<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХАР ДАГУУЛСАН АЛТНЫ МӨРӨӨР

2019-09-17 15:28 3801

Засгийн газраас хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэж, шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд 2017 онд батлан гаргасан 151 дүгээр тогтоолыг хүчингүй болгох эсэхийг хэлэлцээд эхэлжээ.


Мөн өнгөрөгч долоо хоногт Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо/МБУНДХ/-нд гишүүнчлэлтэй бичил уурхай эрхлэгчид Улаанбаатар хотноо чуулжээ. Тэдний гол зорилго нь  151 дүгээр тогтоолыг хэвээр үлдээх, нөхөрлөлийн нэрэн доор хөлжиж буй “нинжа” нараас ялгарах гэнэ.

Энэ цаг үетэй зэрэгцэн бид Бөмбөгөр суман дахь бичил уурхайчдын нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Улсын хэмжээнд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо/МБУНДХ/-нд бүртгэлтэй 6500 бичил уурхайчин байдгийн 1000 гаруй нь Баянхонгор аймгийн 10 суманд үйл ажиллагаа явуулж байна. Үүний 500 нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахир хэмээх газар ажиллаж байгаа бол Бөмбөгөр суманд 250 гаруй бичил уурхайчин ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Үлдсэн цөөн нөхөрлөл  найман суманд бий. Албан бус мэдээллээр Баянхонгор аймаг жилдээ хоёр тонн алт олборлодог гэсэн тоо байна. Үүний багагүй хэсгийг бичил уурхайчид олборолоно. 2018 оны жилийн эцэст гарсан тоогоор бичил уурхайчид аймгийн хэмжээнд 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгийн эргэлт бий болгожээ.

Эдийн засагт гэрэл тусч, иргэдийн амьжиргаа сайжирч байгаа ч хүний чанар, ёс суртахуун эсрэгээрээ хасах заах болов.

Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хүрээнд бичил уурхай хэрхэн эрхлэх талаарх мэргэжилтний яриа


БӨМБӨГӨРИЙН БУДЛИАН, БИЧИЛ УУРХАЙЧДЫН МАРГААН

Бөмбөгөр сум аймгийн төвөөс 100 километрийн зайд оршино. 2018 онд 2800 орчим байсан хүн ам энэ онд 3000-д хүрчээ. Энэхүү өсөлт нь шууд утгаараа алт дагасан амьдралтай холбоотой. Тус сумын томоохон дэлгүүрүүд өдөрт 700-гаас нэг сая төгрөгийн орлоготой байх бол зэргэлдээх сумдад дэлгүүрийн өдрийн орлого 300-600 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Алт дагасан амьдрал энэ сумын иргэдийн эдийн засгийн чадавхид эергээр нөлөөлжээ. Харин орлого нэмэгдэж, баялаг хумигдахын хэрээр  энд дараагийн хүндрэл үүсч эхэллээ.

2017 оны есдүгээр сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажилласан байдаг. Тэд тус суманд өрнөж буй уул уурхайн үйл ажиллагаа, тэр дундаа бага оврын трактор буюу унагалдай бүхий иргэдийн олборлолтыг нүдээр үзэж дуу алдаж байсан. Арга хэмжээ авч, учир зүйг нь олохоор нийслэлийг зорьсон хүмүүсээс сураг алдраад нэг жил өнгөрчээ. Харин Бөмбөгөрийн будлиан, бичил уурхайчдын маргаан арилаагүй байна.

Тус сум бичил уурхай эрхлэгчдийн цөм. Мөнөөх Засгийн газрын 151 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш Бөмбөгөр суманд нөхөрлөлүүд олон тоогоор байгуулагдсан. Гэвч хуулийн хүрээнд болон хуулиас гадуур гэсэн ялгаа зааг тус суманд бий болжээ. Сумын Засаг дарга Н.Мөнхжаргалын хэлж буйгаар сумын иргэдийн 80 орчим хувь нь уул уурхайтай шууд болон дам байдлаар холбоотой гэнэ. Шалтгаан нь ажлын байр хүртээмжгүй, малгүй, мэргэжилгүй гэх мэт. Тийм учраас сум, орон нутгийн удирдлагууд хууль бус олборлолттой тэмцэх, иргэдийнхээ амьжиргааны эсрэг зогсох зориг, зүрхгүй байгаагаа нуугаагүй юм. Нөгөө талдаа хууль бусаар олборлолт явуулж байна гэсэн гомдол гаргагчид өөрсдөө бичил уурхайчид байдаг аж.


БӨМБӨГӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.МӨНХЖАРГАЛ:

Энэ онд танай суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хичээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ?

Манай суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй зургаан ААН үйл ажиллагаа явуулж байна. Нэг уурхай нөхөн сэргээлтээ хийгээд дуусах шатандаа орсон. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ААН яг одоогоор байхгүй.

Танай сум бичил уурхайчид олонтой. Та бүхэн бүгдтэй нь хамтран ажиллаж байна уу?

Бичил уурхайн 37 нөхөрлөл бүртгэлтэй. Үүний 24 нөхөрлөлтэй гэрээ байгуулж ажиллаж байна. Нэг нөхөрлөлд дүгнэлттэй хоёр га талбайг олгож гэрээ байгуулаад гарцгаасан. Эдгээр нөхөрлөлүүд сум орон нутагтаа 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, манай сумын Хөх толгойн хоёрдугаар багт цахилгааны дэд станц барих ажилд зарцуулаад явж байна. Мөн Орон нутгийн хөгжлсийн санд арав гаруй, Нэмэлт санхүүжилтын дансанд арав гаруй сая төгрөгийг оруулсан.

Бусад гэрээлээгүй, хууль бус нөхөрлөл, хүмүүстэй яаж ажиллаж байна?

Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүс байгаа. Үгүйсгэхгүй. Сум, орон нутагтай гэрээ байгуулалгүй, дүгнэлтгүй газар үйл ажиллагаа явуулдаг. Эртнээс ингэж яваад сурчихсан. Хууль, хяналтын байгууллагад мэдэгдэж шалгуулаад, торгуулийн арга хэмжээ авахуулдаг ч ахиад гарчихдаг. Нөгөө талаар сум, орон нутагтай гэрээлсэн хэрнээ гэрээний заалтаа зөрчиж, өндөр хүчин чадалтай техник ашигласан тохиолдол ч бий. Холбогдох журамд зааснаар нэг нөхөрлөл 3500 м/кубээс илүүгүй багтаамжтай хоёр техник ашиглана гэсэн заалттай.

Сумын төвөөр явж байхад айлын хашаанд жижиг оврын тракторууд элбэг харагдаж байна. Сумын хэмжээнд хичнээн трактор байдаг вэ?

Трактор бүхий 80 орчим иргэн бий.

Нэгэнт хууль бус үйл ажиллагаа байгаа энэ тохиолдолд олборлолтын дараах нөхөн сэргээлт хийгддэг болов уу?

Хяналт, шалгалтын ажлыг маш эрчимтэй хийдэг. Хоёроос гурав хоногийн зайтай мэргэжлийн байгууллагууд дангаар болон хамтарсан шалгалтыг хийж байна. Сумын байгаль орчны байцаагч байнга явдаг. Гэхдээ амьдрал дээр үр дүн муу л байна.

Сумын Засаг дарга ийн ярилаа. 2017 онд 100 гаруй гэж яригдаж байсан тракторын тоо 80 болж буурчээ. Учир нь зарим нь эвдэрч элэгдсэн, нэг хэсэг хүн уул уурхайгаас татгалзсан гэх.

МХЕГ-ын дэд дарга Бөмбөгөр суманд хийсэн шалгалтыг ингэж дүгнэсэн байдаг

Одоогийн байдлыг харгалзан үзэж нэг нөхөрлөлд хоёр трактор буюу “унагалдай” гэж тооцвол албан ёсны гэрээ хийж ажиллаж буй 24 нөхөрлөлийн 48 унагалдайтай гэсэн үг. Харин 30 гаруй унагалдай хуулиас гадуур, хүссэн газраа ухдаг болж таарлаа. Хэрэв хуулийн хүрээнд эдгээр унагалдай бүхий иргэд ажилласан бол сум, орон нутагт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломж байжээ. Харин эсрэгээрээ сумтай гэрээлээгүй 13 нөхөрлөлийн 30 гаруй унагалдай хамгийн багадаа хоёр га-гаар тооцвол 40 орчим га газрыг эвдэлсэн байх магадлалтай.