<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Аймгийн Засаг дарга баяр наадмыг хааж үг хэллээ.

2017-07-22 23:10 374

Аймгийн Засаг дарга баяр наадмыг хааж үг хэллээ. 



ЭРХЭМ ХҮНДЭТ НААДАМЧИД АА,

ЭРХЭМ ХҮНДЭТ ЗОЧИД ОО,

 

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2226 жил , Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Аймаг байгуулагдсаны 76 жил, та бидний төрөлх Баянхонгор хотын маань түүхт 60 жилийн ойн баяр наадам нар наашилж, ногоо дэлгэрсэн зуны дэлгэр цагт ёслол төгөлдөр болж, наадамчин олны маань сэтгэлийн гал, итгэлийн дөлийг бадраан ийнхүү өндөрлөж байна. 

Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татаж
Элгэн сандаараа та бид энгүй сайхан наадлаа.
 

Төрийн бодлого мэргэн, түмэн олондоо өгөөжтэй байхын төлөө бид ажиллаж, хичээл зүтгэл бүхэн маань хөрсөндөө бууж, хүндээ хүрэх ёстой билээ. Гагцхүү баянхонгорчууд та бид хөгжлийн төлөө хөдөлмөрлөж, хүн бүрийн хүслийг татсан сайхан хотоо сүндэрлүүлэн босгохын төлөө хамтдаа ажиллах ёстойг гүнээ ухамсарлаж, хэн юу чаддаг түүнийгээ илүү сайн хийхийн төлөө бүгд хичээцгээе.

Та бидний хамтын хүчин чармайлт, хонгор нутгаа гэсэн нэгдмэл бодлого эх сайхан нутгийн маань маргааш, ирээдүй болсон хүүхэд залуусын маань тулах цэг, тэлэн хөгжих боломж болон үлдэх ёстой.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэж байхын ашдын ерөөлийг та бүхэндээ хүргэе.

 

 

ХОНГОР НУТАГ МИНЬ ХӨГЖИН ДЭВЖИЖ, МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

 

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


хөөх

 

[202.21.117.26]

 

2017-07-22 15:07:13

Сайхан үг хэлжээ. Танд амжилт хүсэе



Сэтгэгдэл үлдээх