<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

2019 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ

2018-12-02 15:39 242
БАЯНХОНГОР АЙМГИЙН 2019 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ТӨСВИЙГ БАТЛАВ

Аймгийн ИТХ-ын ээлжит 14-р хуралдаанаар Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг төлөөлөгчид хэлэлцэн баталлаа. Төсвийн төслийг аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Байгалмаа танилцуулав.

2018 оны 10 дугээр сарын байдлаар улсын төсөвт 1.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 325.3 хувь, орон нутгийн төсөвт найман тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 8.1 тэрбум төгрөгийн  орлого төвлөрүүлж 101.5 хувийн гүйцэтгэлтэй байна. 2018 онд улсын төсвөөс 14.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах ёстойгоос 11 дүгээр сарын байдлаар 13.6 тэрбум төгрөг , тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд  39.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авах ёстойгоос 36.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 3.7 тэрбум төгрөг авах ёстойгоос 3.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аваад байна. Эхний 11 сарын байдлаар авах ёстой санхүүжилтийг бүрэн авч сум байгууллагуудын санхүүжилтийг бүрэн олгожээ.

2019 онд аймгийн төсвийн нийт орлогыг Сангийн яамнаас 8.5 тэрбум төгрөгөөр хянасныг 9.7 тэрбум төгрөг болгож, 1.2 тэрбум  төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсвийн орлогын 7.4 тэрбум төгрөг аймгийн төсөвт, 2.3 тэрбум төгрөгийг сумдын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин аймгийн төсвийн нийт зарлага 2018 онд  67.7 тэрбум төгрөг байсан бол 2019 онд 71.0 тэрбум төгрөг болж өссөн  байна.Үүнд:

  • Тусгай зориулалтын шилжүүлэг 40.8 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн даатгалын сан 486.4 сая төгрөг
  • Улсын төсвийн санхүүгийн дэмжлэг 15.9 тэрбум төгрөг
  • Орон нутгийн хөгжлийн сан 6.5 тэрбум
  • Орон нутгийн төсвийн орлого 7.4 тэрбум төгрөг тус тус багтжээ.

Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 2018 онд  3.7 тэрбум төгрөг байсан бол 2019 онд 6.4 тэрбум төгрөг болж 2.7 тэрбум төгрөгөөр  нэмэгдэж батлагдсан байна. 2018 онд олон улсын байгууллага болох тогтвортой амжиргаа-3 төслөөс таван сум 22.6 сая төгрөгийн урамшуулал авч байсан бол 2019 онд 16 сум 311.8 сая төгрөгийн урамшуулал авахаар болсон байна. Мөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 50 хувийг 659.1 сая төгрөгийг тухайн сумын орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилахаар болсон байна.

Батлагдсан аргачлалын дагуу хуваарилахад аймгийн ОНХСанд 3.0 тэрбум, сумдын ОНХСанд 2.8 тэрбум төгрөг, Хот тохижилт болон  мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 638.6 сая хуваарилагдаж байгаа юм. Аймгийн нийт орлого суурь орлогын зөрүү 153.0 сая төгрөг, хандив тусламжийн орлого 350.0 сая төгрөгийг ОНХС-д хуваарилж, аймгийн ОНХС 3.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

Орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал 2018 онд 2.9 тэрбум төгрөг байсан бол 2019 оны төсөвт баталж өгөөгүй. Улсын төсөвт  92.2 тэрбум төгрөгийн 44 нэр төрлийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ батлагдсанаас 17 төсөл арга хэмжээ нь 2018 оноос он дамжин хэрэгжиж байгаа ажил арга хэмжээ бөгөөд 2019 онд санхүүжих өртөг нь 16.6 тэрбум төгрөг байна. 2019 оны төсөвт шинээр 27 нэр төрлийн ажил арга туссан байна. Эдгээр арга хэмжээний нийт төсөвт өртөг 56.7 тэрбум төгрөг бөгөөд  2019 онд 27.5 тэрбум төгрөг  нь  санхүүжих юм.


Сэтгэгдэл үлдээх