<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Д.ГЭРЭЛЭЭ: МАЛЧИД БИДНЭЭС ӨВЛИЙН ДӨРВӨН САРААС БУСАД ҮЕД ГЭР ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛУУЛАХЫГ ХҮССЭН

2017-10-20 09:09 1233


Бууцагаан сумын “Гэрэл” цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлээтэй уулзаж ярилцлаа. Тэрээр тус цэцэрлэгийн эрхлэгчээр 1999 оноос хойш тасралтгүй ажиллаж буй туршлагатай эрхлэгч нарын нэг. Өнгөрсөн зун тус цэцэрлэгийн хамт олон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нүүдлийн гэр цэцэрлэг гаргаж ажилласан нь малчдын талархлыг хүлээжээ.

Та СӨБ-ын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

1995 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийг сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлал мэргэжлээр төгсч ирээд тухайн үед бага ангийн багшийн дутагдалтай байсан тул дөрвөн жил бага ангийн багшаар ажилласан.  Дараа нь мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай болж энэ цэцэрлэгтээ эрхлэгчээр ажилласан даа. Цэцэрлэгийн эрхлэгчээр 18 дахь жилдээ, боловсролын салбарт 22 жил ажиллаж байна.


Танай сумын цэцэрлэг бусад сумдаас барилга байгууламж, үйл ажиллагаараа ялгардаг. Одоогийн үйл ажиллагааны талаар та манай уншигчдад танилцуулаач?

Манай сум нийслэлээс 800 гаруй км алслагдмал. Гэхдээ аймагтаа томоохонд орох сумын нэг. Манай сумын цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 351. Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгт долоон бүлэгт 200 орчим хүүхэд хамрагдаж байна. Хөдөөгийн сумдад долоон бүлэгтэй томоохон цэцэрлэг манай сумаас өөр газар байхгүй. Зундаа бид цэцэрлэгт хамрагдаагүй малчдын хүүхдүүдэд зориулан нүүдлийн гэр цэцэрлэг, ээлжийн бүлэг, явуулын багшийн сургалтаар хамран сургалтаа 98 хувьд хүргэж ажилладаг. Бидний нэг онцлог нь малчдынхаа хүүхдүүдийг СӨБ-д хамруулахыг зорьдог явдал. Тухайлбал, манай цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь малчдын хүүхдүүд.

Манайх сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь нөхцөл байдалд тулгуурлана гэсэн онолыг сургалтдаа баримтлахын зэрэгцээ ардын уламжлалт ёс, зан заншлыг таниулж байна. Нөгөө талаар энэхүү онол, арга зүйг хүүхдүүдэд эзэмшүүлэхдээ мэргэжлийн багш, хамт олноор үйл ажиллагааг явуулдаг. Манайх одоогийн байдлаар 30 орчим орон тооны албан хаагчтайгаар ажиллаж байна.

Шинэ сум төсөл манай суманд хэрэгжиж, бид 150 хүүхдийн ортой шинэ барилгадаа үйл ажиллагаа явуулах болсон. Энэ байр маань төвлөрсөн халаалтын системтэй, цэвэр, бохир устай, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан барилга юм.


Өнгөрсөн зун малчдын хүүхдүүдэд зориулж гаргасан гэр цэцэрлэг үр дүнгээ өгсөн үү. Энд тулгамдсан бэрхшээл байсан уу?

Хувилбар сургалтыг зохион байгуулж, алслагдмал багийн малчдын хүүхдүүдийг гэр цэцэрлэгт хамруулахад тухайн үед ажиллаж буй багш, ажилчдын нөхцөл,  шатахууны зардал гээд хүндрэлтэй асуудлууд гардаг. Ялангуяа 2017 онд гарсан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу малчдын ид ачааллын үеэр буюу гуравдугаар сараас эхлэн 24 цагийн гэр цэцэрлэгийг гаргаж ажиллуулахд тодорхой асуудал үүсч байлаа. Бид Нарангийн тавдугаар багт цэцэрлэгээ ажиллуулсан. Хамгийн хол нь 70 км-ын цаанаас хүүхдээ авчирч байсан. Даваа гаригт цэцэрлэгтээ ирээд баасан гаригт гэртээ харидаг. Гал тогооны нэг, хичээлийн нэг гэртэйгээр хоёр сарын хугацаанд ажилуулсан. Үр дүнд малчдын хүүхдүүд маань нийгэмших, аливааг танин мэдэх, төлөвших тал дээр асар их дэвшил гарсан гэдгийг малчид бидэнд хэлж талархаж байлаа. 24 цаг ажиллуулсан учраас эмч, арга зүйч, тогооч гээд таван хүний бүрэлдэхүүнтэй гаграх шаардлагатай байсан. Нөгөө талаар гэр маань өөрөө бага насны хүүхдүүдэд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нь харагдсан. Байгаль, цаг уурын гэнэтийн өөрчлөлтийн үед хүндрэл дагуулдаг юм билээ. Тиймээс цаашдаа тухайн багийн төвд нэг өрөөг хувилбарт сургалтад хамруулах хүүхдийнхээ тоонд хамааруулан сонгож бэлтгэх шаардлагатай юм билээ.

Энэ дагуу Нарангийн тавдугаар багийн ИНХ-аар багийн төвийн нэг байрыг засч тохижуулж цэцэрлэг ажиллуулая гэж тохиролцсон. Малчдын хувьд өвлийн дөрвөн сараас бусад үед цэцэрлэг ажилуулах шаардлагатай байна гэдэг хүсэлтийг гаргасан.  Тиймээс цаашид ажиллуулахдаа аймаг орон нутгаас тухайн багийн цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай. Улсаас хувилбарт сургалтад зориулан төсөв хуваарилдаг. Гэтэл зуны цэцэрлэгт тоглоом, цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийн дутагдалтай байна. Мөн хүүхдүүдээ хүргэж ирэхдээ нэг мотоцикльд 3-5 хүүхэд сундалдаж ирдэг нь аюултай байсан.

Та олон жил хамт олон удирдаж, энэ цэцэрлэгийн өнгө төрхийг тодорхойлж ирсэн байна. Таны ажилдаа баримталдаг арга барил юу вэ?

Анх ажилд орох үед нэг бүлэгт 3-8 насны 15 хүүхэдтэй цэцэрлэгийг хүлээж авч байлаа. Энэ хугацаанд хамгийн тулгамдсан асуудал нь мэргэжлийн боловсон хүчнээр хангах явдал байсан. Тэр утгаараа 2000 оноос өнөөг хүртэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Багш нараа заримыг нь өдрөөр, заримыг нь хөрвөхөөр ажилуулж явсаар энэ жилээс бүх багш нар маань мэргэжлийнх болж байна. Арав гаруй багш манайд ажилладаг. Долоон бүлгийн багш, дуу хөгжим, биеийн тамирын багш, арга зүйч, эмч гээд мэргэжлийн баг, хамт олон ажиллаж байна. Бид багш нараа хурдан бэлтгэж авахын тулд бага ангийн, монгол хэлний зэрэг мэргэжлээр төгсч ирсэн атлаа тухайн мэргэжилд орон тоо байхгүй байсан хүмүүсийг хөрвөх байдлаар бэлтгэж, цэцэрлэгийн багш болгож ажилд авсан.


Цэцэрлэгийн сургалтын чанарт та бүхэн хэрхэн анхаарч байна вэ. Эцэг эхчүүдийн оролцоог яаж хангадаг вэ?

Хуулиараа эцэг эхчүүдтэй гэрээ байгуулах ёстой. Энэ дагуу хичээлийн жилийн эхэнд бүх эцэг эхтэй гэрээ байгуулж, тэдний эрх, үүргийг нарийн таниулж өгдөг. Гэрээ хийх явцад цэцэрлэгийн боломжтой зүйлсээ тооцоолж, эцэг эхээс дэмжлэгээ авдаг. Манай эцэг эхчүүд 2014 онд цэцэрлэгийн орчноо камержуулсан. Өнгөрсөн жил хүүхдийг хүмүүжүүлж, хөгжүүлэхэд телевизор, CD тоглуулагч чухал байсан учраас бүх ангиа телевизтэй болгосон. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн тохижилтод дэмжлэг үзүүлээч гэсэн байдлаар эцэг эхтэй гэрээ байгуулахдаа тохиролцсон. Яамнаас манайд зөвхөн ширээ сандлын төсвийг гаргаж өгдөг. Тиймээс аймгийн Засаг дарга, төсөл хөтөлбөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр тоглоом, зөөлөн эдлэлийн шинэчлэлийг шат дараатай хийж байна.

Сургалтын чанарын тухайд бүх ангийнхаа хөгжүүлэх үйл ажиллагаанд багаар хамтран ажиллаж, бүлэг тус бүр дээр суудаг. Нэгэнт хийгдсэн арга хэмжээ, сургалтын үйл ажиллагааны дараа эцэг эхчүүддээ тайлагнаж, тэдний санал хүсэлтийг тусгадаг учраас багш нарын ур чадварт сайнаар нөлөөлдөг. Өнгөрсөн жил хүүхэд нэг бүрийг хөгжүүлсэн гэсэн дүгнэлт бэлтгэл ангийн төгсөгч нарт гарсан нь сайшаалтай юм. Хүүхэд нэг бүрт үйл ажиллагаа, суралцах үйл явцын туршид хийсэн хичээл, даалгаврыг багтаасан хавтасыг нээж, хичээлийн жилийн төгсгөлд эцэг эхчүүдээс үнэлгээ авдаг. Эндээс тухайн багшийн үнэлгээ гарч ирдэг учраас манай үнэлгээний систем бодитой гардаг.

Танай цэцэрлэг туслах аж ахуйг эрхэлж, үйл ажиллагаандаа нэмэрлэж байна уу?

Манайх өмнө нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг байсан. Гэвч хуулийн холбогдох заалтын дагуу төрийн байгууллага үйл ажиллагаа эрхлэх боломж нь хумигдсан. Гэхдээ малчид маань мал махаа зах зээлийн ханшаас хямдаар өгөх, сүү цагаан идээгээ бидэнд хөнгөлөлттэй нийлүүлэх гээд тус дэм болдог.

 П.САНААДАГВА

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Udval

 

[202.70.46.219]

 

2017-10-26 03:10:56

Hi ta mundag erhlegch shuu bas udirdah menjment sait ajliin amjilt husye.


Densmaa

 

[112.72.11.114]

 

2017-10-25 02:10:33

Ta bol mundag udirdagch shv hamt olondo ulam ihiig hiij bvteehed ni amjilt hvsie


Baby baby

 

[27.123.212.141]

 

2017-10-24 13:10:01

Hudulmurch buteelch hamt olond ulam ih amjilt husye. Ta nar ulsiin terguunii tsetserleg shuu


Nutgiin huu

 

[182.251.252.19]

 

2017-10-21 09:10:05

Hicheegeerei



Сэтгэгдэл үлдээх