<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” төвийн бүсийн сургалт боллоо

2017-10-10 10:53 588

“Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт төвийн бүсийн сургалт Баянхонгор аймагт эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй сургалтад Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд аймгийн удирдагууд, тус аймгуудын бичил уурхай эрхлэгчид оролцож байна.


Сургалтыг нээж Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ, “Бичил уурхай эрхлэгчид гэхээр ногоон түмпэн, хүрз жоотуу барьсан хүмүүс байхаа больсон. 2009 оны Төрийн ордонд болсон зөвлөгөөнөөс хойш бичил уурхай эрхлэгчдэд зориулсан эрх зүйн орчин бүрэлдэж, өнөөдрийг хүртэлх хугацаанд тал талаасаа илүү боловсронгуй болгох, холбогдох журмыг илүү боловсронгуй болгоход анхаарч ирлээ. Өнөөдөр манай улс,  манай аймаг бичил уурхайн өөрийн гэсэн туршлага, сургамжтай болжээ. Бичил уурхай эрхлэх үйл явцад орон нутгийн оролцоо ч нэмэгдсэн. Баянхонгор аймгийн хувьд бичил уурхай эрхлэгчид маань нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлтийг ягштал хийж, хандив, тусламж, хүмүүнлэгийн ажилд ч идэвхийлэн оролцож хэвшсэн. Цаашид хэрхэн бичил уурхайг илүү хариуцлагатай болгох вэ гэдэг нь манай аймгийн төдийгүй Монгол Улсын чухал асуудлын нэг юм. Тиймээс өнөөдрийн сургалт чухал ач холбогдолтой.” Гэдгийг онцоллоо.

Сургалтын хүрээнд Бичил уурхайн эрх зүйн орчин буюу Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам болон бичил уурхайн өнөөгийн байдал, бичил уурхайг албажуулахад бичил уурхайчид, бичил уурхайн байгууллагын оролцоо, тулгамдаж байгаа асуудал зэргийг хэлэлцэнэ. Мөн бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх оролцогч аймгуудын мэдээллийг сонсоно.

Уг сургалтыг улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулж байна. Сургалтаар бичил уурхай бүхий 17 аймаг, 69 сумын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл 500 хүн шинээр баттладсан бичил уурхайн хууль тогтоомжийн талаар нэгдсэн ойлголтой болж, гарын авлагаар хангагдах аж. 


Сэтгэгдэл үлдээх