БАЯНХОНГОР: УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллав

2021-02-05 226 0
Shares

 

Өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 3-5-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллав. Тэрээр энэ үеэрээ 400 гаруй тонн малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Тэрээр өмнө нь Засгийн газар, УОК, ХХААҮ-ийн яаманд хүсэлт тавьж, 480 тонн өвс, 450 тонн тэжээлийг үнэгүй буюу хөнгөлөлттэй үнээр олгосон юм.

Цар тахлын гамшгаас үүдэлтэй хөл хорио үргэлжилж иргэдийн ажил, бизнес, өрхийн эдийн засаг хямарч байна. Манай аймагт зуншлага тааруу гантай байсны улмаас цас зудын бэрхшээлтэй нөхцөлд өвөлжиж байна. Энэ хүнд цагт Хонгор нутгаа гэсэн сэтгэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн хандивыг ачсан 17 машин бүхий цуваагаар 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 100,000 ширхэг маск, 7000 ширхэг цай, 400 гаруй тонн малын тэжээл хүргэгдэн иржээ. Малчид, ахмад настнууд гээд 14 мянган өрх айлд эл тусламжийг хүргэнэ.
УИХ-ын дарга аймагт ирэнгүүтээ тусламжийн дээрх цувааг аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгч, 30 гаруй иргэдийн төлөөлөлд тусламжийн гардуулсны дараа аймгийн төвийн иргэд малчдынхаа 10.000 гаруй нэг наст малыг тэжээж, онд оруулж байгаатай биечлэн танилцаж. Зудын эрсдэлийг гарз хохирол багатай давахын тулд малчидтайгаа хүчээ нэгтгэж байгаад талархал илэрхийлэв.

Аймгийн төвийн иргэд хашаандаа хурга ишиг тэжээж, бүр таван ханатай гэрээ хүртэл суллаад, бууц дэвсэж, малаа хотлуулж байгаа сайхан сэтгэлийг бас сайшаан тэмдэглээд байгууллагын удирдлагын унаа машин, шатахуун зэрэг зардлыг хэмнэн, мал маллаж байгаа хүмүүстээ цалин урамшуулал болгон олгож байгаа нь зөв шийдэл болохыг онцлов.

2021 онд хэрэгжүүлэх томоохон төслүүдтэй танилцав

Манай аймаг Коронавирусийн халдвараас үүдэлтэй гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч 2021 онд Баянхонгор аймгийн удирдлагууд томоохон долоон төслийг хэрэгжүүлж, эдийн засгаа тэлэх, иргэдийн амьдрах нөхцлийг өөрчлөн, ажил орлогыг дээшлүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.
Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн удирдлагууд, уг төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн зүгээс 2021 онд орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн танилцуулгыг хийсэн юм.

Аймгийн газар тариалангийн салбарыг кластераар хөгжүүлэх, малчин өрхийг тэжээлээр хангах, төв суурин газрын хүн амыг төмс хүнсний ногоогоор хангах “Ногоон шим” төсөл, Шаргалжуут рашааны экологийн тэнцвэрийг хангах, рашааны ашиглалтаас орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх “Шаргалжуут” төсөл, Дэлхийд ховор хоёр бөхтэй тэмээгээ түшиглэн ингэний сүүг боловсруулан эрүүл мэндийн ашиг шимтэй бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах “Ингэний сүү үйлдвэрлэл” төсөл, Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, айл өрхийг хангаснаар агаарын бохирдлыг бууруулах “Номгон илч” төсөл, Баянхонгор хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх 1700 айлын орон сууц бүхий хотхон байгуулах “Шинэ суурьшлын бүс” төсөл, Түйн голын Баянхонгор хоттой залгаа ай сав газрыг хамгаалах, иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх “Оготнотой булаг” цогцолбор зэрэг төслийг боловсруулсан ажлын хэсэг тус бүр УИХ-ын дарга Г.Занданшатарт дэлгэрэнгүй танилцуулж санал дүгнэлт, зөвлөгөөг нь сонслоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсөл хариуцаж боловсруулсан ажлын хэсгийн залуустаа талархал дэвшүүлж, амжилт хүсье. Хонгор нутагтаа хийхээр төлөвлөсөн ажлуудаа аймгийн удирдлагууд анх удаа ийм шинэлэг байдлаар, тооцоо судалгаа хийж, төслөөр бэлтгэн танилцуулж, санал солилцож байна. Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтүүдийг эргэн сайн нягталж сайжруулах, ингэний сүү боловсруулах төслөө улам нягтлах нь зүйтэй” гэх зэргээр зөвлөгөө өгөв. Уг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бид бүхий л боломж бололцоо хүн хүчээ, хөрөнгө санхүүгийн, эдийн засгийн ямар л боломж байна шавхан дайчлан ажиллах болно гэдгээ аймгийн удирдлагууд энэ үеэр хэлж, Орон сууцны ипотекийн зээлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм.

Аймийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж маск гардуулав

УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн Онцгой комиссийн Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ аймгийн Онцгой комисст хандивлаж буй 100 мянган ширхэг маскны дээжийг гардуулж.
Ган зудын бэрхшээлийг даван туулах, коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсдээ өндөр зохион байгуулалттай, цаг наргүй ажиллаж байгаа Баянхонгор аймгийн Онцгой комисс, хууль хүчний байгууллагын хамт олон болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Гидропоник орчинд ногоон тэжээл тариалах үйлдвэрт зочиллоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллах эхний өдрийнхөө үдэш Гидропоник орчинд ногоон тэжээл тариалж буй үйлдвэрийн байраар зочилсон юм.
Түүнийг “Энх Монгол Зоригт” төслийн хариуцагч, агрономич З.Чулуунцэцэг угтан авч хөрсгүй технологиор ногоон тэжээл тариалах явцыг тайлбарлан харилцан санал бодлоо солилцсон юм.

Өлзийт суманд ажиллав

УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллах хоёрдох өдрөө Өлзийт суманд бүтэн өдөр ажиллав.
Тус суманд бод мал нилээд хорогдож, хорогдлын тоо 10.000-ыг даваад байгаа ажээ. Улсын хэмжээнд хамгийн хүнд нөхцөлд өвөлжиж байгаа Баянхонгор аймагт энэ өвлийн байдлаар 230 мянга гаруй мал хорогдоод байгаа юм. Архангай, Завхан, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн нутагт олон зуун малчин отроор өвөлжиж байгаа юм. Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хуваарилсан өвс, тэжээл тараагдаад дуусчээ.

Аймагт өвс, тэжээлийн нөөц тун бага үлдсэн байна. Тиймээс малчдад тохиолдож буй хүндрэл бэрхшээлтэй газар дээр нь танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зорилгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай аймагт ажиллаж байгаа юм. Тэрбээр өнөөдөр Өлзийт суманд ажиллав. Тус суманд өнгөрсөн дөрвөн жил “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжсэн эхэлсэн. Төсөл хараахан бүрэн дуусаагүй ч иргэд ам сайтай байна. Төсөлд хамрагдаж, хашааныхаа сууцыг дулаан, цэвэр, бохир усны сүлжээнд холбосон иргэн н.Хүрэлбаатар “Манайх жилд 1.0 сая орчим төгрөгийг нүүрс, аргал, түлээний модонд зарцуулдаг байсан бол одоо сард 40 орчим мянган төгрөг төлж байна. Дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсоноор зардал бараг дөрөв дахин буурлаа. Хашаандаа хотынхноос дутахгүй тохилог орчинд амьдрах болсондоо баяртай байна” хэмээн ярьж байлаа.

Малын өвөлжилтийн хувьд 2021 оны нэгдүгээр сарын байдлаар тус суманд 10560 мал хорогджээ. Дийлэнх нь үхэр, адуу гэнэ. 320 үхэртэй байсан айл 80-тай үлдсэн тохиолдол ч байгаа аж. 12 дугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхний их хүйтрэлт малын хорогдлын гол шалтгаан болсон гэдгийг малчид хэлж байна. Тус сумынхан өнгөрсөн жил 278 мянган мал тоолуулж байсан бол энэ жил 248 мянга болжээ. Авсан төлийн тоог тооцож үзвэл 100 гаруй мянган малыг зах зээлд борлуулсан. Зудын хохирол, малын хорогдол малчдын мал маллах арга ухаанаас ихээхэн шалтгаалж байна. Зудтай өвлийн хатууг малын хорогдолгүй, өнтэй даван туулж байгаа малчид ч бий гэж сумын Засаг дарга Т.Эрдэнэбат ярилаа.

Тийм малчдын төлөөлөл нь аймгийн аварга, Бийрийн тавдугаар багийн малчин М.Амарсайхан, Н.Дамбаа нарынх юм. Тэд өвөлд эртнээс бэлтгэж, зудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсны үрээр малын хорогдолгүй тавлаг сайхан өвөлжиж байна. Мал нь ч айхтар тураагүй, жилбэ сайтай байна. Энэ жил 1000 гаруй мал тоолуулсан М.Амарсайхан “Байгаль, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даац, малаас олох орлого ашгаа бодвол, малын тооноос илүү чанарт анхаарах нь чухал боллоо. Цаашид малынхаа үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг байдлыг дээшлүүлэхийг гол зорилгоо болгоно гэж ярьж байна. Аймгийн аварга малчин Н.Дамбаа “Бод мал, ялангуяа адуу нилээд муудаж байна.

Малаа хорогдолгүй онд оруулахын төлөө хичээж байна. Сүүлийн хэд хоногт овоо дулаарч байна. Ер нь урин цагийн хошуу эргэж эхэллээ. Хавартаа салхи шуурга бага байвал цагийн бэрхийг давчих байх хэмээн бодож байна гэв. Олон талын арга хэмжээ авч, тусламж дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улсын төр, засаг, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллага, УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж байгаагаа малчид илэрхийлж, хаврыг давж, дэлгэр зунтай золгох итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байв.

Shares

Холбоотой мэдээ