<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Х.МАНДАХБАЯР МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

2018-02-12 11:16 282


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн /МСНЭ/ ээлжит XVII Их хурал энэ сарын 8-нд боллоо.

Энэ удаагийн хурлын төлөөлөгчийг сонгонхдоо аравт нэг зарчмыг баримталжээ. Эгнээндээ 3000 гаруй сэтгүүлчдийг нэгтгэсэн Монголын сэтгүүлчдийн малгай байгууллага гэгддэг МСНЭ-ийн XVII их хуралд нийтдээ нийслэл, 21 аймгийн 305 хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч оролцов. Төлөөлөгчдөөс хамгийн өндөр настай нь 87 настай Х.Цэвэл байсан бол хамгийн залуу нь 27 настай Мөнхбаяр нар байв.

Б.Галаарид 2011 оноос хойш МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр тасралтгүй найман жил ажилласан байдаг. Тэрээр энэ хугацаанд монголын сэтгүүлчдийн гадаад харилцааг өргөжүүлэхэд ахиц гаргаж өмнөд болон хойд хөрш, БНСУ-ийн сэтгүүлчдийн байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлж чаджээ. Мөн 1951 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өөрийн гэсэн байргүй нэгээс нөгөөд толгой хорогдон үйл ажиллагаа явуулж байсныг дуусгавар болгож өөрийн байртай болгожээ.

Олон жил амаргүй салбарыг зангидаж ажиллахдаа гишүүдийн тоог өргөтгөх, сэтгүүлчдийн зүй ёсны эрхийг хамгаалах, хууль, шүүхийн өмнө төлөөлөх гээд чамгүй ажлыг амжуулсныг сэтгүүлчид талархалтайгаар хүлээн авч үүрэгт ажлаа өгч буй Б.Галааридад халуун баяр хүргэсэн юм.

МСНЭ урагшаа алхаж, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргахын тулд дүрэмдээ өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр хурлын төлөөлөгчид санал нэгдсэн.


Шинээр хэлэлцэн баталсан дүрэмд Их хурлын эрх мэдлийн тодорхой хэсгийг бага хуралд шилжүүлж, хариуцлагын асуудлыг нарийн тусгаж өгснөөрөө өмнөх дүрмээс ялгарч байна. Мөн гишүүдийн татвараас үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг санхүүжүүлдэг байгууллагын хувьд жилд төлөх татварын хэмжээг нэмэгдүүлж 48 мянга болгож тогтоолоо.

МСНЭ-ИЙН ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОФФИСТОЙ БОЛГОНО

Дүрмийн төслийг хэлэлцэж баталсны дараа Их хурал Ерөнхийлөгчийн сонгуулиар үргэлжилсэн юм.

Шинэ ерөнхийлөгчид ТВ-2 телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нар нэр дэвшсэн. Төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 155 буюу 87.5 хувийн саналаар сонгогдлоо.


МСНЭ-ийг ирэх дөрвөн жил удирдахаар сонгогдсон шинэ ерөнхийлөгчийг батламжлах тогтоолын төслийг Их хуралд танилцуулж, МСНЭ-ийн хэтийн болон ойрын зорилтыг хэрэгжүүлж, МСНЭ-ийн дүрмийг чанд баримтлан ажиллахыг үүрэг болгов. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Үүссэн нөхцөл байдлыг зөөллөх илааршуулахын төлөө, эв нэгдлийг хангахын төлөө өдөр шөнөгүй зүтгэхээ илэрхийлж байна. Дэвшүүлслэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Та бүхний өгсөн энэ итгэлийг улам зүзаан болгож, илүү олон сэтгүүлчийг хамруулахын төлөө ажиллаж, энэ хавраас хөдөө орон нутгаар явж сэтгүүлчидтэйгээ уулзан, бүх холбоодтойгоо хамтарч ажиллана" хэмээлээ.

Түүний дэвшүүлсэн дөрвөн зүйл бүхий мөрийн хөтөлбөрт сэтгүүлчдийн мэдлэг, боловсролын дэмжих, тодорхой чиглэлээр мэргэшүүлэх, Олон улсын болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудал эн тэргүүнд туссан бол сэтүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 1000 сэтгүүлчийн орон сууцны хотхон байгуулах заалт тусгалаа олжээ.

Сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл дагуулсаар буй хууль, эрх зүйн орчныг сайжруулах, ХМХ-ийг НӨАТ-аас чөлөөлдөг байсан хуучин хуулийн заалтыг сэргээх зэрэг хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тууштай ажиллах олон ажлыг төлөвлөжээ.

Нөгөө талаар ажлын албандаа хоёрхон хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан МСНЭ-ийн ажлын албыг өргөтгөж, тус албанд Төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийг байгуулах, орон нутгийн бүх салбар зөвлөлийн 2018 оны эхний хагаст багтаан үнэ төлбөргүй оффисын байртай болгох зэрэг олон шийдвэртэй ажлыг тусгажээ. 

XVII их хурлаас 61 хүний бүрэлдэхүүнтэйгээр Бага хурлыг байгууллаа. Бага хуралд Баянхонгор аймгаас нэг төлөөлөгч сонгогджээ. 


Сэтгэгдэл үлдээх