УИХ-ын дарга “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжсэн Баянхонгорын Өлзийт суманд ажиллав

2021-02-04 181 0

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр аймгийн босго болсон Өлзийт суманд ажиллав.

Тус суманд бод мал нилээд хорогдож, хорогдлын тоо 10.000-ыг даваад байгаа ажээ. Улсын хэмжээнд хамгийн хүнд нөхцөлд өвөлжиж байгаа Баянхонгор аймагт одоогийн байдлаар 250 мянга гаруй мал хорогдоод байгаа юм. Архангай, Завхан, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн нутагт олон зуун малчин отроор өвөлжиж байгаа юм. Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хуваарилсан өвс, тэжээл тараагдаад дуусчээ. Аймагт өвс, тэжээлийн нөөц тун бага үлдсэн байна. Тиймээс малчдад тохиолдож буй хүндрэл бэрхшээлтэй газар дээр нь танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зорилгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус аймагт ажиллаж байгаа юм.

Өлзийт суманд өнгөрсөн дөрвөн жил “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжсэн эхэлсэн. Төсөл хараахан бүрэн дуусаагүй ч иргэд ам сайтай байна. Төсөлд хамрагдаж, хашааныхаа сууцыг дулаан, цэвэр, бохир усны сүлжээнд холбосон иргэн н.Хүрэлбаатар “Манайх жилд 1.0 сая орчим төгрөгийг нүүрс, аргал, түлээний модонд зарцуулдаг байсан бол одоо сард 40 орчим мянган төгрөг төлж байна. Дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсоноор зардал бараг дөрөв дахин буурлаа. Хашаандаа хотынхноос дутахгүй тохилог орчинд амьдрах болсондоо баяртай байна” хэмээн ярьж байлаа.

Малын өвөлжилтийн хувьд 2021 оны нэгдүгээр сарын байдлаар тус суманд 10560 мал хорогджээ. Дийлэнх нь үхэр, адуу гэнэ. 320 үхэртэй байсан айл 80-тай үлдсэн тохиолдол ч байгаа аж. 12 дугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхний их хүйтрэлт малын хорогдлын гол шалтгаан болсон гэдгийг малчид хэлж байна.
Тус сумынхан өнгөрсөн жил 278 мянган мал тоолуулж байсан бол энэ жил 248 мянга болжээ. Авсан төлийн тоог тооцож үзвэл 100 гаруй мянган малыг зах зээлд борлуулсан. Зудын хохирол, малын хорогдол малчдын мал маллах арга ухаанаас ихээхэн шалтгаалж байна. Зудтай өвлийн хатууг малын хорогдолгүй, өнтэй даван туулж байгаа малчид ч бий гэж сумын Засаг дарга Т.Эрдэнэбат ярилаа.

Тийм малчдын төлөөлөл нь аймгийн аварга, Бийрийн тавдугаар багийн малчин М.Амарсайхан, Н.Дамбаа нарынх юм.
Тэд өвөлд эртнээс бэлтгэж, зудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсны үрээр малын хорогдолгүй тавлаг сайхан өвөлжиж байна. Мал нь ч айхтар тураагүй, жилбэ сайтай байна.

Энэ жил 1000 гаруй мал тоолуулсан М.Амарсайхан “Байгаль, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даац, малаас олох орлого ашгаа бодвол, малын тооноос илүү чанарт анхаарах нь чухал боллоо. Цаашид малынхаа үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг байдлыг дээшлүүлэхийг гол зорилгоо болгоно гэж ярьж байна.
Аймгийн аварга малчин Н.Дамбаа “Бод мал, ялангуяа адуу нилээд муудаж байна. Малаа хорогдолгүй онд оруулахын төлөө хичээж байна. Сүүлийн хэд хоногт овоо дулаарч байна. Ер нь урин цагийн хошуу эргэж эхэллээ. Хавартаа салхи шуурга бага байвал цагийн бэрхийг давчих байх хэмээн бодож байна гэв.
Олон талын арга хэмжээ авч, тусламж дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улсын төр, засаг, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллага, УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж байгаагаа малчид илэрхийлж, хаврыг давж, дэлгэр зунтай золгох итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байв.

Холбоотой мэдээ