн баг аялсан юм.

Дуун түрлэг хөглөж, сүүн зам татуулсаар Алтайн өвөр говийн байгалийн үзэсгэлэнт нутаг, нэн ховор ан амьтдыг үзэж, мэлмийгээ баясгаж, мэдлэгээ зузаатгахаар “Өдрийн сонин”-ны сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл, МУБИС–ийн аялал жуулчлалын багш, гэрэл зурагчин Д.Батболд, МҮОНРТ-ийн найруулагч, МУСТА Д.Сарантуяа, сүүлийн үед, ард түмний дуулах, аялах дуртай болсон, “Хоёулаа хамт жаргалтай явна”, “Миний ээж хөөрхөн” зэрэг дууны шүлгийг бичсэн, хонгор нутгийн гэгээн найрагч М.Цэрэнтогтох нарын уран бүтээлчдийн хамт мэдээ, мэдээллийн “Нюьском” сайтын сэтгүүлч миний бие нэгдэн холын аяны дөрөө нийлэн Хонгор нутгийг зорив.

Хослон цэнхэртсэн хонгор нутагт аяны дөрөө мултлан, түр амс хийгээд аймгийн уран бүтээлчидтэй ганзага нийлэн цааш мордов. Уул усны хаан хэмээх тодотголтой “Ланд 200”, говь хангайн моторт тэмээ гэгдэх орос фургонд уран бүтээлчид маань хоёр хуваагдан сууж, алтан шар замаар, уудам тал, даваа гүвээг өртөөлөн, эх газрын тоосыг эцэг тэнгэртээ татуулан давхисаар алдарт “Хүрэн морь” найраглалын зохиогч, Төрийн шагналт Ч.Лхамсүрэн, Монголын ард түмнийг “…Алган дээрээ бөмбөрүүлж, Айлын хооронд үүрсэн” П.Пүрэвсүрэн найрагчийн төрсөн нутаг Бөөнцагаан нуурын хаяанд орших Баацагаан суманд ирлээ. Банзан хашааг дээрэлхэн ургасан шар дэрс, нарны туяанд дуу аялах, салхи сэвшээнд зөөлөн найгасан өтгөн зэгсэн дундаас, солонгын өнгө лугаа алаглан харагдах ногоон, хүрэн, шар, улаан, цэнхэр дээвэртэй намхан байшингууд үл ялгагдана.

Шөнө дөлөөр Баацагаан суманд буудаллаж, соёлын төвийн хоёр давхарт арван хэдүүлээ аяны хөнжлөө нөмрөн Бөөнцагаан ижийгээрээ бүүвэйлүүлэн амарцгаав. Аймгийн төвөөс 250 орчим бээрийн хол зайд орших тус суманд аян замдаа алжаасан бид сайхан амарч хоноод маргааш өглөөний мандахын улаан наран магнай адислах мөчид, ургахын улаан наран ухаанд шингэх эгшинд эртлэн босов. Дэрс, зэгс найгалдсан тал дунд учир нарны туяа биднийг тэврэн үнсэх нь тэр. Холын аянд цай, хоол бэлтгэхэд нэн тохиромжтой зөөврийн гал тогоо буюу баллонтай хийн газыг угсран даруйхан цайлав.

Байгаль орчны мэргэжилтэн Д.Содномсамдангаар ахлуулсан манай аяллын багийнхны хамгийн эхний үзвэр Монгол даяар алдартай “Хүрэн морь” найраглалын эзэн Ч.Лхамсүрэн найрагчийн гэр музей. Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөсөн Нацагдорж найрагчийн билэгт үгийн улбааг тодотгож буй бяцхан үрсийн сүлд дуу болох “Маамуу нааш ир”, Төмөр замчдын сүлд дуу “Ган зам”-аас “Хүрэн морь” найраглалаар нь их зохиолч Ч.Лхамсүрэн найрагчийг ард түмэн сайн танина. Энэ эрхмийн амьдрал уран бүтээлийн замналыг хадгалан өгүүлсэн гэр музейд түүний эдэлж хэрэглэж байсан цамц, зангиа, бугуйн цаг, үзэг хийгээд гавьяа шагналын одон тэмдгүүд нь ярайж байв. Түүнчлэн үйсэн дээр бичсэн шүлэг, өөрийнх нь бичдэг үзэг хүртэл байх нь олны анхаарлын ихэд татна. Их найрагчийн хэдэн сайхан том хөрөг, үзэг нэгт нөхөдтэйгээ хамт байх зургуудыг ханаараа өлгөжээ. Лхамсүрэн найрагчийн хоёр ч цээж баримал байв. Тэднээс арай жижиг агаад нүүрний арьс нь атирч, духны үрчлээ, нүдний зовхи нь тод гарсан баримал байх нь амьсгал хураахаас өмнөхөн авсан нүүрний хэв буюу маск аж. Тэр маскийг Баянхонгор аймгийн “Хүүхдийн Тэмүжин театр”-ын уран баримлын багш, МУСТА Б.Сосорбарам гуай хийжээ. “1962 оны 12 сарын 29-ны өдөр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр “Хүрэн морь” найраглал болон хүүхдийн дууны шүлэг бичсэн Ч.Лхамсүрэнд хүртээв” гэсэн самбар байх нь их найрагчийг алдар гавьяаг улам баталгаажуулах мэт. Тус музейн захирал Бямба ах ярихдаа “Ч.Лхамсүрэн найрагчийн 100 насны өндөр ой ирэх жил тохионо. Бид ярилцаад аймгийн хамжээнд зохиогддог “Хүрэн морь” наадмыг 100 насны ойгоор нь төрөлх суманд нь зохион байгуулмаар байна гэдгээ яриан дундаа онцлов. Төрийн шагнал хүртсэн хоёр том зохиолчийн нутагт “Хүрэн морь” бүү хэл “Болор цом”-ыг ч зохиож болно гэдгийг Л.Батцэнгэл найрагч тодотгон өгүүлсэн юм.

Найрагчийн музейгээс гарч сумын төвийн хойно орших суварсан гурван суварга тийш очив. Тэдгээрийн дунд орших нь мөнөөх найрагчид зориулан ар гэрийнхэн нь бүтээсэн сэтгэлийн суварга байв. Дэл сүүлээ намируулан салхи сөрөн давхиж буй морийг сийлсэн уг суваргыг аяллын багийнхан тойрон гороолж, мөргөж, дурсгалын зураг татуулсан юм. Их найрагчийн буян хишиг, онгод найраг оршсон, Баацагаан суманд биднийг музей үзэж байх зуур цэрэг татлага болж байв. Эх орноо батлан хамгаалахаар эр цэргийн албанд мордох залуучууд төв дундуур машин, мотоциклтой холхилдож, урдуур хойгуур шурдхийн өнгөрнө.

“…Аавын алдрай хөвгүүд өслөө

Ард түмний хүү боллоо

Ээжийн энхрий хөвгүүд өслөө

Эх орны хүү боллоо….” гэсэн цэрэг эрсийн алдрыг магтсан гайхамшигт дууг дуун цацруулагчаар түгээхэд ганган хувцастай залуучууд цугларан соёлын төв дэх цэрэг татлагын байр руу орцгоов.

Ийнхүү их найрагчдын нутгаас эх орноо хамгаалах зоригт хөвгүүд албандаа мордох гэж байхад бид аяны жолоо сунган цааш хөдлөв.

Сумын төвөөс таван бээрийн зайд орших Монгол бөхийн овоонд очив. Дээхэн үед хошуу нутгаас төрж гарсан бөхчүүд эл овоонд ирж залбираад, гурвантаа тойрон дэвж, сүлд хиймороо сэргээдэг байсан түүхийг нутгийн хөгшчүүл хуучиллаа. Үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат болон улсын заан Д.Даваажав нарын бөхчүүд хожим мөн наадмын өмнөхөн ирж тойрч дэвдэг байсан гэдгийг ярилаа. Бөхчүүд, эрчүүд гарч хийморио сэргээдэг энэ овоонд бүсгүй хүн гарч болдоггүй аж. Бөхийн овоог тойрч дэвж, шавсан аяллынхан маань нэгнийхээ цолыг дуудаж, бас ч үгүй өөр хоорондоо хүчийг үзэн барилдаж, аян замынхаа өлзий хийморийг сэргээсэн юм. Нутгийн найрагчид шүлэг найргаа уншиж, онгод авьяасаа хөглөсөөр цааш ижий цагаан нуурын зүг шувуудын сүрэг даган давхилаа.

Намар болж усны шувууд буцдаг улирал хэдий ч биднийг ижий нуурнаа золгохоор зорих замыг маань тэнгэрийн жигүүртнүүд замчлан хөтөлсөн юм. Найргийн даллага, бөхийн хийморийг өвөртлөн давхисаар Бөөнцагаан нуурнаа хүрэв.

Нутгаа санан хүү нь яарсаар

Нуур ижийдээ золгон ирэв

Нуур ижий нь хүүгээ үнэрлэх шиг

Нугас галуудаа мандалдаа хөвүүлэв…

Алсаас нутгаа санан санасаар

Аянчин хөвүүд нь дэргэд ирэхэд

Ариун мандлынхаа рашаан усаар

Ариутган угаан хөвөөлөн цэлэлзэв

Байдуу холоос аяны ерөөлтэй

Бөөнцагаан ижийдэээ ирэв

Зорьсон газраа мэнд хүрээрэй гэх шиг

Зүрхэнд мяралзан хээтэн шуугив

Алсын газраа сайн яваарай гэх шиг

Анхи сэвлэгийг минь зөөлөн илбэв… хэмээн ижий нуурын тухай цөөн хэдэн мөр санаанд буув.

Цагаан нуурын ус цалгин халгин хөвөлзөхөд, цагийн учиртай ирсэн хөвүүний сэтгэл уясана. Ижий нуурын ус эргээ даваад бялхахад, ирж золгосон хөвүүд нь нүдэндээ нулимстай торолзох шиг болж гэрэл зурагчид маань дуран авиагаа барьсаар нуурын цэлгэр мандлыг гороолон одов. Намаг, замаг нь холилдсон цагаан нуурын орчимд аяны отог маань байрлаж үдийн цайгаа уув. Салхи сэвэлзсэн нуурын эрэг сэрүүхэн агаад жиндүүхэн ч газар үзэж, холыг гатлах хүмүүний сэтгэл нэг л торгон догдлолтой. Аяны амтат цай даргилан буцлахад ахмад настай хүмүүст дээжлэн барив. Эх орны хөрсөнд ургасан төмс, лууван тэргүүтэй хүнсний ногоогоор хачирласан аяны хоол буцалж эхлэв. Замын хүнсэнд саяхан төхөөрсөн хонины өөхтэй хавирга тогоондоо хөвөн буцалж байхуйд аялагчид маань таван гар сууж, зарим нь замд тохиосон элдэв учирлаа хөөрөлдөн мар мар инээлдэнэ.

Бөөнцагаан нуурынхаа усан хаялагыг нарны зүүрмэглээнд олж харсан бид цайлж, ундалж дуусаад моторт тэмээгээ унан цааш бөмбөлзүүллээ. Машинд агаар дутмаг учир бүгд л халууцаж, хөлөрнө. Үгүй ядаж зайтай сэлүүхэн явсан бол гайгүй байхсан. Фургоны урд суудлыг жолооч, уран зураач Батжаргал ах болон түүний эхнэр Цэрэндолгор эгч эзэгнэнэ. Хойшоо харсан суудалд дөрвөн хар хүн, өмнөөс харсан суудалд хоёр бүсгүй, гурван хар хүн. Чихэлдэнхэн суусан учраас халууцаж, нозоорч буй нь тэр. Гэвч тэр хэвээрээ явсаар найман өдөр, есөн шөнийн урт аяллыг төвөггүйхэн өртөөлсөн юм.

Бүсгүй заяат Бөөнцагаан нуурнаа Баянхонгорын уран бүтээлчид амраг сэтгэлээ үлдээгээд тэнгэрт зүүгдсэн тэмээн сүргийн говийг энх тунх туулаад мичид шүргэм Алтайн их уулс, амгалан шаргал элсэн говийг зүглэн шаргал тоос тэнгэрт өргөн моторт тэрэгнийхээ хурдны хязгаарт тултал жийж, Алтай нутгийн алган дээр орших Ээж уулын зүг хурдлан давхив аа…..

Зөөлөн элс нь сэтгэл зөвтгөж

Зөрүүд заг нь наранд өтлөсөн

Тэнгэрээс уяатай тэмээний нутгаар

Тэндээс тэрлэсэн шүлгийн онгодоор

Хуйлран давхисан хулангийн тоосоор

Үүрлэн нутагшсан мазаалайн бэлчирээс

Тархан суурьшсан Тахийн талаас

Түгэн идээшилсэн зээрийн бэлчээрээс

Дараагийн нийтлэлээ танд хүргэе… таалан болгоогтун…

Тэргүүн тэмдэглэл жаргав…..Үргэжлэл бий…

Сэтгүүлч Зоригтын Батхуяг

Холбоотой мэдээ