Увс: Баяд түмний төлөөлөл Ж.Хумбаа 2020 оны шилдэг өвлөн уламжлагч боллоо

2021-02-07 215 0
Shares

Увс аймгийн Малчин сумын харьяат, ихэлч, бийч Жутаагийн Хумбаа “2020 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарлаа.

Жутаагийн Хумбаа 1943 онд төрсөн, 78 настай. Баяд бий биелгээ, ихлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарчээ.

Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай”  төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв.

Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм. Энэ удаад Соёлын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдгийн шилдэг 3 дахь өвлөн уламжлагчийг тодруулан алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл”, 30 сая төгрөгөөр шагнан урамшуулахаар шийдвэрлэсэн байна.

Д.Өлзийсайхан 

Shares

Холбоотой мэдээ