<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

2018 оны бахархалт 9 үйлстнийг тодруулна

2018-05-24 16:49 2338


Аймгийнхаа иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбаруудын ололт амжилт, хөдөлмөр, бүтээлийг тодруулан үнэлж, алдаршуулах, олон нийтэд сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, иргэдийг бүтээлч ажил, үйлсэд оролцуулах, харилцан туршлага солилцоход энэхүү журмын зорилго бүхий Баянхонгор аймгийн бахархалт үйлстнүүдийг хоёр дахь жилдээ тодруулахаар болжээ.

Баянхонгорын бахархалт үйлстнийг ирэх долдугаар сарын 11-нд аймгийн баяр наадмын өмнөх өдөр шалгаруулах аж. Шалгаруулахдаа тухайн жилд орон нутгийн төвшинд ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хөрөнгө оруулалт, нийгмийн хэв журам сахиулах зэрэг салбаруудад онцгой гавьяа байгуулсан 9 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын нэрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, тодруулна.

Өнгөрсөн оны бахархалт үйлстнийг http://khongor.mn/articles/baharhalt_uilsten_todruulav эндээс үзнэ үү 

 

“БАЯНХОНГОРЧУУДЫН БАХАРХАЛТ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭХ, “БАХАРХАЛТ ҮЙЛСТЭНГ ТОДРУУЛЖ, АЛДАРШУУЛАХ” ЖУРАМ

НЭГ. ЗОРИЛГО

Аймгийнхаа иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбаруудын ололт амжилт, хөдөлмөр, бүтээлийг тодруулан үнэлж, алдаршуулах, олон нийтэд сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, иргэдийг бүтээлч ажил, үйлсэд оролцуулах, харилцан туршлага солилцоход энэхүү журмын зорилго оршино.

ХОЁР. “БАЯНХОНГОРЧУУДЫН БАХАРХАЛТ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭХ

2.1. “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-ийг жил бүрийн аймгийн “Баяр наадам”-ын өмнөх өдөр “Төв талбай”-д тэмдэглэнэ.

2.2. “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-өөр аймгийн 9 бахархалт үйлстэнг зарлаж, батламж гардуулна.

2.3. “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-өөр Монгол Улсын Төрийн далбааг “Төв талбай”-д мандуулж, Баянхонгор цэргийн хүрээний болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд холбогдох хуулийн хүрээнд Хүндэтгэлийн жагсаал хийж, иргэд, төрийн албан хаагчид хүндэтгэл үзүүлнэ.

2.4. “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-өөр Соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулна. /Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн байгууллагуудад хамаарна./

2.5. “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-тэй холбоотой түүхэн үйл явдлын агуулга, мөн чанар, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлж, сурталчилна.

ГУРАВ. “БАХАРХАЛТ ҮЙЛСТЭН”-ИЙГ ШАЛГАРУУЛЖ, АЛДАРШУУЛАХ

3.1.Тухайн жилд орон нутгийн төвшинд ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хөрөнгө оруулалт, нийгмийн хэв журам сахиулах зэрэг салбаруудад онцгой гавьяа байгуулсан 9 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын нэрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хэлэлцэн, тодруулна.

3.2. Тодорсон 9 бахархалт үйлстэний ололт амжилт, хөдөлмөр, бүтээлийг жил бүрийн “Аймгийн баяр наадам” буюу 7 сараас “Улс тунхагласны баяр” буюу 11 сарын 26 хүртэлх хугацаанд олон нийтэд сурталчлан, ашдаршуулна.

3.3. Аймгийн хэмжээний нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд журмын дагуу тодруулсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хамт олны үйлсийг олон нийтэд сурталчлан таниулж, алдаршуулах ажлыг зохион байгуулна.

3.4. Аймгийн 9 бахархалт үйлстэнг тодоруулах үеэр шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын нэр дээр онооны данс нээж, Улс тунхагласны баяраар дүгнэж, бахархалтын бахархалт үйлстэнг шалгаруулна.

3.5. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд “Аймгийн баяр наадам” буюу 7 сараас “Улс тунхагласны баяр” буюу 11 сарын 26 хүртэлх хугацаанд нэр дэвшиж буй бахархалт 9 үйлстнүүдэд мөнгөн хандив хэлбэрээр онооны саналыг өгнө. Онооны саналаа дэмжиж буй бахархалт үйлстнийхээ нэр дээрх дансанд хийх бөгөөд уг мөнгөн хандивын хэмжээ нь албан байгууллага 1 сая хүртэл, иргэд 100.000 хүртэл төгрөг байна.

3.6. Улс тунхагласны баяраар бахархалт үйлстний цуглуулсан оноо /төгрөг/-г дүгнэж, хамгийн өндөр оноо /төгрөг/ цуглуулсан бахархалт үйлстэнг оны Бахархалтын бахархалт үйлстэнээр шалгаруулна.

3.7. Бахархалт үйлстэнд нэр дэвшин өрсөлдсөн 9 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээрх дансанд төвлөрсөн онооны мөнгөн дүнг тухайн нэр дэвшичид нь гардуулна.

3.8. Бахархалтын бахархалт үйлстэнд нэр дээрх дансанд цугларсан мөнгөн дүн дээр нэмж 10 сая төгрөгийн шагналыг гардуулна. Шагналыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ.

ДӨРӨВ. ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА, ХАМРАХ ХҮРЭЭ

4.1. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ.

4.2. “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-ийг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд аймгийн хэмжээний нийт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд бүрэн оролцоно.

4.3. Энэхүү журам аймгийн хэмжээний нийт төрийн болон төсөвт байгууллага, сум, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад хамаарна.

4.4. “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-ийг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцан зохион байгуулна.

4.5. “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-ийг тэмдэглэх ёслолын арга хэмжээг аймгийн Засаг дартын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс хамтран зохион байгуулна.

ТАВ. ТАЙЛАГНАХ, ҮР ДҮНГ ТООЦОХ

5.1. Бахархалт үйлстэнд нэр дэвшин өрсөлдсөн 9 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн жилийн 12 сарын 10-ны дотор холбогдох материал, бичиг баримтыг бүрэн бүрдүүлж, аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, аймгийн Музей, Төрийн архивын тасагт хүлээлгэн өгнө.

5.2. Аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс журмын үр дүнг тооцож, аймгийн удирдлагуудад танилцуулж, олон нийтэд сурталчилна.

5.3. Санхүү төрийн сангийн хэлтэс “Баянхонгорчуудын бахархалт өдөр”-ийг тэмдэглэхэд шаардагдах хөрөнгийг тухайн жилийн орон нутгийн төсөвт суулгаж, батлуулна.

ЗУРГАА. АЧ ХОЛБОГДОЛ, ҮР ДҮН

6.1. Аймгийн Музейд алдартнуудын танхим байгуулж, өргөжүүлнэ.

6.2. Аймгийн Архивын тасагт алдартнуудын материалыг хадгалуулж, архивын сан хөмрөгийг баяжуулна.

6.3. Хөшөө дурсгал, нэрэмжит гудамж, талбай, сум байгууллагуудыг бий болгоно. /Алдартны хөшөө босгож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно./

6.4. Залуу, хойч үеийнхэнд бахархан дуурайх бахархалт үйлстэнг таниулан сурталчилж, тэднийг ирээдүйдээ итгэх итгэл, урам зорилготой болгоно.

 


Сэтгэгдэл үлдээх