<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Олонд цуутай “Онгорхой” Дандар

2018-06-14 14:24 637

Эргэн дурсахуй

Олонд цуутай “Онгорхой” Дандар

            “дурсамж нийтлэл”


1964 онд манай аймагт Барилгын Техник мэргэжлийн сургууль байгуулагдаж улс орондоо мэргэжлийн барилгачин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж эхэлсэн байдаг.

Алтай нутгаас, ар өврийн сайхан хангай, баруун аймгуудаас ижий аавынхаа өврөөс бараг гараагүй дөнгөж долдугаар анги төгссөн охид, хөвгүүд  хүний газар гүний хошуунд  тухайн үеийн намын уриа “ Их барилга бол бүх ард түмний үйл хэрэг мөн “  үйлст хүчин зүтгэхээр сэтгэл шуудран  барилгачин бэлтгэх эрдмийн уурхайд хөл тавьж байсан түүхэн үе.  Тэр дотор нэгэн биерхүү  хүү мужааны ангид орж сурч байсан нь хожмын МУ-ын волейболын спортын мастер Доржийн Дандар ах минь байсан юм.

Газар газраас ирсэн хөвгүүдийн хооронд нэгийгээ дээрэлхэх, зодох явдал гардаг байсан ч  бас ангийн найз нөхдөө өмөөрөх өр зөөлөнтэй атаманууд байдаг байв. Түүний нэг Д.Дандар тэрээр багадаа зодоон, залуудаа атаман, одоо ч зангарагтай эр.

            Улсаас тавьж өгдөг саарал өнгөтэй  пальто,  дотоодын үйлдвэрийн  гутал, Дарханы үйлдвэрийн хонины нэхий саарал малгай, бор форм, цагаан цамц бол хаанаас ч харсан ТМС-ийн хүүхэд гэсэн онцлох тэмдэг байсан юм. ТМС-ийн багш нарын суурь  сургалт –хүмүүжлийн ажил идэвхтэй сайн байсан болохоор олон олон шавь нар нь аймаг улс, тив дэлхий, олимпийн аваргууд төрөн гарсан.Тэдний нэг амьд үлгэр дуриал бол Монгол Улсын спортын мастер, миний Д.Дандар ах болохыг би хар багаасаа мэднэ. Бид нар ч цүнхээл рүү  чулуу шидэж тоглоно. Оготнотой булгын ойролцоо хүний нүднээс далд газар атамануудын зодолдоон болно. Үзүүштэй харууштай. Өөр үзэх юм байхгүй юм чинь.

Тэр үеийн атаманууд нударга зөрүүлэхдээ ТМС-ийн уурын зуух өнгөрүүлээд   хашаануудыг өнгөрөөд тойрон хүрээлэгчид хөгжөөн дэмжигчдээр хүрээлүүлэн нус гардаг газраас цус гаргахаар зодолдоно.

Нэг удаа манай ангийн Дэмбэрэлийн Батцэнгэл, Аюушийн Батболд нар манайд гүйж ирээд  Дандар атаман  Мишгээгийн Гансүхтэй зодолдох гэж байна. Би пальтогоо өмсөнгөө Хаана вэ. – гэхэд – Голын тэртээ гээд түрүүлэн би араас нь гүйхэд манай байрны гадаа байсан хүүхдүүд нохойгоо дагуулан араас учрыг нь ололгүй дагана. Дандар ах их ганган залуу байлаа. Хромон гутал гялалзтал тослоод гармушиклан жийж, шар даалимбан хөвөнтэй куртик, аваарын цагаан малгай хэлтгий тавьж,  перчаткатай бээлийгээ хоёр талаас нь хавсарган цохиж анхаарлаа төвлөрүүлж байсан бол Гансүх ах биеэр арай том, орос бакалын түрүүг бараг хагасыг нь эргүүлчихсэн, толгойдоо бриткен хар малгай хазгай тавьсан ганган залуу өрөлт авч гадуур хувцсаа тайлан зодоон эхэлж билээ. Гансүх ахын савласан цохилт эхний үед Дандар ахыг сандаргаж байсан боловч хүрээлсэн хүмүүс рүү хэтэрхий их түрсэн тул түр завсарлав. Дараа нь Гансүх довтлоход Дандар зөрүүлж баруун гараар нүүрэнд нь хатгалт хийснээр Гансүхийн хамар амнаас цус гойжин тулаан өндөрлөж билээ. Тэгээд аймгийн төвийн хоёр атаман гар барин гол руу очиж цусаа арилгаж, тоосоо гөвснөөр энэ удаагийн тулалдаанд Дандар ах ялж байсныг бага балчир хүүхэд ахуй насны ой тойнд тодоос тод үлдсэн байдаг.

Артелийн улаан булан болон амьчуулын улаан буланд кино гаргана. Цэрэнчинаа, Наваан ах гол төлөв кино тавьдаг бөгөөд Чапаев, Цогт тайж, Монгол хүү гээд хэдхэн кино давтаж  гарна. Шинэ кино ирвэл төвийн атаманууд цугларна. Оройн нь охид булаалдаад бас зодолдоно. Залуучууд гуанзны хажууд дах  төв дэлгүүрт Сумъяа, Цэрэндэжид эгч нар худалдаа хийх бөгөөд кино театрын хажуу дах гурилын дэлгүүрт Магван гуай гурил зарна. Энэ орчмоор ТМС-ийн сурагчид кино үзэх гэж анги ангиараа цугларна. Атаманууд ажилдаа гарна.Айлгана.Миний мэдэх хуруу, сааран, жаахан, орсгой, улаан, майга  гэх мэт хочтой атаманууд  ТМС-ийн аймаг аймгийн гайгүй гар зөрүүлнэ. Энд Д.Дандар ах их явж л харагдана.

Манай аймагт хөл бөмбөгийн спорт дээр үеэс хөгжиж өргөн олныг хамруулсан харууштай тэмцээнүүд их болдог байв. Герман толгойд байрлах Геологийн хайгуулын немцүүд, Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар, Өлзийт Өвөрхангайн Орос цэргийн баг гээд ёстой л нэг Интернационлч тэмцээнийг Шархүү багш маань санаачлан хийдэг байлаа. Багш маань  Дандарыг  хөл бөмбөгийн хаалгачаар сурган төвийн  аймгуудын бүсийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр аймгийн шигшээ багт хаалгачаар орж,  Шархүү багш, Нэргүй, Чулуундорж, Амарсанаа, Гомбо, Дөрвөн-чулуун, Чунаг,  Цэвээндорж ах нарын хамтаар маш сайн тоглож байснаар нь төсөөлдөг болсон. Гол нь ямар ч довтлогчийн өмнөөс  айхгүйгээр туусан бөмбөгийг биеэр хамгаалан нүүр ам цээжиндээ нэг бус удаа өшиглүүлж бэртэж байсан ч тэсвэр тэвчээр сайн залуу байсан юм. Магадгүй зарим нэг ясан шүдээ хөлбөмбөгийн тэмцээний үеэр үйрүүлж байсныг хэн мэдэхэв.

Хавар өдөр уртасч нар жаргаж цагаан гэгээ тасрахаас өмнө аймгийн төвийн нөгөө атаманууд ажилдаа гарна. Тэр үед айл бүр лапша, эсвэл цагаан будаа  болон шар будаатай шөл хийнэ. Шалавхан гурилаа зуурч элдээд гар бөмбөг тоглож байгаа ах эгч нар дээр очно.Тойрог маягаар зогсож гар бөмбөг харьцаж тоглоно. Харилцан бие бие рүүгээ өгч авалцана. Цөлсөн бөмбөгөнд нь мань мэтийн бацаанууд гүйнэ. Гайгүй сайн гар бөмбөг тоглодог бүсгүйчүүдэд сэтгэл алдарна. Солгой Адъяа, Ц.Хоролгарав, Арвай хээрийн 14 гэх  мэтийн эгч нар аймгийн атамануудыг хуйлруулна.  Үүнээс болоод зодоон болно. Дандар ах гоёчихсон гар бөмбөг дээр ирээд гоё гоё авалтууд хийж, сайн харьцаж хүүхнүүдийн харцыг булаана. Үүнд атаархсан атмаанууд ахыг өднө. Ингээд гол дээр зодоон болно. Хүнийг пойлдоно гэж байхгүй. Махан биеэрээ үзнэ. Дандар ах ч энэ олон удаагийн тулаанаас ганц нэг шүдээ алдсан байх  даа. Баянхонгорын эмэгтэй волейболыг Ш.Норов эмч, солгой Адъяа, жаахан Дулмаа, Баяраа,  сүүлд багш Т.Алтанцэцэг нар мөн олон жил чирсэн дээ.

Дандар ахтай би анх 1981 онд сургууль төгсөөд Барилгын ТМС-д багш байхдаа нүүр тулан уулзаж танилцсан юм.

Дандар ах манай ангийн хамгийн царайлаг охиныг аваад суучихсан. Чухам яаж байгаад авчихсаныг хэн ч мэдэхгүй. Манай ангийн багш Л.Шархүү багшид хадаг яндар барьсан болов уу гэж бодонгоо анх удаа атаман Дандарынд орж айхгүй ч гэсэн аягүй гэж жаахан сандарсан. Эхнэрийг цай тавгийн идээ бэлтгэх хооронд – За танилцъя. Миний нэрийг Дандар. Баянхонгорынхон андахгүй.-За залуучууд ажил ямар байна, тэмцээн уралдааны бэлтгэл ямар вэ гэх мэтээр энгийн зүйл ярьж байхад нь би тайвширч харилцан ярилцсан. Түүнээс хойш мэндтэй устай болж улмаар Баянхонгорын “ Навсайн бор “ –оор ахлуулсан Волейболын шигшээ багт хамтаар нэгэн үе хүчин зүтгэсэн юм даа.

Дандар Богдынх юм гэнэ лээ. Их сайхан. Уул шигээ түшигтэй. Ууртай мөртлөө их уяхан. Харахад харц халтирмаар боловч халдаад ирэхлээр зөөлхөн.

Гал команд, Дөвөнтийн Монгол-Болгарын спорт хамтлагт нөлөө бүхий гишүүн бяртай чадалтай явсан тухайн үеийн аатай, шартай явсан эрчүүдийн нэгдээ.

Төвийн бүсийн Галын тэмцээн Баянхонгорын төв стадионд зохиогдоход Баянаа хошууч дасгалжуулан саадтай 100-д Д.Дандар ах, Н.Баярмагнай, С.Энхсайхан, Бямбажав нар орж бүс дээ шалгарч байсан шиг санагдана.Тэр үед манай гал түймэртэй тэмцэх алба Баянхонгорын хамаг чадалтай тэнхээтэй залуусаар дүүрэн бэлтгэл сайтай сайхан хамт олон байв. Гэвч тэр нэг жилийн хаврын хуйсганасан  өдөр бэлтгэлээ базааж байсан хоёр сайхан залууг эрэмдэг зэрэмдэг болгож , нэг сайхан залуугийн амийг авч явсан аймшигт өдөр байсныг одоо ч мартагдашгүй юм.

Галаас зарим нэг тамирчид Барилгын ТМС-д С.Энхсайхан, Оюундэлгэр, Дөвөнт рүү Дандар ах маань явсан.

Аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн их гоё болдог.1-р 10 жилээс Бямбаа, Батсүх, тэргүүтэй баг, 2-р 10 жилээс Догоо, Загал багш тэргүүтэй баг, 3-р 10 жилээс Цэнд-Аюуш, Жамьянсүрэн, Жамьянжав тэргүүтэй баг, Дөвөнтөөс Дандар, Холбооны Бааска, Цогоо, Батбаяртай баг, Барилгаас цүлхээн Гомбо, хуруу Гомбо, ТМС-ээс Равдан, Энхсайхан тэргүүтэй баг, аймгийн захиргаанаас Эрэвгийлхам дарга, Дарьсүрэн багш, Цэрэнпил, Ёндонцоо эмч, Цагдаагийн хэлтсээс Баянжаргал, Дорлиг, Баатарсүрэн тэргүүтэй багууд хүч үзэлцэнэ дээ. Хөдөөнөөс Богдоос  Данхар, Жавзангийн команд, Маралын Дашпунцагийн хагас өндөр цохилтууд өрсөлдөгчийн зүрхэнд шар ус хуруулна. Тэр үед Догоо багш бусдаасаа хол тасархай биеийн хөгжил хамгийн сайн, цэвэр үсрэлт 120  байсан үе.

Догоо багш Баянхонгорын багийг толгойлон явахдаа хичнээн жил муу хонхорхой Дандараар гоёлоодоо. Хүн нэгийгээ хайрлаж хүндэтгэхийн яруу тод жишээг  энэ хоёрын нөхөрлөлөөс илт байдаг. Энэ хоёр чинь бараг 70-иад оноос нэг багт тоглосон байх шүү. Тэмцээн бүрт тоглолт эхлэхээс өмнө нэг их айхтар хурц гаатай юм шиг тосыг Догоо багш Дандар хоёр  бие биендээ өгч өвдөг тохой мөр бугалгаа тосолно. Одоо бодоход “ допинг” буюу могойн хортой тос их хэрэглэдэг байжээ. Дараа нь Баатарсүрэн, Энхсайхан, Очирбат бас түрхээд эхэлсэн.

80-иад оны дундуур шигшээ баг бүрдэхэд багийн ахлагчаар М.Долгорсүрэн багш,  холбогчоор Д.Дандар, Н.Очирбат, довтлогчоор С.Баатарсүрэн, С.Энхсайхан, том гарт Даваажав, Байдрагийн Эрдэнэбаяр, нөөц тоглогчоор Дашпунцаг ах, бид хоёр орсон.

Бүх ард түмний спардиакадын Бүсийн тэмцээн Архангайд болж манай аймгийн баг Архангайд хожигдсон. Тэгэхэд Дандар ах нэг их уурлаж билээ. Хэн нэгэн хүнд гомдоод байх шиг. Асуулаа – Паривгар хар / мастер А.Батжаргал /  нутаг нэгтнүүддээ элгэмсэг бус хандлаа гээд амандаа үглээд байсан. Тоглолтын үеэр Батжаргалын довтолгоо аймаар байсан бөгөөд манай баг пайнагт орж араас өгөх бөмбөг авалт болон холболтууд нэг л болохгүй байсан юмМ.Догоо багш шатаж Дандарт хамаг уураа гаргана. Манай хүн зүгээр зүгээр одоо болно гэнэ. Бусад тоглогч нар нэгэнтээ бээрчихсэн юм чинь тордлого авахгүй бүр дээрээс нь Батжаргалын цохисон тэр эрчтэй бөмбөгийг ядаж би хаахад миний чигчий хуруу арагш эргэн гэмтсэн нь тамирчдын сэтгэхүйд муугаар нөлөөлсөн. Тоглолтын дараа Дандар ах юм нэгээрээ дуусахгүй гэж Архангайнхныг ахин дуульд урьж байгаа мэт санагдсан.

Сайн багтай тоглож туршлага суудаг юм гэж М.Догоо багш бидэнд бэлтгэл сургуулиа чанартай тогтмол хийхийг зөвлөж байсан. Дандар ах бэлтгэлийн үед Оюундэлгэр бид хоёроор хулгайн цохио байнга давтуулж, нэгээр цохих, Вольна, угтуулж цохих гэх мэт камбинацуудыг бэлдэж гартаа оруулж байсан. С.Энхсайхан Н.Очирбат нар сайхан холбоно. Өөрсдөө эвтэйхэн цохино. Огноон  хэмээх С.Баатарсүрэнгийн цохилт нэг орвол “нааш нь нааш нь” гээд шигтгэж өгнө дөө. Манай багийн нэг алдаа нь нэгдүгээр бөмбөг авахдаа муугаас гадна урагшаа сууж авах, уналт хийхдээ муу талтай.

Дараа жилийн зун улсын аварга шалгаруулах волейболын төвийн бүсийн тэмцээн манай аймагт зохион байгуулагдахаар болж Дандах ах ч бэлтгэлдээ эрт гарсан. М.Долгорсүрэн багштай шигшээ багийн бүрэлдэхүүнд хэн хэн орохыг маш сайн зөвлөлдөн чих зөөлөнтэй залуусыг сонгосон. ТМС-ээс Энхээ, Очироо бид гурав, Галаас Оюундэлгэр, Баатарсүрэн, холбооны Цог инженерийг сонгон шалгаруулав. Хамгийн сайн зохион байгуулалттай баг амжилтад хүрнэ гэдгийг миний М.Догоо, Д.Дандар ах олон жилийн туршлагаар мэдэрч энэ залуусыг сонгосон. Зөв сонголт байсан.

Баянхонгорын 1976 оны сагсан бөмбөгийн шигшээ багийг Хүрлээ багш сонгохдоо Цагдаагаас Баянаа хошууч, Аймгийн дарга Дашчийрэвийн хүү Батхүү, Сургуулиас багш Цэдэвдорж, Равдан, Дарьсүрэн, сурагч Батболд, хөдөөнөөс заан Лувсанжамцыг авч хүчирхэг баг бүрдүүлж тэр үеийн босоо баг болох “ Алдар “ нийгэмлэгийг хожихдоо зөвхөн өш хонзонгоор хожсон. Бусдад нь бууж өгсөн түүх байдаг. Энэ байдлыг тэсвэрлэж чадалгүйгээр  Дандар ах  Хүрлээ багштай бараг зодолдох шахсан. Хонгор нутгийн тамирчдын хүчийг ашигласан  гэж Дандар тамирчнаа  өмөөрөн тэр хулигаантай үзэлцэх шахсан гэсэн  ам дамжсан яриа байдаг.

Бүсийн тэмцээний шувтаргаар хамгийн сүүлчийн шилдэг хоёр баг болох Архангай, Баянхонгорын багуудын эрчүүдийн тоглолт  эхэллээ.  Бие халаалтанд Догоо багш Дандарын өргөсөн бөмбөгийг гуравт шигтгэж, Архангайн мастер А.Батжаргал заалны шал доргитол цохилт хийж аль аль талын хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг догдлуулж байлаа. Хоёр багийн тоглолт эхэллээ. Манай баг сандарсан тэвдсэн юмгүй нэгдүгээр бөмбөгийг сайн авахыг хичээж байлаа. М.Догоо багш Дандарыг харна. Дандар, Догоо багшийн үсрэлт блок тавих зайг харьцуулан торноос зайтай өргөж багш тэр бүрийг шигтгэж байсан. Архангайнхан ч мөчөөгөө өгөхгүй жаахан илүүрхэж байлаа. Их тал эргэхэд манай С.Баатарсүрэн маш сайн тоглож ёстой л нэг онголзож байв. Хажуугаар нь С.Энхсайханы хууралт миний нэгээр цохилт, Оюундэлгэрийн хулгайн цохио орсоор байлаа. Дандар ахын даллаж давуулсан  давуулалт, Догоо багшийн хүчтэй эргүүлэгтэй давуулалт эсрэг талыг сандаргаж байсан. Харин Тэмцээний харьцаа нэг нэг бөмбөгөөр тоологдон аваа өгөөтэй тоглосон. Тэнцээгээ хагалах тоглолт болж байгаа хуучин заал бараг нурах шахсан байх. Тоглолтын шийдвэрлэх мөчид  2 илүүгээр хожих бололцоог С.Энхсайханы өргөсөн нэгээр бөмбөгийг би доош шигтгэн хожлын оноог багтаа авчирч билээ. Заал нүргэлж Хонгорынхон баяраа тэмдэглэсэн байдаг. Тэр жил С.Энхсайхан бид хоёр Цэргийн хэлтсийн дарга хурандаа Чинбатын амласан ёсоор Архангайг хожсон тул 3 жил цэргийн татлагаас чөлөөлөгдөж билээ.

Догоо багш Дандар ах нар тус тусын шүтлэгтэй.Тэр жилийн бүсийн тэмцээн Өмнөговьд болохоор шийдвэр гарч бид бэлтгэлд гарсан.Тэмцээн болохын өмнө багш гэртээ дагуулан хийморь сэргээж Ламын гэгээний утлагатай арцаар ариусган,  А.Лосолмаа багшийн гарын хоолоор дайлуулж,  байранд ирэхлээр Дандар өөрийн мэддэг тарни, уншлагаа хийж, Их богдын арцаар манийгаа ариусгана. Хоёулаа зэс бугуйвч зүүнэ. Өмнөговь руу манай эрэгтэй эмэгтэй баг АН-2 онгоцоор Батсүх, Бадрал нараар хүргүүлсэн. Нисгэгч Бадрал бол манай Захиргааны багийн сайн сагсчин залуу нисгэгч..

Тэр жилийн Баянхонгорын эрэгтэй багийн өнгө сайн байсан юм. Бэлтгэлээ сайн хийсэн. Бүгд формондоо орсон Зүс царайны хувьд манай багт чинь Догоо багш, Дандар, Очирбат, Оюундэлгэр гээд харчуудын өнгийг Энхсайхан, Баатараа, Цогоо бид дөрөв өнгө засаж гэгээ  оруулна. Дасгалжуулагчаар Гансүх багш хичээл зүтгэл гарган туслах дасгалжуулагчаар Баянжаргал хошууч хамтарна.

Ээ бурхан минь. Юу болсон гэж санана. Дундговьтой тоглох бие халаалтын явцад торон дээр гэж шүгэл дуугарлаа. Дундговиос нэг орос цохилоо. Дараа нь Догоо багш цохиход бөмбөг эгц доош унан дахин дээш дээвэр тултал явахад тэнд суусан зрител нам дуугүй болсон юм. Би лав л ийм хүчтэй тэсрэлттэй, их бууны сум шиг бөмбөг цохигдон гарахыг сэтгэл догдлон багш минь өшөө хүчтэй байгаасай, Дандар ахын минь өргөлт торонд бүү ойртоосой гэж бодож зориг орж байсан юм.

Дундговьд ЗХУ-ын армийн хоёр мастер легионер тамирчин байсан бөгөөд энэ жилийн Улсын аваргаас алт уу мөнгө үү гэж ирсэн баг бие халаалтын эхнээс аваад Хонгорын багт хожигдох үйл нь ирсэн. Эсрэг багаа дутуу үнэлсэн. Манай Хонгорын багт нэг ч бие тоосон эхэмсэг тамирчин байгаагүй, бүгд л Догоо багш , Дандарынхаа үгэнд орно. Нэг нэгийгээ гомдооно гэсэн ойлголтгүй, томорно гэсэн ойлголт бүр байхгүй. Тоглолтын явцад манай баг санаачилгыг гартаа авсаар конторгүй хожсон. Энэ бол Дундговийн гутамшиг, Баянхонгорынхны багаар ажиллах чадвар илүү байсныг харуулсан тоглолт болсон юм даа.

Би ахдаа бүрэг  ч гэсэн төрөлх Баянхонгор хотынхоо 60-иад оны төрх байдал,  ахын маань атаман, тамирчин байсан үе мөчийг өөрийн хэмжээнд төсөөлөхийг оролдлоо.

2015 оны 12 дугаар сар 22-ны шөнө хагаслан ахыгаа дурслаа. Ахдаа сайн сайхныг хүсье

Баярын Батаа


Сэтгэгдэл үлдээх