<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2018-12-31 14:01 575


Хонгор нутгийнхаа бүтээлч,хөдөлмөрч, хичээнгүй зон олон та бүхэндээ 2018 оноо үдэж морилон ирж буй 2019 оноо угтах энэхүү торгон агшинд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлэн мэндчилье.

 

2018 онд Баянхонгор аймагт бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөж, ард түмний ажил амьдралд тодорхой ахиц дэвшил, өөрчлөлт гарч, албан байгууллага, аж ахуй нэгжүүд амжилт бүтээлээр дүүрэн байлаа.

 

 Улиран одож буй 2018 онд Хөдөө аж ахуй, нэн ялангуяа мал аж ахуйн салбарт бэлчээрийн даацад тохирсон мал сүрэгтэй байх, бэлчээрээ хайрлан хамгаалах, мал аж ахуйгаа чанаржуулан эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой бодлого, бэлчээрийг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг Монгол улсын хэмжээнд анх удаа нэвтрүүлж, малчид иргэд халуун дотноор дэмжин хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглэж  байна.

 

Бид Баянхонгор аймгийнхаа аялал жуулчлалын маршрутыг шинэчлэн тогтоож, гадаад, дотоод зах зээлд сурталчилж, Олон улсын байгууллага, Үндэсний хөгжлийн газар гэх мэт байгууллагуудтай хамтарч нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, аялал жуулчлалын бааз суурийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.  Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 240 гаруй сая төгрөгийн хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг гаргалаа.

 

Манай Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын салбарынхан тэр дундаа жүдо бөх, үндэсний бөх, чөлөөт бөхийн салбарт амжилт дүүрэн он жил байлаа. Өнгөрсөн онд улсын их баяр наадмаар манай аймгаас Монгол улсын харцага, начин цолтон төрөн гарсныг та бид хамтдаа харж бахархан суусан цаг саяхан мэт санагдаж байна.

 

2018 онд Баянхонгор аймагт 50 тэрбум төгрөгийн 40 ажил, арга хэмжээ, бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн байна. Баян-Ойт сургууль цэцэрлэгийн цогцолборыг бүтнээр нь, 520 ортой хүүхдийн эмнэлэг, 280 хүүхдийн цэцэрлэг, ахуйн үйлчилгээний барилга, Тагнуулын газрын барилга, Төрийн архивын барилга болон хоёр сумын тамгын газрын барилга гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг  хийж гүйцэтгэн заримыг нь ашиглалтад хүлээлгэж аваад байна. 

 

Баянхонгорчууд аа, та бид хийсэн ажилтай, хүрсэн амжилттай нэгэн оноо ийнхүү үдэж байна.

 

 2019 онд баянхонгорчууд та биднийг хүч хөдөлмөр, хөрөнгө шаардсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хүлээж байна. Тухайлбал, долоон сургуулийн барилга, тэр дундаа “Номун далай” цогцолбор сургуулийн барилгыг шинээр баригдахын зэрэгцээ иргэддээ газрыг нь шинээр өмчлүүлж, шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн зургадугаар сургууль, 14 ортой эмнэлэг, хөдөө сумдад таван сургууль, долоон суманд соёлын төв баригдах юм. Мөн хөдөөгийн ард иргэдийн зорчих хөдөлгөөнд хамгийн ихээр саад болдог Цагаан туруут болон  ганцын гарам дээр төмөр бетонон гүүр барина.

 

2019 онд бид Баянхонгор сумын иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлөөр хангаж, утааг бууруулах бодитой томоохон ажил арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн жил байх болно . 2019 онд олон жил яригдсан дулааны цахилгаан станцын барилга шинээр баригдаж эхэлнэ. Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, мал махаа экспортлох бодлого зорилтын хүрээнд хорио цээрийн дэглэм бүхий Махны үйлдвэрийг ирэх ондоо багтааж 100 хувь ашиглалтад оруулах зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.

 

Айлчлан ирж буй 2019 онд Монголын бурхан шашны гурван зулын нэг, Эрдэнэ Бандида хутагт Хамба номун хан Ханчинчойжил, ламын гэгээн Лувсанданзанжанцангийн түмэн өлзий гийсний 380 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжийшинэнд даншиг өргөх их наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, төвийн бүсийн их хурд наадмыг зохион байгуулах болно. Энэхүү ёслол төгөлдөр наадмаар хонгорчууд та бид Монгол зон олныхоо нүдийг баясгаж, сонорыг мялаасан сайхан мэдээтэй, сайн сайхан үйл явдал дүүрэн баяр болгож тэмдэглэх болно.

2019 онд та бүхний маань санасан бодсон сэтгэлчлэн бүтэхийг ерөөе.

Аймгийн Засаг даргын бодлого шийдвэр, үйл ажиллагааг дэмжиж, бид бүхний ажил үйлс болгонд бие сэтгэл, зүтгэлээрээ дэмжиж, ажил хөдөлмөрөө зориулж байгаа Баянхонгорчууд та бүхэндээ баярлалаа.

 

Шинэ оны мэнд хүргэе.


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ



Сэтгэгдэл үлдээх