<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН 30 ХУВЬ НЬ ГАНДУУ, 70 ХУВЬ НЬ ГАНТАЙ БАЙНА

2017-07-20 10:56 637

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр  гандуу болж хуурайшилт ихсэж байна. Улмаар мал малчид ирэх өвөлд зутруу орох эрсдэл үүсч болзошгүй байгаа учир аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тогтоол гаргажээ. Энэ дагуу Засаг дарга түүний тамгын газраас Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар шуурхай зөвлөгөөнийг  энэ сарын 18-ний өдөр хийлээ.


Тус шуурхай зөвлөгөөнд Баянхонгор аймгийн 20 сумын удирдлага болон ХХААГ, УЦУОША, БОАЖГ, Онцгой Байдал зэрэг холбогдох газруудын дарга нар оролцож нутаг байгаль цаг уурын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч цаашид хэрхэх тал дээр санал гаргав.

Баянхонгор аймаг 7-р сарын 16-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь гандуу үлдсэн 70 хувь нь гантай байна. Сүүлийн 10 жилд тохиогоогүй хуурайшилт халалт бүс нутгийн хэмжээнд явагдаж улмаар гол горхи ширгэж зарим томоохон гол мөрнүүд тасарч урсац багассан гэдгийг сумдын удирдлагууд ярьж байна. 


20 сум гантай байгаа ба Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо сумдын малчид зарим аймаг сумдын нутагт отор бэлчээрээр явж байна. Бүх сумдын бэлчээрийн даац 2-3 дахин ихэссэн, цаг зуд хүндэрхээс урьтаж малчид мал махаа ихээр борлуулах хүсэлтэй байгаа аж. Малаа тарга тэвээрэг авхуулах гэж отор нүүдэл хийж яваа малчдыг ойлгож өөрийн бүс нутагруугаа оруулах тал дээр сумд уян хатан хандаж, мал малчдыг хөөж тууж, элдэв татвар татаас нэхэхгүй байхыг аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудад үүрэгдлээ. 


УЦУОША-аас 6-р сард үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулсан ч зуншлага төдийлөн сайжирсангүй. Энэ 7 сард УЦУОША-аас зориудаар үүлэнд нөлөөлөх ажлыг зохион байгуулах бэлтгэл бэлэн байдлыг хангасан ч бороо орох хэмжээний үүл бүрэлдэж өгөхгүй байгааг тус байгууллагын дарга Л.Мандал ярьж байна. Ирэх 8-аар сард олон жилийн дунджаас 1-2 градус нэмж халах төлөвтэй байна. Иймд малчид ард иргэд биеийн байдалдаа анхаарч отор нүүдэл хийх нь зүйтэй юм. УЦУОША-аас ирэх 8, 9-р саруудад 5-6 удаагийн зориудаар бороо оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Мөнхбаатар өвөлжилт хүндэрч мэдэх болохоор өвс тэжээлээ өөрсдийн бололцооны  хэрээр нөөцөлж авах шаардлагыг сум орон нутгаас нь малчиддаа тавиж байх нь зүйтэйг хэлж Онцгой комиссын 20 гишүүнийг тус бүр нэг сум даалган сумдыг хариуцуулах санал гаргасан нь дэмжигдэв.

Баянхонгор аймагт энэ өвөл 5 сая мал өвөлжихөөр байгаа ба өнөөдрийн байдлаар 187,6 тонн өвс, 5,6 тонн тэжээлийн нөөцтэй байна. Гэтэл 1 хонь 1 хоногт дунджаар 1,6 кг өвс ногоо иддэг байна. Жилд гээд бодохоор 580 кг өвс тэжээл иднэ. Өвс тэжээлийн нөөц хүрэлцэхгүй, цагийн байдал хүндэрч болзошгүй, дээрээс нь бэлчээр ногоо энэ зун тааруу гарсан зэрэг нь аймгийн удирдлагуудын санааг зовоож байна. Иймээс Засаг дарга Г.Батжаргал хаяа зэргэлдээ Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудын удирдлагуудтай нүүр тулан уулзаж зарим нутагт нь отор бэлчээрээр малаа оруулж, Булган, Сэлэнгэ зэрэг аймгуудад хадлангийн салаа ажиллуулах хүсэлтийг тавихаар болов.

Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар шуурхай зөвлөгөөн 3 цаг гаруй хугацаанд үргэлжилж үүрэг чиглэл авсан сумдын удирдлага болон холбогдох байгууллагууд наадам өнгөрөөгөөд шуурхайлан ажиллахаар тогтлоо. Манай иргэд малчдын зүгээс ч хэт халалт хуурайшилтыг боломж бололцоогоороо даван туулж  өөрсдийн чадах хэмжээгээрээ өвс хадлан бэлтгэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.


Д.ДЭЛГЭР 


Сэтгэгдэл үлдээх