<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баримт ноёны тушаалаар

2018-08-29 18:00 643

Баримт ноёны тушаалаар

 

Анх сонсохдоо ер ажраагүй ээ... Санаа ахын аймгийн сониныхоо 70 жилийн ойд зориулан нэгэн цагт “Лениний зам” сонины эрхлэгчээр ажиллаж асан, баярын үеэр МУСТА цол, тэмдгээр шагнуулсан, чөлөөт зураач А.Хоогой, нутаг усны, аав ээж, дээдчүүлийг нь танихаар үл барам “Гарын шавь минь юм шүү дээ” гэх алс хойчоо даатгасан, итгэж бахархсан харамгүй үгээр тодотгон хэлж танилцуулаад зуршчихсан Б.Чинбат нарын хамт баринтагласан номынх нь нэр л дээ, “Баримт ноёны тушаалаар” ... “Лениний зам”, “Шинэ зам” “Долоон бурхан”, ”Баянхонгорын мэдээ” нэртэй таван сонины редакцийн ажилтнууд, хэвлэх үйлдвэрийн ажиллагсадын  өчигдрийн үнэний үргэлжлэл, өнөөдрийн дуу хоолой, ирээдүйн түүчээ-гурван цагийн хэлхээс үүх түүх хуучлах, цадиг намтраа хөврүүлэх, түүхт 70 жилийн ойгоо ёслон тэмдэглэж бараг долоон үеийнхэн хол ойр, хөдөө хотоос хүрэлцэн ирж хуран цугларсан зуны адаг  сарын шувтаргын учрал ерөөл, өлзий дэмбэрэлт хоёр өдрийг баян, баяны өлгий Баянхонгор нутагт дүүргэлээ.

 

Тал хээр говь, хангай хосолсон Хонгор нутгаар ахмад сэтгүүлч Санаа ахынхаа урилгаар зорчсон минь эх орны баруун хойд зүгт хамгийн алс зорьсон хэрэг. Сэтгүүлч бидэнд сонирхол татахгүй, асууж шалгаахгүй орхих юм гэж уулаасаа байх биш дээ.