<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Залуу яруу найрагч, сэтгүүлч Зоригтын Батхуягийн анхны “Морин мөрт” номын нээлт боллоо

2018-07-10 20:33 273

Залуу яруу найрагч, сэтгүүлч Зоригтын Батхуягийн анхны “Морин мөрт” номын нээлт боллоо


Залуу яруу найрагч Зоригтын Батхуягийн “Морин мөрт” анхны номын баяр боллоо. Түүний анхны номын баярт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Айлтгүйн-Төмөр-Очир, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад багш, сэтгүүлч Н.Дайриймаа, “Өдрийн сонин”-ны сэтгүүлч Л.Батцэнгэл, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг тэргүүтэй хүндтэй зочид, хоёр эмээ тэргүүтэй ураг удмынхан, ангийн нөхөд нь оролцлоо. Залуу яруу найрагч З.Батхуяг нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 9 жилийн дунд сургууль, аймгийн төвийн “Номгон” ахлах сургууль, “Баянхонгор МСҮТ”, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийг тус тус төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй залуу юм. Тэрээр чөлөөт цагаараа гэрэл зураг дарж шүлэг бичих сонирхолтой гэдгийг ажлын хамт олон, гэр бүлийнхэн, найз нөхөд нь тодотголоо.

Тэрээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “Морин мөрт” хэмээх газар төрсөн аж. Өөрийн унасан газрынхаа нэрээр анхны шүлгийн номоо нэрлэж, тэнгэр одсон аавдаа зориулж хэвлүүлсэн тухай тэрээр ярилаа. 2004 оноос шүлэг бичиж эхэлсэн тэрээр ийнхүү 15 жилийн дараа анхны номоо хэвлүүлж Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр бар өдөр нээлтээ хийсэн юм.

Түүний номын өмнөх үгийг Дарьгангийн хар азар хэмээн олноо хүндлэгдсэн, Морины их шүлэгч, Р.Чойномын нэрэмжит яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очир бичсэн бол МЗЭ-ийн гишүүн, Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит яруу найрагч, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Л.Батцэнгэл редакторласан байна. Түүний шүлгүүдээс эх орон, ахуй хөдөө, ээж аав нь уншигдах нь аргагүй сэтгэлд дотно, танил мэдрэмж юм хэмээн МУСГЗ Ай.Төмөр-Очир онцолсон бол авьяастны өлгий Хонгор нутгаас утга зохиол, сэтгүүл зүйн салбарт хүч түрэн орж ирсэн залуучуудын гол төлөөлөгч хэмээн яруу найрагч Л.Батцэнгэл онцолсон юм.

Гавьяатууд, эрдмийн багш нар, ураг садан, найз нөхдөө нэг доор уулзуулсан “Морин мөрт” номын нээлт ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө...


Сэтгэгдэл үлдээх