<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Л.Оюун-Эрдэнэ: Малчид Ивомекийг мал муудах, малын бүх төрлийн өвчлөлд хэрэглэж байгаа нь буруу

2018-06-16 15:04 949


 

Аймгийн ХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Өнгөрсөн өвөл, хавар улсын хэмжээнд малын гоц халдварт өвчний дэгдэлт өндөр байсан. Харин Баянхонгор аймгийн хувьд нөхцөл байдал сайн байж, улсдаа эрүүл бүс гэх статустай явж ирсэн. Энэ нь ХААГ-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой.

 

Аймгийн ХААГ, тэр дундаа Мал эмнэлгийн алба хүйтний саруудад малын гоц халдварт өвчний эсрэг тууштай ажилласан. Ямар хүрээнд үйл ажиллагаа явуулсан бэ?

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Олон улсын худалдааны хорио цээрт малын гоц халдварт өвчин гараагүй нэг аймаг нь манайх. Тиймээс манай алба энэхүү статусаа хадгалж үлдэхийн тулд Засгийн газрын Мал эмнэлэг, үржлийн газар болон аймгийн Засаг даргын нөөцөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж малын гоц халдварт өвчнийг өөрийн нутаг дэвсгэрт гаргахгүй байхын төлөө ажиллаж байна. Монгол Улсын баруун бүсийн таван аймагт малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгдсэн учраас үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Байдрагийн гүүрэн дээр улсын төсвийн санхүүжилтээр хяналтын постыг ажиллуулсан. Зүүн талдаа Өлзийт сумын Худаг урт, Нарийн тээл дээрх хяналтын постууд дээр хүч нэмэгдүүлэн хяналт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж ажилласан. Үүний үр дүнд өөрийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчнийг нэвтрүүлээгүй.

 

Орон нутгийн чанартай халдварт өвчний эсрэг нийтдээ 11 нэр төрлийн вакцинжуулалтын ажил хийгддэг. Эдгээр ажлууд товлосон цаг хугацаандаа хийгдэж татан авалт 87, нийлүүлэлт 57,8 хувьтай хийгдээд байна. Мөн бид празит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1,9 сая толгой мал хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн тухайд бид өндөр ач холбогдол өгч ажиллана. Ингэхдээ малаа угаалга, ариутгалд хамруулахын зэрэгцээ, өвөлжөө, хаваржаа, бууц, худаг уст цэг, малын тоноглол, хэрэгслийг зайлшгүй халдваргүйжүүлэлтэд хамруулах ёстой байдаг. Үүний зэрэгцээ өнгөрсөн өвөлжилт, хаваржилт хүнд байсантай холбоотойгоор малын сэг зэм бэлчээрийг бохирдуулж байна. Тиймээс бид сэг зэм устгах сарын аяныг өрнүүлэн ажиллаж байна.

 

Та бүхэнд хамгийн хүндрэлтэй асуудал бол отор нүүдлээр малчид өөр аймаг, сумын нутаг руу нүүдэг явдал байх. Отор нүүдлийн үед хэрхэн ажилладаг вэ?

 

Манай малчид Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Архангай гэсэн дөрвөн аймаг руу отор нүүдэл хийгддэг. Бид эрүүл бүс гэдэг статусаа хадгалж үлдэхийн тулд малчдыг малаа тухайн аймаг, сумын мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлсэн, хяналтад байсан, отроос буцахдаа өөрийн аймаг, сумын мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, хяналтад орсон байх шаардлагыг тавьж байгаа. Хамгийн сүүлд Архангай аймгийн Их тамир, Өвөрхангай аймагт шүлхий өвчин гарсан. Тиймээс бид энэ аймгуудын холбогдох сумдтай хил залгаа сумдын хилийн зааг, нутгийн захад мал эмнэлгийн хяналтын постуудыг ажиллуулж байна. Ингэснээр отроос буцаж буй малчид маань хяналтад орж 14-21 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг малаас илрээгүй нөхцөлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж малчны малын эрүүл мэндийн өрхийн дэвтэрт бүртгэлийг хийж оруулж ирдэг.

 

Ямар нэгэн эм тариа хэрэглээгүй, цэвэр бэлчээрээр идээшилж буй ямар нэг өвчлөлгүй малыг эрүүл мал, мах гэж Олон улсад үздэг. Гэтэл бид вакцинжуулалтыг зайлшгүй хийх ёстой гэдэг бодлогыг барьж байна. Бодит байдал дээр малд тарьж буй вакцинд тавих хяналт ямар байдаг вэ. Малчид байх ёстой хэмжээнээс их тунгаар малд тарьдаг жишээ олон байна?

 

Вакцинжуулалт болон эмийн зохисгүй хэрэглээ нь малчдын төдийгүй нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Манай байгууллагын хувьд зөвхөн малын халдварт өвчний голомттой бүс нутагт нутаглаж буй малчин өрхүүдэд вакцинжуулалтыг хийдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Эмийн тухайд нэг кг амьдын жинд тохирсон стандарт тунг хэрэглэснээр эмчилгээ болдог. Харин хэтрүүлэх, шаардлагагүй тохиолдолд хэрэглэсэн тохиолдолд сөрөг нөлөөлөл үүсэж эхэлдэг. Тухайлбал, малын болон малын гаралтай бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл шингэж, энэ цаашлаад нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас манай мал эмнэлгийн байгууллага, бусад салбаруудаас  гарч буй санал шүүмжлэлд эдгээр асуудлууд байнга тусгалаа олж гарч байдаг. Энэ хүрээнд хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлж байна. 

Энд нэг жишээг онцлоход малчид малын празит өвчнөөс сэргийлэх Ивомек тариаг дур мэдэн их хэмжээгээр хэрэглэдэг. Гэтэл энэ нь тухайн малдаа болон малаас гарч буй бүтээгдэхүүн, түүхий эдэд маш сөрөг нөлөөтэй. Ямар нэг байдлаар мал өвдөхөд шууд л ивомекийг тарьдаг. Долоо хоногийн дараа үр дүн гарахгүй бол ахиад тарьчихдаг. Гэтэл энэ тариа нь малын празит өвчний үед л хэрэглэдэг. Харин малчид уг тариаг малыг дуудахад хэрэглэдэг, таргалуулдаг гэсэн ойлголттой байна.

 

Малчдын дундах зөрүүтэй ойлголт, мал аж ахуйн талаарх зөв мэдээллийг малчдад хүргэх чиглэлд ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлдэг вэ?

 

Бид малын халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, эм тариа, бэлдмэлийг хэрхэн зүй зохистой хэрэглэх талаарх зөвлөмж, гарын авлагыг бэлтгэж бүх сумдад тараасан. Өнөөдрийн байдлаар говийн найман суманд паразит өвчинтэй тэмцэх, морины догол, малын эм тарианы зүй зохистой хэрэглээ гэсэн сэдвээр сургалт хийсэн. Цаашдаа хангайн бүсийн сумдад энэ сургалтаа үргэлжлүүлнэ.

 

Мал эмнэлгийн албаны үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулахад бэрхшээлтэй ямар зүйл байдаг вэ?

 

Манай алба нь Олон улсын итгэмжлэлд дөрвөн удаа хамрагдсан лабораторитой. Энэ лабораториороо дамжуулан анхан шатны шинжилгээ, оношлогоог хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг. Улсад баталгаажуулах зорилгоор жилдээ нэгээс хоёр удаа дээж материалыг өгдөг. Цаашдаа бид одоо байгаа ажилтан, мэргэжилтнүүдээ боловсруулах, мэргэжлийг дээшлүүлж, ахиулах чиглэлээр анхаарч шат дараатай сургалтад боловсон хүчнээ хамруулахыг зорьж байна. Мөн малын эрүүл мэндийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор орон тоо, бүтэц шаардлагатай хэмжээнд хүрч нэмэгдэнэ гэж харж байгаа.

 

Баянхонгор аймаг хөдөөгийн 19 сумтай. Сум бүрд мал эмнэлэг, үржлийн тасаг үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь хувийн мал эмнэлгүүд ч бий. Эдгээртэй хэр уялдаатай ажиллаж, хяналт тавьдаг вэ?

 

Сумдад байгаа гурван хүний орон тоотой Мал эмнэлэг, үржлийн тасаг өмнө миний дурдсан хуулийн хүрээнд өөрчлөгдөж Хөдөө аж ахуйн тасаг нэртэй болж байна. Орон тооны хувьд хоёр мэргэжилтэн, нэг жолоочтой байхаар яригдаж байна. Үүн дээр нэмэгдэж хувийн мал эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэйгээр байцаагч эмчийн орон тоо нэмэгдэнэ. Тэгэхээр мал эмнэлгийн үйл ажиллагаа цаашид өндөр хяналтад хариуцлагатай, чанартай явагдах бололцоо бүрдэнэ гэж харж байна.

 

Нөгөө талаасаа манай малын эмч нар маань 45-аас дээш насны хүмүүс болсон. Тиймээс бид 2013 оноос хойш төгссөн боловсон хүчний судалгааг авсан юм. Ингэснээр шинээр үүсэх бүтцэд аль болох залуу боловсон хүчнийг ажиллуулах боломж бүрдэнэ.

 

Малын эрүүл мэндийн тухай хуулийн талаар товчхон мэдээлэл өгөөч. Ялангуяа малчин, мал бүхий иргэдтэй холбоотой ямар хариуцлага, үүргийн заалтууд байгааг сонирхож байна?

 

Өмнө бид халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 100 хувь төрөөс даадаг байсан. Тэгвэл шинэ хуулиар тодорхой хэмжээний буюу суурин өвчлөлтэй холбоотой гардаг халдварт өвчний зардлыг малчид өөрсдөө санхүүжүүлдэг болсон.  Өнөөдрийг хүртэл манай малчдын зүгээс хүлээх үүрэг, хариуцлага гэж байсангүй. Мал өвдөх, үхэхэд төрд л даатгадаг байсан. Тэгвэл энэ байдал шинэ хуулиар цэг тавигдаж, ямар нэг өвчин гарах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүйгээс үүсч гарах зардлыг малчид өөрсдөө хариуцдаг байхаар тусгасан. Мөн бусад аймаг, суманд отор нүүдэл хийхдээ тухайн сумын мал эмнэлгийн тасагт мэдээлж, тэндээс бэлчээр нутгаа заалгаж, отор нүүдэл хийдэг болох юм.

 П.САНААДАГВА


Сэтгэгдэл үлдээх