<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Монгол дахь жендерийн тэгш эрх ба нийгмийн бодит байдал

2017-11-29 15:07 472


“Эрэгтэй хүн алдаа гаргасандаа уучлалт гуйдаг бол эмэгтэй хүн хүчирхэг байгаадаа уучлалт гуйдаг” гэж нэгэн сэтгүүл дээр бичсэн нь эгдүүцлийг минь төрүүлсэн ч нэгийг бодогдууллаа. Учир нь бидний одоогийн хамгийн сайн нь гэж нэрлээд байгаа нийгэм, улс төрийн ардчилсан тогтолцооны онолд ч, хүмүүсийн аж төрөх ёсонд ч эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал зөрчигдөж байдгийг нуух юун. Ялангуяа эмэгтэйчүүд бид өөрсдөө энэ байдалтай эвлэрэх эрх байхгүй. Учир нь эвлэрэх үүдийг бид нээлттэйгээр нь үлдээж, эвсэн суугаад байвал мөнхийн асуудалтай сэдэв байсаар байх болно. Иймээс энэ ойлголтын эсрэг эмэгтэйчүүд бид юу хийж чадах вэ? Өөрсдийгөө яаж өөрчлөх, зөв таниулах, өөрийнхөө хүчирхэг байгааг нийгэмд мэдрүүлэх, хүндлэл хүлээх талаас нь бодож энэхүү эссэгээ бичлээ. Мөн яагаад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд байр суурь, оролцоо нь бага байна вэ? Яагаад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөөд байна вэ? Яагаад эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил эрхээ тэгш эдэлж болохгүй байна вэ? гээд олон асуултын цаана нэг л утга байдаг. Мэдээж энэ бол жендерийн асуудал. Тэгвэл жендер, жендерийн тэгш эрх гэж юу вэ? Жендерийн тэгш бус байдлын шалтгаан юу вэ (Монгол улсад)? Гарах гарц байна уу? зэрэг асуултанд хариулт өгөхийг хичээлээ.

Жендер, жендерийн тэгш эрх гэж юу вэ?

Жендер гэдэг үг ч хөгжлийн түүхэндээ хэрхэн хэрэглэгдэж ирсэн нь сонирхолтой байдаг. Жендер нь англи хэлний gendre, латин хэлний genus гэсэн үгнээс гаралтай бөгөөд ихэнхи утга нь төрөл, анги, янз, хэв маяг зэрэг утга агуулдаг. Ер нь XIV зуунаас хойш л жендер гэдэг үг эмэгтэй, эрэгтэй хүйсийн тэгш эрхийн агуулгаар ашиглагдаж эхэлжээ. Гэхдээ энэ үгийн хэрэглээ бөгөөд одоогийн жендерийн утгыг агуулах талаар багагүй саад учирч байсныг судлаачид дурьдсан байдаг. Магадгүй энэ нь хүйсийн тэгш эрхийн асуудал өөрөө асуудалтай тулгардаг байсны гэрч биз ээ. Тухайлбал “1900 он гэхэд энэ үгийн хэрэглээ нэлээд тоглоом шоглоомоор хар ярианы харилцаанд хэрэглэгдэж байжээ. Тэр ч байтугай 1926 онд Павловын орчин үеийн англи хэлний хэрэглээ номонд жендер бол зөвхөн хэл зүйн дүрмийн санд ашиглагдах үг болно гэж гарчээ. Мөн жендерийн өөр утга нь хүмүүсийн ярьдаг тэрхүү эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сексийн утгыг хар ярианд хэрглэгддэг бүдүүлэг хэллэг мэтээр бичжээ. Харин Аристотелийн үзсэнээр Грекийн философич Протагораас анхлан хэл зүйн дүрмийн нэр үгсийн аймагт жендерийг эр үг, эм үг, саармаг гэсэн хүйсийн утгаар нь оруулж ирсэн байна.

Чухамдаа 1950-аад оноос л нийгмийн шинжлэх ухааны зарим салбаруудад жендерийн тухай хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд 1980 он гэхэд жендер гэдэг үгийн хэрэглээ биологийн категорит хэрэглэхээсээ илүүтэйгээр нийгмийн ухаанд илүү хэрэглэгдэж, басхүү нийгмийн шинжлэх ухааны нээлтийг ч нэгээр нэмж байгаа юм.”[1]

Жендер нь цаг хугацаа, орон зай хүрээлэн буй орчин, түүнчлэн эрх мэдэл, улс төрийн харилцаанаас үүдэн өөрчлөгдөж байдаг.

“Харин жендерийн тэгш эрх гэдэг нь эрэгтэй, эмэгтэйчүүд хоёуланд нь ялгаварлалгүй байх үйл явцыг хэлдэг. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг тэтгэн дэмжиж байдаг нийгмийн тогтолцооны нөлөөг тэнцвэржүүлэх замаар аль болох ялгаварлалгүй эрх тэгш байдлыг хангах явдлыг эрмэлздэг. Харин үүний эсрэг үзэгдэл нь жендерийн тэгш бус байдал гэж хэлж болно. Тэгш эрх нь эрх тэгш байдлын үндэс болдог. Жендерийн эрх тэгш байдал гэж хүйсийн шинжээр ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоосны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн амьдралын бүхий л хүрээний үйл ажиллагаанд эрх тэгш оролцож, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын үр шимээс тэгш хүртэж, үүрэг хариуцлагыг тэгш хүлээх явдал. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, тэднийг эрх тэгш үнэ цэнэтэй байлгахыг хэлнэ."[2] Тиймээ үүнийг л бид хүсдэг.

Жендерийн тэгш бус байдлын шалтгаан юу вэ? (Монгол улсад)

“ Эмэгтэйчүүд нь эрчтэй, хүчтэй, идэвхитэй байна гэдэг нь ардчилал амжилттай хөгжиж байгаа улс гэсэн үг”.[3] Хэрвээ эмэгтэйчүүдийн оролцоо байхгүй бол бодлого, шийдвэрт тэдгээрийн бодол, санааг бүрэн тусгахад бэрхшээл учирч төрийн бодлогын ихээхэн хэсэгт цоорхойтой байна гэсэн үг. Энэхүү бодит жишээ нь өнөөдөр Монголд өрнөж байгаа улс төрийн үйл явц бэлхэнээ харуулж байна. Үүний тод жишээ жендерийн эрх мэдлийн хэмжүүр 0.42 байгаа нь эдийн засаг, улс төрийн хүрээ болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг илэрхийлнэ. Мөн хүний хөгжлийн илтгэл (ХХИ) нь хүний хөгжлийн ерөнхий түвшин, төлөв байдлыг илэрхийлдэг. Түүний зэрэгцээ жендерийн тэгш байдлыг хэрхэн хангаж буйг судлах зорилгоор бие даасан хоёр өөр индексийг ашигладаг. Үүний нэг нь ж:ендерийн хөгжлийн индекс юм (ЖХИ). Уг индексийн шалгуур үзүүлэлтүүд нь ХХИ-ийг тооцдог гурван үндсэн үзүүлэлттэй ижил бөгөөд ялгаа нь гэвэл эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулан судлах боломж олгодгоороо онцлогтой. Хоёрдахь нь эмэгтэй хүний нийгэмд эзэлж буй байр суурийг эрэгтэй хүнтэй харьцуулан илэрхийлдэг жендерийн эрх мэдлийн хэмжүүр (ЖЭМХ) юм. Монгол улс бусад орнуудтай харьцуулахад ЖХИ-ээр 136 орноос 87-р байр, ЖЭМХ-ээр 76 орноос 65-р байрт тус тус орсныг Дэлхийн хүний хөгжлийн 2006 оны илтгэлд дурдсан байна.

Жендерийн тэгш бус байдал илэрч буй гол талбарыг эдийн засгийн институт хэмээн үздэг. Өнөөгийн байдлаар эдийн засаг дахь жендерийн тэгш бус байдлыг, адил бус боломжийг (цалин хөлс олох) бий болгож буй олон хэмжүүрээр судлан үзэж байна.

1. Хөдөлмөр эрхлэх боломжийн хувьд жендерийн ялгаа байна.

Эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтийн оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс доогуур байна. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эрэгтэйчүүдийн өрх гэрээс гадуур хөлстэй хөдөлмөр эрхлэлт өссөнөөр, эмэгтэйчүүд голлон өрхийн хөдөлмөр эрхлэх болсноор хөдөлмөр эрхлэлт дэх жендерийн ялгаа үүссэн гэдэг. Судалгаанаас харахад нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь, оролцоо, ажил эрхлэлтийг аваад үзэхээр ихэнхи нь үйлчилгээний болоод үйлдвэрлэлийн шинжтэй бүтээлч ажлын талбарт ажилладаг байна. Үнэндээ эрэгтэйчүүдийг бодвол илүү нягт нямбай гэж тайлбар хэлэх боловч чухамдаа эмэгтэйчүүд бол эрчүүдийн хамгийн найдвартай гүйцэтгэгч болоод байгаа юм. “2006 онд боловсролын салбарт ажиллагчдын 68% нь эмэгтэйчүүд байсан хэдий ч сургуулийн захирлуудын дийлэнхи нь эрэгтэйчүүд байжээ.”[5]

2. Ажил мэргэжлийн жендерийн тусгаарлалт

Хөдөлмөрийн зах зээлийн бүхий л салбар, ажил мэргэжилд хөндлөн болон босоо чиглэлийн тусгаарлагдсан шинж нь жендерийн тэгш бус байдлыг илэрхийлж байна. Учир нь хөдөлмөрийн төрөл хэлбэрүүд нь нийгмийн нэр хүнд, эрх мэдэл, цалин хөлсний хувьд ялгаатай бөгөөд өндөр нэр хүнд, эрх мэдэл, орлого бүхий хөдөлмөрийн төрөл хэлбэрийг эрэгтэйчүүд эрхлэх болж, эмэгтэйчүүд эдгээр төрлөөс шахагдсан байна.

3. Хөдөлмөрийн хөлсний жендерийн ялгаа

Хөдөлмөрөөс хүртэх үр ашиг буюу цалин хөлсний жендерийн тэгш бус байдал бодитой оршин байна. Ижил ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд адил цалин хөлс авах тухай олон улсын конвенцид дэлхийн улс орнуудын дийлэнх нь нэгдэн орсон. Гэвч цалин хөлс өндөртэй ажлын байранд эмэгтэйчүүд ажиллах боломж бага хэвээр байна. Жишээлбэл: “Мэдээлэл олдож буй эдийн засгийн салбарыг судлан үзвэл банкны салбарын 12 эмэгтэй ня-бо нарын 4 нь, даатгалын газрын 10 эмэгтэй программистын 4 нь, 12 эмэгтэй багшийн 5 нь, 10 эмэгтэй ажилчны 6 нь, 11 эмэгтэй сувилагч нарын 4 нь, 6 эмэгтэй гагнуурчны 2 нь л эрэгтэйчүүдийн цалинтай адил цалин хөлс авсан байна.”[6]

4. Хөдөлмөрийн нөхцөл, агуулга, аюулгүй, эрсдэлгүй хөдөлмөрийн төрлүүд

Ажлын тогтвор суурьшил, нийгмийн хамгааллаар хамгаалагдсан байдал, ажлын цаг, ажлын эрчимт байдал, эрсдэл, албан тушаал ахих боломж зэргээр эрэгтэй, эмэгтэйчүүд адил бус байна. Харин эмэгтэйчүүд эрчүүдийн адил ажил эрхлэлтийн боломж, нөхцөл, гавъяа шагналд хүрэхийн тулд зарим зүйлээсээ татгалзахад хүрдэг. Энэ нь эцэстээ далд байдлаар эмэгтэйчүүдийг дараах зүйлд хүргэж байна. / Аборт ихсэх, хожуу төрөх, цөөн хүүхэд гаргах, гэрлэхгүй байх зэрэг /. Энэ нь амьдралын процессоо эвдэн байж эрчүүдийн адил амжилт гаргах гэсэн оролдлогууд юм. Тиймээс үүнийг даван туулахын тулд нэгэнт байгаа ялгаатай байдлыг харгалзан үзсэн тусгай зохицуулалтыг шаардах хэрэгтэй.

5. Боловсрол, эрүүл мэнд зэрэг суурь үйлчилгээг хүртэх байдлаар ялгаатай байна.

6. Газар болон өмч эзэмших, зээл авах, бизнес эрхлэх зэргээр баялгийг
эзэмших боломжийн хувьд ялгаа байна

Нөхөр буюу эр хүний нэр дээр бүхий л хөрөнгө, баялаг бүртгэгдэж байгаа нь үүнийг нөхцөлдүүлдэг хэмээн судлаачид үздэг. Энэ нь эцгийн эрхэт ёсны бүтэц оршин байгаагийн үр дүн гэж хэлж болно.

7. Эрх мэдэлтэй байх буюу шийдвэр гаргах үйл явцад оролцох байдлаараа
эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил бус.

Эмэгтэйчүүд эрх ашгаа хөндсөн шийдвэр гаргах үйл явцын гадна үлдсэн хэвээр байна. “Өнөөдөр 254 хүн Парламентын тэргүүнээр ажиллаж байгаагийн 19 нь эмэгтэй байгаа ба 198 улс орны зөвхөн 11 улс нь эмэгтэй ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай байна.”[7] Хаана ч тэр аливаа асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл явцад эрчүүд голлож, түүний хүнд хүчрийг голлон нугалах хүч нь эмэгтэйчүүд болоод байна. Гэтэл тэрхүү ажлын ач гавъяа эрчүүдээр тодорч, эмэгтэйчүүдийн бүтээлч ажиллагаа нь хүний нүдэнд бага тусч, эрчүүдийнхээс ч багаар үнэлэгддэг.

8. Өрхийн гаднах болон доторхи орлогын хуваарилалтанд бас ялгаа байна. Энэ бүхний хамгийн гол тусгал, илрэл нь ядууралд эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг. Монгол улсын нийт ядуу өрхийн 43.8% нь эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй байхад 34.8% нь эрэгтэй тэргүүлэгчтэй байв.

“Ядуурлын хамралтын хүрээ”[8] Өрхийн тэргүүлэгчийн хүйс, байршлаар, Монгол улс, 2002-2003
Эрэгтэй Эмэгтэй
Хот 27.9 41.6
Хөдөө 42.8 48.4
Улсын дундаж 34.8 43.8

9. Нөхөн үржихүйн үйл ажиллагаа

Энэ үйл ажиллагааны төрөлд гэр бүлийн гишүүдээ халамжлах, хоол унд хийх, угаах, цэвэрлэх, хүүхэд төрүүлж асрах, халамжлах, гэр орон сууцтай болох ажлууд багтана. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэснээр цалин хөлс авдаггүйн дээр чухал гэж тооцогдохгүйгээр үл барам байдаг л зүйл гэж ханддаг.

Жендерийн тэгш бус байдлаас гарах арга замууд

- Эхний ээлжинд бүх мэдээ мэдээллийг хүйсээр ялгаж, төлөвлөлт үнэлгээ хийхдээ хүйсийн талаас нь задлан шинжилж, аливаа ялгаа, эрх тэгш байдлыг олж тогтоож байх

- Хөдөлмөр эрхлэх, цаашид өсөн тэлэх бололцоотой салбарт эмэгтэйчүүдийг ажиллуулахад чиглэсэн сургалт явуулах зэргээр тодорхой мэргэжилтэй холбоотой жендерийн талаарх тогтсон төсөөллийг өөрчлөх

- Ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль тогтоомж хэрэгжүүлэх

- Эмэгтэйчүүдийг ажлын байран дээр дарамтлахтай холбоотой асуудлыг шийдэх талаар мэдлэг олгох нөлөөллийн ажил явуулах

- Засгийн газрын эдийн засгийн бодлого хөтөлбөрт жендерийн талаас нь дүн шинжилгээ хийж хяналт тавих ур чадвар бий болгох

- Ижил тэгш эрхтэй, боломж бололцоотой, ижил түвшний ажил эрхлэхэд адил хэмжээний цалин урамшуулал авах, шийдвэр гаргах түвшний болон удирдах албан тушаалын ажилд эмэгтэйчүүдийг дэвшүүлэн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах

- Эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор өргөжиж буй санхүү, уул уурхайн салбар болон төрийн албаны шинээр бий болж буй өндөр цалинтай ажлын байранд эмэгтэйчүүд илүүтэйгээр ажиллах боломж, бололцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах

- Хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх явдлыг хүчтэй болгож ажил олгогчид ялгаварлан гадуурхаж байгаа тохиолдолд энэ талаар мэдээлэх, гомдол гаргахдаа эмэгтэйчүүд эрх зүйн туслалцаа хялбархан авах явдлыг хангах хэрэгтэй

- Эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг саад бэрхшээлүүдийг даван туулж илүү сайн ажилтай, ирээдүйтэй, хүүхэд төрүүлсэн бол асрах талаар илүү сайн заалт бий болгох болон урт хугацаагаар ажилгүй байгаа эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд ясли, цэцэрлэгийг байгуулах зэргээр дэмжсэн арга хэмжээ авах

- Мөн “Мянганы хөгжлийн зорилт”[9]-доо 3 дахь зорилгоо: хүйсийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэж авч үзэн 6 дахь зорилтоо: /2005 онд бага болон дунд боловсрол эзэмшигчдийн дунд, 2015 он гэхэд бүх шатны боловсролын түвшинд хүйсийн ялгааг арилгах. Үүнд: 

Зорилт
Бага, ерөнхий, дээд боловсрол эзэмшиж байгаа охид, хөвгүүдийн харьцаа. 1.00
ХААс бусад салбарт цалинтай ажил эрхэлж буй хүн амын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50.00 Үндэсний парламентад сонгогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30.00
Үндэсний парламентад нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь 35.00 /
эдгээрийг болгосон байна.

Энэ бүхнээс үзэхэд мэдлэг, баялаг, хүч чадал нь нийгмийн гишүүдийн эдийн засгийн тэгш бус байдалтай шууд хамааралтай байж ирсэн нь харагдаж байна. Тиймээс хуучин нийгмээс улбаатай эдийн засгийн бүхий л мэдэл эрчүүдэд төвлөрч, хувьчлал, зах зээлд шилжих үйл явц дунд эрчүүд маань л баялаг хуримтлуулж, түүний үр дүнд тэд асар их эрх мэдэлтэй болж жендерийн тэгш бус байдлын суурь нь болж өгсөн гэж хэлж болохоор байна. Дээр бичсэн зүйлсээ нэг өгүүлбэрт багцлан үзвэл эмэгтэй, эрэгтэй хүмүүс адил тэгш эрх эдэлсэн нийгмийг байгуулахад эмэгтэйчүүдэд эрх мэдэл, бие даасан байдлыг олгох явдал нэн чухал гэж ойлгож болно. Тиймээс ч орчин үеийн жендерийн судалгааны тулгуур болсон боловсролтой хэсэг болох боловсролын салбарт ажиллаж буй та бүхэн эмэгтэйчүүд давамгайлсан давуу талаа ашиглан уламжлалт, домгийн шинж бүхий жендерийн асуудлыг эрс шүүмжлэн, нийгмийн хөгжил цэцэглэлтэнд оруулах хувь нэмрээ улам хүчтэй болгож “нийгмийн тогтсон дизайн”-ийг өөрчлөх боломжтой юм.

“Ардчилсан орнуудад тэгш байдалд дуртай байх нь эрх чөлөөнд
дуртай байхаас илүү эрхэм болжээ”

Сэтгэгдэл үлдээх