<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Цахилгаан халаагуурын үнэ 100 мянгаас 2 сая төгрөгийн хооронд байна

2018-12-22 14:20 949

Агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Баянхонгор аймгаас сүүлийн 2 жилийн хугацаанд суурь судалгаа, бусад ажлуудыг төлөвлөн хийсний үр дүнд өнөөдөр баянхонгор аймгийн 4500 гаруй айл өрх 2 тарифт тоолуурт холбогдоод байгаа юм. Эдгээр өрхийн түүхий нүүрсний хэрэглээг халж цахилгааны хэрэглээнд шилжүүлэх ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 


Баянхонгор аймгийн хувьд агаарын бохирдол хамгийн ихтэй аймгуудын нэгт тооцогдоод байгаа бөгөөд Баянхонгор суманд ажиллаж амьдарч буй иргэд, энд өсөн бойжиж буй хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн зүгээс тодорхой бодлого гарган орон нутгийн төсөв, зарим ААН-ийн хандив дэмжлэгээр 200 сая төгрөгийг цахилгаан халаагуурын хөнгөлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн билээ.

Өөрөөр хэлбэл эдгээр 2 тарифт тоолуурт холбогдсон 4500 гаруй айл өрхийг цахилгаан халаагуур тавиулахад нь үнийн дүн дээр тус бүр 50,000-ийн хөнгөлөлтийг аймаг орон нутгаас үзүүлж иргэддээ дэмжлэг үзүүлж байгаа юм.


Өнөөдөр албан ёсоор эхэлж буй цахилгаан халаагуурын үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотоос дулааны 10 орчим ААН оролцож байна.

Цахилгаан халаагуурын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг даргын орлогч бөгөөд тус үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Б.Батсуурь, Баянхонгор сумын Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Хаан, Хас, Төрийн болон Голомт банкны салбарын захирлууд оролцож төрөөс тухайлан иргэдийнхээ эрүүл аюулгүй байдалд анхаарч хийж буй бодлогын энэ ажил арга хэмжээнд иргэдийгээ зөвийг дэмжин идэвхтэй оролцохыг уриалж тус үйл ажиллагаанд өөр өөрсдийн байгууллагууд хэрхэн хамтарч оролцож, хэрхэх талаар тодорхой мэдээлэл өглөө.


Энэ үеэр аймгийн ХДТ-ын дарга Б.Пүрэвдагва аймаг орон нутгаа утаагүй болгох зорилгоор хийж буй тус ажил арга хэмжээг дэмжиж өөрийн байгууллагын гэр хороололд амьдардаг 40 гаруй албан хаагчиддаа цахилгаан халаагуур авахад нь үнийн дүнд аймгаас үзүүлж буй 50,000 төгрөгийн хөнгөлөлт дээр байгууллагын зүгээс албан хаагч тус бүрд нь нэмж 30,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх болсоноо зарлаж бусад ААН, байгууллагуудыг хамт олныхоо эрүүл мэндийг ийнхүү дэмжэхийг уриаллаа.

Иргэн та бэлэн болон бэлэн бус хэлбэрээр худалдан авалт хийж болно. Энэ нь бүх банкны урьдчилгаа төлбөргүй зээлд хамрагдан дурын цахилгаан халаагуурыг авах боломжтой гэсэн үг юм.

Үзэсгэлэнд 100,000₮ - 2,000,000 сая төгрөгийн үнэтэй цахилгаан халаагуурууд ирсэн ба үнэ ямар байхаас үл харгалзан мөн бэлнээр болон зээлээр худалдан авсан эсэх үл харгалзан нэг өрхөд 50,000 төгрөгийн хөнгөлөлтийг аймаг орон нутаг жигд үзүүлээд явчих юм.


Уг үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, “Баянхонгор-Эрчим хүч” ХХК нар хамтран явуулж буй бөгөөд эрчим хүчний зүгээс цахилгааны аюулгүй ажиллагаа, холболт, зөвлөгөө мэдээлэл, ЗДТГ-ын ХОХБТХ-ээс бүртгэл мэдээлэл, данс хүлээж авах, банкуудаас цахилгаан халаагуурын зээл, хувь хэмжээг тодорхойлж гэрээ байгуулах зэргээр газар дээр нь нэг цэгийн үйлчилгээг бүрэн өгч ажиллаж байна.


Сэтгэгдэл үлдээх