<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ГАДААД ХАРИЛЦАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АЛБА 54 УЛС ОРОНД АЙМАГ, ОРОН НУТГАА СУРТАЛЧИЛЖЭЭ

2017-12-04 14:53 1298

 

Аймгийн ИТХ-ын наймдугаар ээлжит хуралдаан 2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө нэг асуудлыг онцгойлон тусгасан нь Засаг даргын дэргэд Аялал жуулчлал, гадаад харилцааны албаыг байгуулсан явдал. Тус алба байгуулагдаад 9 сар болжээ. Энэ хугацаанд аялал жуулчлалын талаар баримтлах бодлогоо тодорхойлж, аялалынхаа маршрут, жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тодорхойлсон байна. Мөн олон улсын болон үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн яармагуудад оролцож аймаг, орон нутгаа сурталчилж, аймаг, орон нутагтаа зохион байгуулдаг эвент арга хэмжээнүүддээ хэвлэл мэдээллийнхэн болон гадаадын жуулчдын байгууллагуудын мэргэжилтнүүдийг урьж сурталчилгааны зураг авалт хийлгэсэн байна. Зүүн хойд азийн хотуудын холбооны шугамаар 54 улс оронд аймаг, орон нутгаа сурталчилжээ.


Уг үйл ажиллагааны үр дүнд Засгийн газрын болон БОАЖЯ, төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын анхаарал Баянхонгор аймагруу чиглэж эхэлжээ. Тухайлбал, БОАЖЯ, ҮХГ, Германы ЭТИС хөтөлбөр манай аймгийн саналыг хүлээн авч Хангай бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг Баянхонгорт хийх санаачилгыг дэмжсэн бол Германы Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Тайландын олон улсын хөгжлийн агентлаг, ҮХГ –ууд хамтарч Тогтвортой аялал жуулчлал төслийг хэрэгжүүлэгч аймгийн нэгээр Баянхонгорыг сонгожээ. Мөн аялал жуулчлалын чиглэлээр “Нью жуулчин”, “МАТ” компани, Өлзийбодьжав захиралтай “Монгол хан экспедишн” компаниуд хамтран ажиллах саналаа илэрхийлээд байна. Нөгөө талаар БНХАУ-ын Альшаа аймгийн Эзнээ хошуу 2500 жуулчин /500машин/ 2018 онд ирүүлэх саналаа илэрхийлжээ. Баянлиг болон Бууцагаан сумуудад нийтдээ 80,0 орчин сая төгрөгийн хөрөнгө оруулалттай 2 жуулчны бааз шинээр баригдсан байна.

Тиймээс Аялал жуулчлалын чиглэлээр бий болсон нааштай үр дүн, эерэг хандлагаа улам эрчимжүүлж, аймгаараа энэ чиглэлрүү анхаарлаа хандуулах, улмаар 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлах саналтай байгааг ГХАЖА-ны дарга С.Баярмагнай уламжиллаа.

Ингэснээр аймгийн Эдийн засгийн хөгжлийн  тэргүүлэх салбарт багтсан аялал жуулчлал зүй ёсоороо хөгжиж, өөрийн эдийн засгийн үр өгөөжөө үзнэ гэж харж байна. Мөн дэлхийн аялал жуулчлалын байгууллагуудын гаргасан судалгаагаар нэг жуулчин ирэхэд орчуулагч, хөтөч тайлбарлагч, жолооч, зочид буудлын решепшин, өрөөний үйлчлэгч, тогооч зэрэг 20 ажлын байр хөдөлгөөнд ордог гэсэн судалгаа байдаг.

Хэрэв уг саналыг төлөөлөгчид дэмжвэл 50 сая төгрөгийн марктенгийн санхүүжилт хэрэгтэй аж.

Аймгийн ИТХ-ын хуралдаан уг асуудлын хүрээнд асуулт, хариултаар үргэлжилж байна. 


Сэтгэгдэл үлдээх