<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХҮҮХДИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛД

2017-05-14 10:09 1243



Гэмт хэргийн зохих хувийг хүүхдийн үйлдсэн хууль бус үйл ажиллагаа эзэлдэг. Дэлхий нийтээр хүүхдийн  гэмт хэргийг бууруулах, рецедив гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй бодлого, шийдвэр, арга замыг улс орон бүр эрж хайж  өөр өөрийн хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулан сайжруулсаар л байна. 
Үүний нэг нь  НҮБ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Риядын үндсэн чиглэл бөгөөд дэлхийн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тунхаг юм. 
Энэ баримт бичгийн агуулга нь хүүхдийн гэмт хэргийн нийгмийн үндсэн шалтгаанд анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг онцолдог.
Монгол улс энэхүү баримт бичигт нэгдэн дээрхи асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилладаг. 
Улсын хэмжээнд  сүүлийн 5 жилд 5297 гэмт хэрэгт 8052 хүүхэд холбогдон шалгагдсан нь  өмнөх 5 жилтэй харьцуулахад гэмт хэрэг 900-гаар буюу 14.5 хувиар буурч, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо 1734-өөр буюу 27.4 хувиар өссөн байна. Дээрх судалгаагаар насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн нийт гэмт хэргийн 69.6 хувийг хулгайлах, 7.0 хувийг танхайрах, гэмт хэргүүд эзэлж байна. 

Насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцлийн асуудлыг судлахдаа статистик тоон мэдээнд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, мэргэжлийн хуульчдын дунд анкетийн аргаар, мөн ярилцлагын аргаар тус тус судалгааг явуулдаг  бөгөөд судалгаа нь тухайн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний 30 хувийг эзэлдэг байна
АНУ-ын криминологич Хеввит, Л.Е.Дженкинс, Японы криминологич Кан Уэда нар Мичиган муж улсын шоронд ял эдэлж буй 500 ялтнуудын дунд социологийн судалгаа явуулах замаар эцэг, эхийн хараа хяналтаас гарсан, байнгын хэрүүл маргаан, зөрчилтэй, эрүүл бус уур амьсгалтай гэр бүлд өсөж хүмүүжсэн хүүхдүүд гэр бүлээсээ дайжин явж хүмүүжлийн болон ёс суртахууны доголдолд орж, гэмт хэргийн замд ордог болохыг тогтоосон байдаг. 
Профессор Н.Жанцан насанд хүрээгүй хүмүүсийн гэмт явдлыг дагнан судлаад гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүмүүсийн 54.6 хувь нь гэр бүлийн гишүүдийн доторх нийгэмт харш буруу арга хэрэглэх, хүүхдийг хууль бус ашиг хонжоо олох арга хэрэгсэл, гар хөл болгох, хүүхдийн дэргэд өөрсдөө буруу үлгэр дууриал үзүүлэх  зэрэг гэр бүлийн харш нөлөөнөөс болж гэмт хэрэг үйлддэг болохыг тогтоосон байна. 
Тухайлбал: Эцэг эхийн хайр халамж дутах, амьдралын түвшин доогуур байх, нийгмийн ядуурал, ажилгүйдэл, гуйланчлал, тэнүүчлэл, бусад хүмүүсийн муу нөлөө, гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүрсэн хүмүүсээс хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, гуйлга гуйхыг шаардан дарамтлах, сониуч гэнэн зан, согтуурал, мансуурал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сөрөг нөлөөлөл, бусдын нөлөөнд амархан автдаг байдал, багш нар, эцэг эхчүүдийн таагүй харьцаа, сургууль завсардалт, атаман байхыг хүсэх гэх мэт олон зүйлийг дурдаж болно. 

Баянхонгор аймагт 2015 онд хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг өмнөх оноос  1 дахин буурсан үзүүлэлт байгаа боловч  гэмт хэрэгт холбогдож болзошгүй хүүхэд, хууль зөрчсөн  хүүхэд, гэмт хэргийн золиос болж хохирогч болсон хүүхдийн   өмнө тулгамдсан асуудлаар дорвитой төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй  гэж хэлж болно.
2013 онд Гурванбулаг суманд зохион байгуулсан  багийн наадмаар хурдан морины уралдаанч хүүхэд мориноос унаж нас барсан. Мөн 2015 онд мөн тус сумын багийн наадмаар 15 настай хүү наадамчдын нүдэн дээр мориноосоо чирэгдэн амь нас нь хохирлоо.
Харамсалтай нь эрсдсэн хүүхдийг нутаглуулаагүй  байхад дараагийн багийн наадам болж хамгаалалтын хэрэгсэлгүй, даатгалгүй  хүүхдүүд хурдан морь унаж уралдсан бөгөөд тухайн үед сургуулийн нийгмийн ажилтан, Хүүхдийн төлөө Зөвлөлийн  тэргүүн сумын Засаг дарга нарын зэрэг хүүхдийг хамгаалах ажилтнууд хувийн ажлаар хот суурин газар уруу явсан байсан байдаг.
Мөн тус мэдээллийг  аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс  Хүүхдийн  Төлөө Үндэсний Газарт явуулдаг хурдан морины уралдаанч хүүхдийн аюлгүй байдлын  мэдээлэлд  оруулалгүй нуун дарагдуулсан   гашуун жишээ байна.
Хохирогч хүүхдүүд даатгалгүй, хохироосон насанд хүрэгчид хариуцлага хүлээлгүй өнгөрч байгаа нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн бодит жишээ юм.

Аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх алсын хараатай бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо хандлагыг өөрчлөн тасралтгүй хамтран ажиллах нь хамгийн чухал арга зүй байдаг.

Риядын үндсэн чиглэлтэй уялдуулан  хүүхэд гэмт хэргийн золиос болох, гэмт хэрэг үйлдэх асуудлыг бууруулахад орон нутагт:

•    Хүүхэд өсвөр үеийнхнийг эв нэгдэл, эелдэг харилцаа, бусдыг хүндэтгэх, уучлал хүсэх, өөртөө эзэн болоход сургах уламжлалт болон орчин үеийн судалгаанд тулгуурласан сургалтыг бага, дунд, дээд сургуулийн  сургалтын хөтөлбөрт оруулах
 
•    Нийгэм эдийн засгийн олон хүчин зүйл, насанд хүрэгчид, үе тэнгийнхний  буруу нөлөөлөлд автахгүй байх төлөвшлийг олгох арга хэмжээнүүдийг зохион байгуулах, түүнд төсөв санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх

•    Хүүхдийн эрхийг хамгаалахын зэрэгцээ тэднийг үүргээ биелүүлэхэд сургахад ардын уламжлалт арга зүйг, орчин үеийн сайн жишээтэй уялдуулан орон нутгийн хөтөлбөр боловсруулан тогтвортой ажиллах багийг бий болгон чадавхижуулах

•    Хүүхдийн орчин /  гэр бүл, хамт олон, гудамж талбай, ядуурал, хүчирхийлэл.../-д үнэлгээ хийж тулгамдсан асуудлыг тодорхойлон мэргэжлийн багаар ажиллах шинэлэг арга зүйг орон нутгийн онцлогт тохируулан  бий болгох

•    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг орон нутгийн  нийтлэг хөгжлийн төлөвлөгөөнд тусган улсын болон орон нутгийн төсвийн зохих хувийг энэ чиглэлд зарцуулдаг байх

•    Хүүхдийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг бэлтгэх, тэдэнд насанд хүрээгүй иргэнтэй ажиллах арга зүйг олгох, дадлага, туршлага эзэмшүүлэх

•    Цагдаагийн газар, шүүх танхимд насанд хүрээгүй хүнийг байцаах, шүүх, тэдэнтэй ярилцах тусгай танхимыг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаад анхаарал тавих нь зүйтэй байна.

•    Хүүхэд   ертөнцийг зөвөөр танин мэдэх нь   гэр бүлийн гишүүдийн харилцаа, хандлагаас шалтгаалдаг. Эцэг эхчүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, тэдэнд ажлын байр бий болгох,  сургууль завсардах,  хүүхэд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулан судалгаанд суурилан ажиллах нь хүүхдийг гэмт үйлдэх, гэмт хэргийн золиос болохоос хамгаалах суурь хэрэгцээ юм.
•    Хүүхдийг гүжирдэх, хилс хэрэг хүлээлгэх, шүүх шинжилгээний онош буруу тогтоогдохоос урьдчилан сэргийлж хүүхэд хохирох явдлыг  таслан зогсоох  зэрэг ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй байна.
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг судлаачид тодорхойлсныг энд танилцуулъя.
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нийгэм хамт олонд тулгуурласан үйлчилгээ хөтөлбөрөөр дамжуулан хийх
    Хүүхэд залуучуудыг хохирогч болгох, хүчирхийлэх, мөлжих, тэднийг гэмт хэрэгт ашиглах үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг боловсруулж хэрэгжүүлэх
    Хүүхдийг засан хүмүүжүүлэх байгууллагад байлгах явдлыг хамгийн эцсийн арга хэмжээ болгож хамгийн богино хугацаагаар хорих
    Үр хүүхэддээ бүрэн дэмжлэг өгөх боломжгүй эцэг эхчүүдэд туслах тэдэнд эцэг эх байх чадвар боловсрол олгох
    Гэр бүлийн хүчирхийлэл нь залуу хүмүүст хор нөлөөтэй учир гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлого явуулах
    Өөрийнхөө гэрт цаашид амьдрах боломжгүй болсон ба орон гэргүй хүүхдүүдийг амьдрах орон байраар хангах тусгай арга хэмжээг бий болгох ёстой.
    Хүүхэд залууст үйлчилгээ үзүүлдэг сайн дурын байгууллагуудад засгийн газар болон бусад байгууллагууд санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх
    Хүүхэд залуучуудын асуудлаар ажилладаг эцэг эх, орон нутгийн байгууллагатай хамтран ажиллах
    Хичээлээ тасладаг, сургууль завсардсан хүүхэд, залууст тусгайлан туслалцаа үзүүлэх, насан туршийн  боловсрол, мэргэжлийн сургалт, чөлөөт цагийн клубуудэд хамруулах
    Аливаа гэр бүл болон түүний бүх гишүүдийн хэрэгцээ, сайн сайхан байдалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч тогтвортой гэр бүлийн орчинд хүүхэд өсөж хүмүүжихэд тус дөхөм болох бодлогыг боловсруулах
    Хүүхдийг аль болох эцэг эхээс нь тусгаарлахгүй байхыг урьтал болгох
    Хүүхдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлага, оролцоо, үерхэл нөхөрлөлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж зөвлөжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлын хүрээнд салбар дундын  хамтын ажиллагааг чиглүүлэн эрүүл, төлөвшсөн ирээдүйг бэлтгэх, хөгжүүлэх бүхий л арга замыг эрэх олох, хүүхдийг аливаа эрсдлээс ХАМГААЛАХ нь бидний үндсэн зорилго мөн.


Сэтгэгдэл үлдээх