<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МЭНДЧИЛГЭЭ

2018-07-10 16:11 2219


Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жил, аймаг байгуулагдсаны 77 жилийн ой, монгол түмний их баяр наадмын мэндийг уугуул, суугуул хонгор нутгийнхаа нийт наадамчин олон та бүхэндээ хүргэе.

Сар асгарч хур тэгширсэн

Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам эхэллээ.

Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар миний бие 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн явцыг хэлэлцүүлэн дүгнүүллээ. Сонгуулийн жил дундаа орж буй энэ мөчид аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 58,6 хувьтай хэмээн дүгнэж, Илгээлтийн эзэн, Оюутны тэтгэлэгийн хөтөлбөр, Ажилсаг төв ашиглалтад орж, үйл ажиллагаа жигдэрсэн зэргийг сайшааж байсныг дурдая.

 

Аймгийн Засаг дарга миний бие болоод ЗДТГ-ын үйл ажиллагаанд өгсөн энэхүү дүгнэлт нь ард иргэддээ амласан мөрийн хөтөлбөр, түүний цаана агуулагдаж буй иргэд маань ажилтай орлоготой, хонгор нутагт маань хөгжил дэвшил, бүтээн байгуулалт цэцэглэсэн байх зорилт сонгуульт хугацаандаа бүрэн биелэх боломжтой гэдгийг харуулсан тод жишээ болж байна.

 

Гаргасан амжилтаа ахиулж, хийж бүтээхээ нэмэгдүүлэх нь миний ажилдаа баримталж буй гол зарчим юм. 2018 онд Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт таван бүлэг, есөн зүйлийн хүрээнд 244 зорилтот ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажил, арга хэмжээний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 36,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр 5,2 тэрбум төгрөгийн 45 ажил, замын сангийн хөрөнгөөр 520 сая төгрөгийн 14 ажил, Орон нутгийн төсвөөр  1,4 тэрбум төгрөгийн 24 ажил, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 910 сая төгрөгийн 28 ажил, арга хэмжээ хэрэгжинэ.

 

Миний дээр дурдсан ажил, арга хэмжээ бүр  хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдэж эхнээсээ хөрсөнд бууж, хүндээ хүрч байгааг дуулгахад таатай байна.

 

2018 он гарсаар Өлзийт сумын нутгийн удирдлагын ордон, Богд сумын Соёлын төвийн барилга, Жинст сумын 150 хүүхдийн дотуур байр, Баянхонгор аймгийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга, Архивын барилга, 4,5,2,7 дугаар багийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, Баянхонгор сумын 20, 21, 22, 26, 13, 14 дүгээр байрны их засварууд, Эрдэнэмандал сургуулийн спорт залны барилга, аймгийн төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл, Баянговь сумын цаг уурын өртөөний барилга, Сурын талбайн тохижилтын ажил, Баянхонгор сумын 2,3 дугаар багийн спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн, Галуут, Заг, Баянбулаг, Богд сумдын багийн төвийн барилгын ажлууд эхлээд байна.

Наадмын маргааш намар хэмээн монголчууд та бид ярьдаг. Аливаа цаг зуурын бэрхшээл, байгалийн хүчин зүйлсийг даван туулахын төлөө хамтдаа хөдөлмөрлөж, ажиллахын чухлыг баярын энэ өдөр та бүхэндээ сануулахыг хүсэж байна.

Зуны сар дундаа орсон ч зуншлага тааруу хэвээр байна. Нийт газар нутгийн маань 50 орчим хувь гантай, гандуу байгаа нь та бид өвөл, хаврыг өнтэй давахын төлөө өмнөхөө илүү хичээн ажиллах шаардлагатайг илтгэж байна.

Эзэн хичээвэл заяа хичээдэг. Баянхонгорчууд та бид 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтыг хамтын хүчин зүтгэлээр амжилттай давж, мал, амьтны халдварт өвчингүй эрүүл бүсийн статусаа хадгалж өнөөдрийг хүрсэн. Цаашдаа ч зөв бодлого, харилцан ойлголцол, хамтын хүчээ нэгтгэн нэмэгдүүлж, цагийн хүндийг даван туулж, ирэх жилийн наадмаар амар мэндээ эрцгээнэ гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.

 

Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!

 



Сэтгэгдэл үлдээх