<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ЦЭРГИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДСАН ЗАЛУУСЫН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ТЭНЦДЭГГҮЙ

2018-09-26 14:22 477


Энэ сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын өргөтгөсөн семинар боллоо.


Аймгийн Засаг даргын 2018 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/631 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаа хаан хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байдлагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг 2018 оны 10 дугаар сарын 01-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Цэрэг татлагатай холбоотой болсон энэ удаагийн семинарт аймгийн Цэрэг татлагын товчооны даны дарга, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, орлогч дарга Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар, аймгийн ЭМГ-ын дарга А.Ганболд, Нэгдсэн эмнэлгийн дарга Баттогтох, аймаг, сумын ЗДТГ-ын дарга, ЭМТ-ийн дарга, багийн эмч нарын төлөөлөл оролцож, цэрэг татлагатай холбоотой мэдээллийг сонсч, нэгдсэн ойлголтод хүрэв.

Семинарын эхэнд аймгийн ЭМГ-аас цэргийн насны залуусын эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг оролцогчдод өглөө. 2018 оны эхний найман сарын байдлаар цэргийн насны залуусын залуусын эрүүл мэндийн талаарх мэдээллийн нэгдсэн санг үүсгэн ажиллаж байна. Залуус 18, 19 насандаа цэрэгт явах хүсэл, эрмэлзлэлтэй байдаг ч ямар нэг өвчний улмаас энэ насандаа хасагдвал түүнээс хойш цэргийн албанаас зугатаах хандлагатай болдог гэсэн судалгаа гарчээ. Нөгөө талаар ЕБС-ын төгсөх ангийн эрэгтэй сурагчдын дунд түүвэр байдлаар хийсэн судалгааны дүнг танилцууллаа. Дүнгээс харахад судалдгаанд оролцсон хүүхдүүдийн 37,7 хувь нь тамхи татдаг, 15,5 хувь нь газ, цавуу зэрэг мансууруулах зүйлс хэрэглэж байсан, 9,4 хувь мансууруулах төрлийн бодис хэрэглэж үзэх үү гэсэн саналыг авч байсан бол 15,5 хувь нь согтууруулах ундаа ууж үзсэн гэх хариу гарчээ. Эндээс харахад хүүхэд залуусыг аль болохоор 18-19 насанд цэргийн албанд хамруулсанаар элдэв хорт зуршлаас залуу үеийг хамгаалах боломж бүрдэхийг мэргэжлийнхэн хэлж байна.


2017 оны I, II, 2018 оны I ээлжийн цэрэг татлагад тодорхой өвчний улмаас тэнцээгүй залуусын талаарх аймгийн хэмжээний нэгдсэн судалгаа одоогоор аймгийн ЭМГ-т алга байна. Нөгөө талаар өнгөрсөн цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан цэргийн насны залуусын хэдэн хувийг эрүүл болгосон талаарх тоон мэдээлэл байхгүй байгаа нь цаашид энэ чиглэлд мэргэжлийн байгууллага анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байлаа.

2017 оны цэрэг татлагын нэг, хоёрдугаар ээлжээр нийтдээ 2000 гаруй залуус үзлэгт хамрагдсан байна. Гэвч тэдний 20 гаруй хувь тэнцэж, үлдсэн 80 орчим хувь нь эрүүл мэнд, боловсролын шалтгаанаар тэнцээгүй дүн мэдээ гарчээ. Цэргийн насны залуусын дунд дотор, халдварт, мэдрэл, ЭХО, арьс харшил, чих, хамар хоолой, нүд, шүд, мэс заслын өвчлөл өндөр байна.

Нөгөө талаар боловсролын байдлаар цэрэгт тэнцэхгүй байх явдлыг арилгах үүднээс Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг энэ чиглэлд эрчимжүүлэх, боловсрол эзэмшүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатайг талууд онцоллоо. 


Сэтгэгдэл үлдээх