Н.Учралын эхлүүлсэн тэтгэврийн шинэчлэлийг хийхийг эрх баригчдаас шаардая

2021-02-05 80 0

Тэтгэврийн шинэчлэлийг хийх УИХ дахь ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж буй.

Тэрбээр “УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болон өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх цаашид хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох зорилготой ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Бид холбогдох мэдээллүүдийг цуглуулаад түүн дээр анализ хийж байна. 1995 оноос хойш манайх шимтгэлд суурилсан тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш өнөөдөр ямар нөхцөл байдалд хүрснийг бүгд л харж байгаа. Үе үеийн Засгийн газрууд тэтгэврийн шинэчлэлийг ярьж ирсэн. Гэвч авч хэрэгжүүлдэг ганц арга хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас хамгийн их алдагдалтай ажилладаг Тэтгэврийн сан нь алдагдлаа улсын төсвөөс нөхдөг, цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлдэг эсвэл тэтгэврийн насыг хойшлуулахаас өөр ямар ч дорвитой арга хэмжээ авч ирсэнгүй.

2050 он гэхэд ДНБ-ийнхээ таван хувьд хүргэх эрдэл дагуулж байна. Тиймээс тэтгэврийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн. Тэтгэврийн тогтолцоо нь өөрөө “тэтгэвэрт” гарчихлаа гэдгийг иргэд олон нийт, судлаачид хэлдэг. Тиймээс ажлын хэсэг ирэх хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулуулахаар зэхэж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барина. Энэ хуулиар тэтгэвэрт гарсан иргэн нэгдүгээрт төрийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг хоёрт, хувийн тэтгэврийн сангаас мөн тэтгэвэр авдаг ийм зохицуулалтыг манай улс бий болгох ёстой. Ингэснээр хөрөнгийн зах зээл өргөжиж, төгрөгийн ханшийг тогтвортой барих зэрэг олон давуу тал бий болно.

Мөн одоо төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл буюу ажил олгогч, ажилтан, төр гэсэн гурван субъектийн аль аль нь сэтгэл хангалуун бус тогтолцоо бий болчхоод байна. Тиймээс улсад төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн сандаа төлдөг байх тэр зохицуулалтыг тусгана” хэмээн ярьж байсан ч өвчний улмаас түүний манлайлж байсан уг ажил таг чиг болж, намрын чуулган дуусаад байна. Тиймээс иргэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, энэхүү шинэчлэлийн ажлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахыг шаардахаас өөр гарц харагдахгүй байна. Хэрэв энэ шинэчлэлийн ажилд хойрго хандвал бид Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төрийн хямралтай үед намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэдэг тун хүнд. Учир нь цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хумигдсан, орон нутагт ган зудын улмаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын амьдрал доройтох дүр зураг харагдаж байна. Ийм үед халамжийн бодлогод түлхүү анхаарч, эрх баригчид зээл тусламжийн араас хөөцөлдөх болно. Харин тэр үед тэтгэврийн шинэчлэлийг ярих улстөрч битгий хэл иргэн ч олдохгүйд хүрч мэдэх юм.

Энэ талаар “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг “Тэтгэврийг шинэчлэх асуудал Ардын намын мөрийн хөтөлбөрт ороод залуу түшээ Учрал маань тугч нь болоод цогтой үзэлцсэн. Мань эр завсарлага авснаар энэ шинэчлэлийн ажил гацсан байдалд орсон.

Чинзориг гэх насаараа яаманд хадаастай нөхөр одоо ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг базаастай, шинэ сайдад нь ажил хийх боломж бараг олгохгүй байгаа харагдсан.
Яг адилхан тушаал гаргаад нэг нь хэрэгт унадаг, нөгөөх луйхар нь хөгжил шинийн садаа болсоор, хуучин луйврын тогтолцоог хэвээр нь авч үлдэх гэж улайрч, бидний халаасыг сэгсэрдэг, эрх мэдлийг хэдэн дарга нар авч үлдэн тэтгэврийн санг банкуудтай нийлж сааж амьдардаг байдлыг яг одоо үгүй хийе! Цаг нь болоогүй гээд хээвнэг ТВ-ээр хэлж байгааг нь сонсоод мэл гайхав – хэзээ болох юм бэ, Чинзоригоо? Чамайг ханахлээр үү? Бид бүгд үхээд дуусахлээр үү?

Чиний хамгаалж байгаа тогтолцоо чинь дээрэм, луйврын тогтолцоо юм! Шударгаар ажиллаж, хөдөлчихөөд, насаараа байдаг мөнгөө тушаачихаад, гавьяны амралтандаа гарах даруйдаа гуйлгачин болж, хүний гар харж амьдардаг тогтолцоо! Хождог хэд нь та хэд, алддаг хэд нь ард түмэн юм! Боль. Зогс! Яг одоо тэтгэврийг шинэчил!

Энэ шинэ засгаас амласныг нь шаардья. Чинзоригийг энэ асуудалд хутгалдахыг нь хориулья. Болвол өөрийг нь тэтгэвэрт гаргая. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ ажлыг хийлгүүлж байж салъя!” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ