<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.НЯМДУЛАМ: ИРЭХ ЗУН ГЭХЭД ISO 9001:2015 СТАНДАРТЫГ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2017-12-20 10:20 288


Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Тогтоол шийдвэр, бодлогын зөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн, Чанарын удирдлагын багийн Нарийн бичиг Б.Нямдуламтай ярилцлаа.

-ISO стандартыг байгууллагад нэвтрүүлснээр ямар үр дүн гарах вэ?
-Олон Улсын стандартын байгууллага нь байгууллагын нэр, хэмжээнээс үл хамаарч чанарын менежментийн үр нөлөөтэй тогтолцоог хэрэгжүүлэн ажиллуулахад туслах зорилгоор ISO 9000 бүлэг стандартыг боловсруулсан. Анх 1987 онд хэвлэгдсэн цагаасаа хойш ISO 9000 нь Олон Улсын стандартын байгууллагын хамгийн алдартай цуврал стандарт байсаар байгаа. Стандартын зорилго нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход чиглэн, хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг бий болгох зорилготой. Байгууллагуудад баталгаажуулалт хийдэг стандарт нь ISO 9001:2015 бөгөөд энэ стандартыг 2016 онд үндэсний болгон орчуулснаар Монгол Улсад MNS ISO 9001:2016 чанарын менежементийн тогтолцоо гэж нэрлэгдэж байна.
Байгууллага үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлсэнээр гарах эерэг үр дүн, үр нөлөө их. Тухайлбал, Байгууллагын гадаад, дотоод бүх хэрэглэгчдийн сэтгэл ханамж бий болно. Илүү чадвартай туслан гүйцэтгэгч сонгох боломж бүрдэнэ. Ажилтнуудын ур чадварын шаардлагыг таних, ажилтнуудыг сургах сургалтын хэрэгцээний бодитой үндэслэл болж, ажилтнуудын ажлаа сайн хийх дадал заншлыг нэмэгдүүлэх юм. Мөн ажлыг дахин хийх ба ажлын төгсгөлд гарах асуудлаас үүдэн гарах зардлыг бууруулах зэрэг маш олон давуу талуудыг байгууллагад бий болгодог.
-Ямар туршлагаар хэрэгжүүлж байгаа вэ? Эсвэл орон нутагт шинэ тутам зүйл үү?
-Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 265-р тогтоол, Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг дарга нарын 2017 онд хамтран ажиллах гэрээний 3.8 дахь заалтад тус тус үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь үйл ажиллагаандаа MNS  ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх талаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд, бүрэн хэрэгжүүлж, гэрчилгээ авах талаар 2018 оны үндсэн чиглэлд үе шаттайгаар тусган хэрэгжүүлэн ажиллаж байна.
Баянхонгор аймаг, Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институтийн хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдыг сургах, мэргэжлийн зөвлөгөө авах санхүүжилтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Монгол улсад  ISO 9001:2015 стандартыг Сэлэнгэ, Увс, Дархан, Орхон аймгууд нэвтрүүлж, гэрчилгээжсэн байдаг. Баянхонгор аймаг 2018 онд ISO 9001 стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэн гэрчилгээ авсанаар 5 дахь аймаг болох юм. Харин тус аймагт ISO 9001 стандартын гэрчилгээ авсан байгууллага байхгүй.
-Стандарт нэвтрүүлэх явцын шинэ содон болоод дурдууштай эерэг зүйлс юу ажиглагдав?
-Баянхонгор аймгийн ЗДТГ нь чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхдээ хамгийн бага баримт бичиг боловсруулж, хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, байгуулагад эрсдэлд суурилсан сэтгэлгээг бий болгох зорилго тавин ажиллаж байна. Байгууллагад эмх цэгц, ажиллах таатай орчин нөхцөлийг бий болгож, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, сэтгэл ханамж сайжирч байгаа.
Манай байгууллага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд  дотоод үйл явцын уялдаа холбоо боловсронгуй болгох, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, байгууллагаас гарч буй бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулах, цаашлаад гадаад, дотоод хэрэглэгч буюу хэлтсүүд, төрийн байгууллагууд, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
-Хүндрэл бэрхшээл байх юм уу.
-ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулах шаардлагатай байдаг. Иймд чанарын зохицуулах болон удирдлагын баг илүү ачаалалтай ажиллах шаардлагатай болж байна.
-Стандартыг нэвтрүүлэх ажлын хэсэг болон ЗДТГ хэчнээн ажилтантай байна вэ?
-Аймгийн Засаг даргын тамгын газрын 10 хүний бүрэлдэхүүнтэй “Чанарын удирдлагын баг”-ийг аймгийн Засаг даргын 2016 оны А/808 дугаар захирамжаар, 9 хүний бүрэлдэхүүнтэй  “Чанарын зохицуулах баг”-ийг Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны А/17 дугаар тушаалаар тус тус томилон ажиллуулж байна. Манай байгууллага нийт 74 ажилтан, албан хаагчтай.
-Хүссэн үр дүндээ хэзээ хүрэх бол?
-Бид үйл ажиллагаандаа ISO 9001:2015 бүрэн хэрэгжүүлж, гэрчилгээ авах хугацааг 2018 оны зургадугаар сараас өмнө гэж төлөвлөн ажиллаж байна.
-Ингэхэд аймгийн ЗДТГ-ын газраас гадна аймгийн хэмжээнд өөр хаана нэвтрүүлж болох стандарт вэ?
-Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь анхны ISO 9001:2015 стандарт хэрэгжүүлсэн байгууллага болно. Бүх байгууллага нэвтрүүлэх боломжтой. Аймгийн Засаг даргын зүгээс эхний ээлжинд аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын албыг, цаашид сумдын ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад энэ стандартыг нэвтрүүлэх зорилго, чиглэл өгч ажиллаж байна.
                                                                                                                                                 Б.Мөнхзул

Сэтгэгдэл үлдээх