<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

180 сарлагаас 180 тугал эсэн мэнд бойжуулжээ

2018-02-14 19:40 366

Энэ жил УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирын тойргоос Улсын Аварга малчин -3, Алтан төлийн эзэн -1 төрсөн ба 02-р сарын 10-13-ны хооронд их хурлын гишүүний зүгээс аймгийн удирдлагуудын хамтаар малчны хотонд очиж шагналыг өгсөн нь малчин түмнийхээ баяр дээр нь баяр нэмсэн үйл явдал болж төрийн хүндэтгэлийг ёс төртөйгөөр гардууллаа.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын малчин Цэдэвсүрэнгийн Дамдинсүрэн өнгөрсөн жил 180 сарлагаас 180 тугал эсэн мэнд бойжуулсан амжилтаараа МҮОНРТ-ээс шалгаруулдаг алтан төлийн эзэн боллоо.

Ц.Дамдинсүрэн нь гэргий Ж.Мөнхзулынхаа хамт сүүлийн хорь гаруй жил сарлаг үхрийг голчлон маллаж байгаа ба одоо 400 гаруй тооны үхэртэй. Үхрээ хайнаг, монголоор нь зэрэг гурван хэсэгт хуваан чанаржуулах тал дээр тодорхой анхаарч байгаа аж.

Төл мэнд бойжуулах тал дээр хөрвүү аргыг голчлон ашигладаг ба ингэснээрээ төл мал хярвахгүй, даарч хөрөхгүй өлчир чийрэг өсдөг байна.

Жилдээ өөрийн сарлаг үхрийн хөөврийг тушааж нэг сая орчим төгрөгний орлого авдаг зэргээр сарлаг үхрийн сүү сааль махаар тогтохгүй олон талын ашиг шимтэйг алтан тугалын эзэн Ц.Дамдинсүрэн ярьж байна.

Энэ хавар 200 үнээ тугаллах ба эхний төлүүдээ тус хот айл хүлээж авч эхэлжээ. Ганц хүү нь удам дамжсан малчин болж идэр малчдын хүрээг тэлж яваад нь эцэг эх нь их л баяртай байгаа аж.


Сэтгэгдэл үлдээх