<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХУУЛИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨР БОЛНО

2017-11-07 11:54 612

Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ээс “ИРГЭН ТАНЫ МЭДЛЭГТ-2” сэдэвт сургалтыг энэ долоо хоногт хуваарийн дагуу дөрөв хоногийн хугацаанд аймгийн захиргааны болон хотын захиргааны хурлын танхимд тус бүр зохион байгуулж байна.

Тус сургалтаар Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, шүүхэд мэдүүлэх эрх зэрэг багц сэдвүүдийн хүрээнд тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд мэдлэг олгож байгаа юм.

Мөн аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ээс санаачлан хууль сахиулах байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ӨДӨР” арга хэмжээг 11-р сарын 10-ны өдрийн 10:00-13:00 цагийн хооронд Төрийн банкны төв байр болон ХААН банкны төв байранд зохион байгуулах аж. Энэ үеэр иргэдэд хуулийн байгууллагуудын мэдээ мэдээллийг өгч танилцуулга хийхийн зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Нээлттэй өдөр арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль зүйн туслалцааны төвийн Баянхонгор аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны салбар, Монголын хуульчдын холбооны салбар зэрэг байгууллагууд оролцоно.


Сэтгэгдэл үлдээх