<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Д.Батцэцэг: ҮРТЭЙ ХҮН ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ, БАЯН БАЙДАГ

2018-03-04 13:25 2370
Бид энэ удаагийнхаа ярилцлагын хойморт аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Д.Батцэцэгийг урилаа. Тэрээр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-нд “Үртэй хүн жаргалтай” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх юм. Түүний тоглолт хүмүүнлэгийн, сайн үйлсэд чиглэгджээ.


“Үртэй хүн жаргалтай” гэсэн үгийг сүүлийн нэг сарын хугацаанд баянхонгорчууд маань сонсох болсон. Тэр дундаа ийм нэртэй сайн үйлсийн аянд олон хүн нэгдсэн байна. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ жил хийнэ гэж төлөвлөсөн. Тоглолт хийгээд, уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргээд өнгөрөх нэг хэрэг. Харин энэ тоглолт маань өөрийн гэсэн утга учиртай, бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг бэлэглэх ёстой гэж хувьдаа бодсон. Ингээд “Үртэй хүн жаргалтай” тоглолтоо угтсан сайн үйлсийн аяныг зохион байгуулах нь зөв юм байна гэж шийдээд хоёрдугаар сарын 12-ноос эхлэн зорилтод бүлгийн айл өрхүүдэд туслах ажлыг зохион байгуулсан. Энд сайн санаатай олон хувь хүн, албан байгууллага нэгдэж, аяныг маань дэмжсэнд баярлаж байгаагаа энэ ташрамд илэрхийлье.  Баянхонгор аймгийн маань эмэгтэйчүүд рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн бус байгууллага бидэнтэй хамтарсан.

Гуравдугаар сарын 1-нд “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захиргаатай хамтран Ээждээ захидал бичих уралдааныг амжилттай зохион байгууллаа. Мөн гуравдугаар сарын 2-нд ээжийн сэдэвт дууны уралдааныг маш өргөн хүрээнд зохион байгууллаа.

 

Таны тоглолтын онцлог юу байх бол?

Миний тоглолтын хамгийн том бэлэг, онцлог нь нэгэн ээжид туслах явдал. Сайн үйлсийн аяны явцад өрх толгойлсон зургаан хүүхэдтэй эмэгтэйтэй уулзаж танилцсан. Өнөөгийн нийгэмд ганц эмэгтэй хүн зургаан хүүхэд өсгөөд, ар гэрээ авч явна гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Тийм учраас энэ ээжид тоглолтынхоо орлого, Эрдэнэмандал ахлах сургуулийнхаа хамт олны хандиваар гэртэй болгохоор шийдсэн.

Тоглолтын тасалбар аймгийн ХДТ-ын кассаар хуралдаалагдаж байна. Мөн Баянхонгор хот дотор 8866-5509, 9611-0060 дугаараар холбогдож хүргүүлэх боломжтой аж.

Мэдээж хэрэг миний тоглолтыг зорин ирсэн үзэгчдийнхээ дундаас таван азтаныг тодруулна. Гарын бэлгээр гурван хүн, гар утсаар хоёр хүнийг тодруулж, шагнахаар болсон. Уран бүтээлчдийн хувьд манай ХДТ-ын хамт олон бүгд оролцоно. Бүжиг анги, драм анги, найрал дууны анги, хөгжим анги хамтарч оролцоно.

“Үртэй хүн жаргалтай” хэмээх дууг монголчууд андахгүй.  Энэ дууг сэргээн дуулах болсон түүхээ бидэнтэй хуваалцаач?


2016 онд хоёр дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа ханьтайгаа салхинд гарсан юм. Замд радиогоор энэ дуу МУСТА Л.Оюунчимэг агсны дуулснаар явж байсан. Үнэхээр сайхан дуу учраас сэргээж дуулах, дүрсжүүлж ард түмэнд хүргэх ёстой гэсэн бодол төрсөн. Аливаа уран бүтээлийг сэргээж дуулахын тулд ая зохиогчоос эрх авах ёстой байдаг. Харамсалтай нь хөгжмийн зохиолч Л.Батаа гуай бурхан болсон байсан. Тиймээс гэр бүлтэй нь уулзаж, эрх, зөвшөөрлийг нь авч дүрсжүүлж “Үртэй хүн жаргалтай” хэмээх уран бүтээл орчин үеийн сонсогчдод хүрсэн байдаг. Би энэ дуундаа маш их хайртай.

Ер нь үртэй хүн жаргалтай байхаас гадна хамгийн баян байдаг. Хэдийгээр амьдралын боломж тааруу, дутагдах гачигдах зүйл байлаа ч гэсэн үртэй хүн энэ хорвоогийн хамгийн баян гэж би боддог. Энэ утгаараа тоглолтоо энэ дуугаараа нэрлэсэн.

 

Таны тоглолт Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаагаараа онцлог. Эмэгтэй хүний хувьд эмэгтэйчүүдийн эрх ямар төвшинд байна гэж боддог вэ?

Миний бодлоор манайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх харьцангуй тэнцвэртэй байдаг гэж боддог. Харин гүйцэтгэж буй үүргийн хувьд харилцан адилгүй байх шиг санагддаг. Эрчүүд маань ар гэрээ авч явах, эдийн засгийн баталгааг хангах тал дээр илүү үүрэг оролцоотой байдаг бол манай эмэгтэйчүүд дайчин, аливаа бэрхшээл, хүндрэлийг даван туулж, ард нь гарахдаа үнэхээр гайхалтай байж чаддаг. Үр хүүхдээ төрүүлж, өсгөх, зөв хүн болгон төлөвшүүлэх, тэднийхээ боловсрол, ирээдүйн амьдралд нь анхаарах гээд эмэгтэй хүн ээж болсон цагаасаа эхлэн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдралаа зориулж эхэлдэг юм шиг санагддаг. Нийгэмд олон янзын асуудал, бэрхшээл байна. Тэр бүхнийг зөөллөж, уярааж явдаг нь эмэгтэйчүүд. Тийм учраас эрчүүд маань эмэгтэйчүүдээ, ээжүүдээ энэ талаас нь харж, үргэлж хайрлаж байвал нийгэм маань өөрөө гэрэлтэж, эерэг уур амьсгалаар бялхах болов уу.

 

Урын сангаа баяжуулах тал дээр хэр анхаарч байна вэ?

Миний өөрийн дангаараа дуулсан долоон дуу бий. Ханьтайгаа хамтарч гурван уран бүтээл дээр ажилласан. ХДТ-ынхаа гурван сайхан бүсгүйтэй хамтарч гурван уран бүтээлийг  хийгээд байна. . Тэнгэрлэг бэрүүд, Хүрээд ирлээ шинэ жил, Найзууд гэсэн уран бүтээлүүд дээр хамтарч ажилласан.


Энэ онд олон сайхан уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Гэхдээ ганцаарчилсан гэхээсээ илүү мэргэжлийн байгууллагад үе тэнгийн чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаагийн хувьд тэдэнтэйгээ хамтарч далайцтай уран бүтээл хийхийг чухалчилж байна Энэ онд илүү олон уран бүтээл дээр ажиллаж хонгор нутгийнхаа сонсогчдод бэлэг барина. Мөн зарим уран бүтээлээ клиптэй болгоход анхаарч байна.


Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны тоглолтод амжилт хүсье.

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх