<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Бэрхшээлийн цаана үргэлж боломж байдаг

2017-05-22 17:20 309

"СУМЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ" уралдаанд оролцож буй бүтээл

     Монгол улсын өмнөд хилээр Залаажинст уулаараа овоглосон Шинэжинст сумын 743 айл, өрхийн 2386 ард, иргэд  цөлөрхөг хээр, говь, цөлийн бүсэд хамрагдах энэ л байгаль, цаг агаартаа тохирсон ямаа, тэмээн сүргийг голчлон өсгөн үржүүлж, түүнийхээ  үр шимийг хүртэн суудаг билээ.

     Алслагдсан зах хязгаар энэ нутагт  дэд бүтэц муу, байгалийн гамшиг, ган зуд зэрэг бэрхшээлтэй байдлаас шалтгаалан хөдөөнөөс хот руу шилжих иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр орон нутагт мэдлэг боловсролтой боловсон хүчин суурьших боломж муудаж байгаа төдийгүй малчдын тоо ч цөөрөх эрсдэл бий болоод  байна.

     Мал аж ахуй таван төрөл дээрээ өсч, сумын төв эрчим хүч,  интернэттэй болж, талх нарийн боов, мужааны цех, дугуй засвар гэх мэт ажлын байр нэмэгдсэн ч ард иргэдийн амьжиргааны түвшинд төдийлөн ахиц гарахгүй байна.

     Манай сум уул уурхайн ихээхэн баялагтай боловч Монгол улсад уул уурхайг зөв зохистой ашиглаж хөгжсөн үлгэр авчихаар сум суурин байхгүй, уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөнд байгаль экологи сүйдэж, малчид хохирсон жишээ олон  байна.

     Тиймээс сумын олон нийт уул уурхай шүтэж хөгжинө гэсэн үзэл баримтлалд таатай биш ханддаг болсон. Ер нь малчид, тариаланчид маань өөрсдийн эрхэлж буй аж ахуйгаа ургадаг дуусдаггүй баялаг гэж үздэг бөгөөд үүнийхээ зэрэгцээ нутгийн иргэдэд түшиглэсэн  аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэл сонирхолтой байдаг болжээ.

     Тэгэхээр мал аж ахуй, газар тариалангаас гарч байгаа  бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээснээр бараа бүтээгдэхүүн илүү үнэд хүрэхээс гадна боловсруулалтын шат дамжлага нэмэгдэж,  тогтвортой ажлын байр, тогтмол орлого бий болж, сумын хөгжлийн нэгээхэн гарц нээгдэнэ гэж үзэж байна.

     Малаа нядлаад мах чигээр нь өгөх биш ангилж ялгаад төрөл бүрээр савлаад гаргавал мах чигээр нь өгснөөс ашиг нь 5-10 дахин нэмэгддэг нь судалгаагаар батлагдсан байдаг. 

     Малын арьс шир, хүнсний ногоо ч мөн адил. Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцээд сум болгонд мах сүү, арьс ширний үйлдвэр барьж байгуулах зорилт тавин ажиллаж орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн төсөл төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

     Эдгээрээс гадна манай суманд хэрэгжүүлэх боломжтой хөгжлийн шинэ гарц бол дээр дурдсан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал  юм.  Алтайн цаадах говийн хүн ам сийрэг, үйлдвэр, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, харъцангуй унаган төрхөө хадгалсан газар нутгаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг сайтар судалж, үр дүнг амьдралд хэрэгжүүлэн уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг нүүдэлчин ард түмний асар их түүх, соёлын өв, зан заншил, байгалийн үзэсгэлэнт газартайгаа уялдуулж нэг их хөрөнгө оруулалт шаардахгүйгээр зөв зохион байгуулаад, аялал жуулчлал хөгжсөн бусад газрын сайн жишээг авч, боловсон хүчнээ бодлогоор бэлтгэн, гадаад дотоодын жуулчдад сурталчлан холбож өгвөл гайхамшигтай амжилт олж болох боломж бидэнд байгаа.

Миний хувьд боломжит хоёр хувилбар байна гэж үзэж байгаа тул танилцуулъя. 

Нэг: Сэгс цагаан богд аялал жуулчлалын машрут

  1. Байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтаддаа тулгуурласан Баянхонгор - Хүж хад - Шинэжинст сум - Цагаан хаалга-Зуун модны баянбүрд - Дөш хайрхан - Ногоон цавын хоолой-Хаан тоорой-Эхийн гол - Сэгс цагаан богд - Заан хад - Сэгс цагаан богд Зоопарк  гэсэн аялалын машрут бий болгох.
  2. Эхийн голын баянбүрдэд түшиглэсэн нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын зэрэгцээ, түүх, соёлын өвийг хадгалах, танин мэдэх, зүй зохистой ашиглах зорилготой Эхийн голын баянбүрдэд говийн зургаан гайхамшиг амьтаны “зоо парк” байгуулж /Хустайн нуруу жишгээр/ экологи, биологи, байгаль хамгааллын чиглэлээр хээрийн судалгааны олон улсын төвтэй болох. /ингэснээр Говийн их дархан цаазат газрын нэн ховор мазаалай, улаан чоно, хулан, тахь, аргаль, янгир, хар сүүлт зэрэг ан амьтад бүхий байгалийн үзэсгэлэнт газрыг олон улсын хэмжээнд сурталчлах, дотоод гадаадын жуулчин татах нөхцөл бүрдэнэ/
Хоёр: Дугар зайсан хөшөөт цогцолбор аялал жуулчлалын машрут

     Амарбуянт хийдэд түүх соёл, шашны зан үйл, ёс заншилд тулгуурласан Дугар зайсан хөшөөт цогцолбор байгуулж Баянхонгор аймаг - Хүж хад - Шинэжинст сум - Бичигт ханан /Хадны баялаг сүг зурагтай/- Амарбуянт хийд - Баянцагаан сум - Бөөнцагаан нуур гэсэн аялал жуулчлалын бас нэг машрут бий болгох  боломжтой гэж үзэж байна.

     Бид нутаг орныхоо алдар цуутай хүмүүсийг  бодлогоор алдаршуулж, түүгээрээ дамжуулан хөгжиж буй зарим хот аймгуудын жишгээр Ар халхаас Азид алдаршсан ганц хүн гэгдэх  Дугар зайсангийн түүх домог, алдар гавьяаг олон нийтэд сурталчлан таниулж,  Амарбуянт хийд дээр түүх дурсгалын “хөшөөт цогцолбор” бүтээж, аялал жуулчлалын   бүс байгуулах нь Шинэжинст сумын төдийгүй говийн бүсийн гурван сум, аймгийн төвийн ард иргэдийг ажилтай, орлоготой болгох чухал гарц гэж  боддог.

     1696 оны үед Дугар зайсангийн байгуулсан Амарбуянт хийд нь баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд тухайн үедээ 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятад орос худалдааны 18 пүүстэй Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин гэгдэж байсан байна. Энэ суурин нь тухайн үедээ “Торгоны зам”-тай ойр мөн Хөх Хот, Хархотын туурь, Өрөмч, Ховд, Улиастай хотуудыг холбосон тэмээн жингийн замын гол зангилаа болж байсан нь эл суурины хөгжилд томоохон түлхэц болж байсан  байна.

     1990 оноос ард түмний уламжлалт шашин шүтлэгээ шүтэх эрх нээлттэй болсноор хийдийн туурин дээрхи зарим нэг барилгыг сүсэгтэн олны дэмээр сэргээн ном,  хурал хурж,  байгаа ч зах хязгаар, зам харгуй бэрхшээлтэй байгаагаас шалтгаалан төдийлөн сайн сэргэж чадахгүй байгаа билээ.

     Иймд тус хийдийг орон нутагт үлдсэн түүх дурсгалын томоохон өв хэмээн үзэж, монгол ахуй, зан заншил, түүх соёлын чиглэлээр жуулчдыг татах гол цөм болгон сэргээн босгох зайлшгүй шаардлагатай байна.

     Хоёр чиглэлийн аялал жуулчлалын машруттай болсноор манай суманд аялал жуулчлалын компаниуд түүнийг дагасан буудал цайны газар гэх мэт бизнесийн орчин бий болж, дунджаар 40-60 ажлын байр нэмэгдэж, орлого тэр хирээр өсөж, иргэдийн амьдрал ахуйд  эерэг сайн нөлөөтэй болно. Хийх ажлын төлөвлөгөө судалгааг хийсэн байгаа. Бид боломжинд хэзээд бэлэн байх ёстой шүү дээ. Энэ зорилгын төлөө эв саналаа нэгтгээд, нэгэн зэрэг хөдөлбөөс сумын хөгжил бидний гарт байгааг ойлгож байна.

Баянхонгор аймаг Шинэжинст сумын иргэн Загдаа овогтой Амартүвшин

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Lorraine

 

[46.161.14.99]

 

2017-07-14 00:07:24

Finding this post has ansrweed my prayers



Сэтгэгдэл үлдээх